
ХХБ нь Өвөр Монголын банк (Bank of Inner Mongolia)-тай 14 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Энэ удаа тус банктай хамтран “Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд зориулсан банк-аж ахуйн хуйн нэгжийн хамтын ажиллагааны уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж буй энэ үед хил дамнасан санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудал, хэрэгцээ шаардлагыг хэлэлцэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулсан юм.
Арга хэмжээний үеэр ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч нээлтийн үг хэлэхдээ хоёр банкны олон жилийн үр бүтээлтэй хамтын ажиллагаа нь хоёр улсын бизнес, хөрөнгө оруулалтын урсгалыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг дурдав. Түүнчлэн ХХБ нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй тэргүүлэгч санхүүгийн байгууллагуудын нэг болохыг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагаанд оролцогч талуудад талархал илэрхийллээ.
Мөн ХХБ-ны олон улсын газрын захирал О.Баярсайхан өнгөрсөн 14 жилийн хугацаанд ХХБ болон Өвөр Монголын банк нь гадаад худалдаа, гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бол өнөөдрөөс ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийн чиглэлд хамтран ажиллах шинэ боломж гарч ирсэнд баяртай байгаагаа онцолж байв.
Энэхүү уулзалтын үр дүнд ХХБ болон Өвөр Монголын банк нь цаашид сэргээгдэх эрчим хүч, ногоон дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлттэй технологи гэх мэт ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийн төслүүдийг хамтран дэмжиж, ажиллахаар боллоо. Энэ ч утгаараа тус уулзалт нь банк болон аж ахуйн нэгжүүдийн хооронд шууд харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил дамнасан санхүүгийн үйлчилгээг илүү үр ашигтай ашиглах боломжийг бий болгосноороо онцлог арга хэмжээ боллоо.
ХХБ болон Өвөр Монголын банк хамтын ажиллагаа нь хоёр улсын тогтвортой хөгжил, ногоон шилжилтийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шинэ боломжийг бүрдүүлэх болно.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК