
ХХБ Хөрөнгө оруулалт, худалдааны газартай хамтран Монгол Улс болон Бүгд Найрамдах Франц Улсын хооронд худалдаа, санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Bpifrance банктай бизнесийн хамтын ажиллагааны боломжууд” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр ХХБ болон Францын төрийн өмчит хөгжлийн санхүүгийн байгууллага болох Bpifrance банкнаас санхүүжилтийн боломжууд, хамтын ажиллагааны чиглэл, дэмжлэгийн механизмын талаар танилцуулж, Францын компани, нийлүүлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой манай улсын аж ахуйн нэгжүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм.

Тухайлбал, тус арга хэмжээнд Bpifrance банкны Ази, Номхон далайн бүс хариуцсан ахлах зөвлөх хатагтай Солен д’Алкантара “Франц–Монголын бизнесийн хамтын ажиллагааг дэмжих нь” сэдвээр илтгэл тавьж, Bpifrance-ийн санхүүжилтийн бүтэц, шийдлүүдийн талаар танилцууллаа. Мөн ХХБ-ны Олон улсын банкны газрын захирал О.Баярсайхан “Экспортын зээлийн агентлагийн санхүүжилт” сэдвээр илтгэл тавьж, уг санхүүжилтийн давуу тал, богино хугацаат санхүүжилттэй харьцуулсан онцлог, харилцагчдад тулгардаг нийтлэг асуудлуудыг хэрхэн зөв бүтэцжүүлэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгсөн юм.

ХХБ гадаад төлбөр тооцооны зах зээлийн 31 хувийг, худалдааны санхүүжилтийн Европын холбооны бүс рүү чиглэсэн зах зээлийн 44 хувийг дангаар гүйцэтгэдэг. Харилцагч та Экспортын зээлийн агентлагийн санхүүжилтээр 7–18 жилийн хугацаатай, гадаадын засгийн газрын баталгаатай эх үүсвэрээр тоног төхөөрөмж худалдан авах төсөл хэрэгжүүлэх талаар сонирхож байгаа бол ХХБ-ны олон улсын банкны газартай холбогдон гадаад эх үүсвэрийн талаар мэргэжлийн зөвлөгөө аваарай.
Бид цаашид ч дэлхийн 300 гаруй банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, худалдааны санхүүжилтийн үйлчилгээг улсынхаа тэргүүлэх аж ахуйн нэгжүүдэд хурдан шуурхай, таатай нөхцөлөөр хүргэсээр байх болно.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК