Худалдаа, хөгжлийн банк нь олон улсын санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох “The Asset Triple A Awards”‑ийн “Тогтвортой санхүүжилтийн шилдэг зээл (Best Sustainable Loan)” төрөлд Монгол Улсаас анх удаа шалгарч, тогтвортой санхүүжилтийн чиглэл дэх манлайллаа олон улсын түвшинд дахин бататгалаа.
The Asset Triple A Awards нь дэлхийн санхүүгийн зах зээлийг хамарсан, банк санхүү, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр шалгууртай, бие даасан үнэлгээнд суурилсан шагналын хөтөлбөрүүдийн нэг бөгөөд 20 гаруй жилийн турш олон улсын шилдэг санхүүжилтийн хэлцлүүдийг тодруулж ирснээрээ онцлог юм.
ХХБ нь энэ удаа “Sustainable Finance Awards: Country – Market – Regional” ангиллын “Deal of the Year – Sustainable Finance”-ийн төрөлд Европын Холбооны гишүүн улсууд хамтран, хувь нийлүүлж үүсгэн байгуулсан “PIDG” группын харьяа “GuarantCo” ХСК-тай хийсэн санхүүжилтийн хэлцлээр өрсөлдсөн юм. Уг хэлцлийн хүрээнд ХХБ нь 5 жилийн хугацаатай, GuarantCo ХСК-н баталгаанд үндэслэн БНСУ‑ын Хөгжлийн банк (KDB)‑аас урт хугацааны санхүүжилт татан төвлөрүүлэх гэрээ байгуулсан нь тус шагналыг хүртэх гол үндэслэл боллоо.
Энэ нь ХХБ‑ын GuarantCo болон KDB-тай хийсэн анхны хамтын ажиллагаа бөгөөд Монгол Улсын банкны салбарт олон улсын баталгаанд суурилсан тогтвортой санхүүжилтийн шинэ жишиг, бүтэц тогтоосон онцлог ач холбогдолтой хэлцэл болсон юм.
Монгол Улсын Засгийн газар болон санхүүгийн зохицуулагч байгууллагууд тогтвортой санхүүгийн хөгжлийг стратегийн зорилт болгон дэвшүүлж, “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг 2028”, “Ногоон таксономи” зэрэг бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлж буй. Гэсэн хэдий ч 2030 он хүртэлх хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилтоо хангахад ойролцоогоор 11.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн хэрэгцээ хэвээр байна.
Энэхүү нөхцөлд ХХБ нь тогтвортой санхүүжилтийн салбар дахь манлайлах үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж, уг гэрээний хүрээнд сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, тогтвортой хөдөө аж ахуй, хог хаягдлын менежмент зэрэг байгаль орчин, нийгмийн өндөр ач холбогдол бүхий төслүүдэд хямд өртөгтэй, урт хугацааны санхүүжилт олгох боломжийг бодитоор өргөжүүлээд байна.
2025 онд хэрэгжсэн энэхүү “Монголд анх удаа” тодорхойлолттой GuarantCo болон KDB‑тай хамтарсан хэлцэл амжилттай эхэлж, улмаар Монгол Улсаас анх удаа “Тогтвортой санхүүжилтийн шилдэг зээл” шагналыг хүртэх түүхэн амжилтад хүрлээ.
Худалдаа, хөгжлийн банк нь байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр олон жилийн турш Монголын банкны салбарт тэргүүлэгч байр суурийг хадгалж ирсэн бөгөөд тогтвортой хөгжлийн санхүүжилтийн чиглэлд ч салбарынхаа тод манлайлагч гэдгээ дахин нотолж байна.