
Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциациас 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “Тогтвортой өсөлт: Үйлдвэрлэл ба логистикийг холбох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулсан “Cement Expo 2026” арга хэмжээ нь Монголын цемент үйлдвэрлэл, барилга, бүтээн байгуулалт, дэд бүтэц болон нийлүүлэлтийн сүлжээний бодлого боловсруулагчид, үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид болон санхүүгийн байгууллагуудыг нэг дор цуглуулсан өндөр ач холбогдол бүхий платформ болж өнгөрлөө.
Тус арга хэмжээний хүрээнд салбарын өнөөгийн нөхцөл байдал, өсөлтийн боломж, тулгамдаж буй сорилтууд, тэр дундаа үйлдвэрлэл болон логистикийн уялдааг сайжруулах шаардлагын талаар өргөн хүрээний хэлэлцүүлгүүд өрнөж, инноваци, технологийн шийдлүүд болон бодлогын шинэчлэлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Мөн оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх чухал боломжийг бүрдүүллээ.
Тус арга хэмжээний үеэр Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) “Шилдэг ногоон санхүүжилт” шагналыг хүртсэн нь банкны тогтвортой санхүүжилтийг дэмжих чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, санаачилгуудыг үнэлсэн онцлох үйл явдал боллоо.
ХХБ нь харилцагчдад зориулсан ногоон зээлийн олон төрлийн бүтээгдэхүүн, шийдлүүдийг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй технологи, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, нүүрстөрөгч багатай үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бодитой алхмуудыг хийсээр байна. Үүгээр дамжуулан бизнесүүдийн тогтвортой, ногоон шилжилтийг хурдасгах, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар Монгол Улсын ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.
ХХБ нь цаашид олон улсын шилдэг туршлага, стандартуудыг нутагшуулахын зэрэгцээ ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн, шийдлүүдийг үе шаттайгаар өргөжүүлэх замаар харилцагч байгууллагуудын урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих стратегийн чиглэлд зорин ажиллах болно.