Мэдээ / May 25, 2015

Монголд анх удаа Кастодиан үйлчилгээг бүрэн нэвтрүүллээ

Олон улсын стандартад нийцүүлсэн банкны дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа хүргэхийг зорин ажиллаж, банкны салбарын хөгжилд үргэлж шинийг санаачлан нэвтрүүлдэг ХХБ энэ удаад Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа Кастодиан үйлчилгээг бүрэн хэмжээнд нэвтрүүллээ. Кастодиан банкны үйлчилгээний гол цөм нь болох програм хангамжийг ОХУ-ын программ хангамжийн тэргүүлэх компани болох “Диасофт” компанитай хамтран амжилттай нэвтрүүлэн, программаа хүлээн авч, анхны харилцагчаа бүртгэсэн юм.  Ийнхүү харилцагчиддаа кастодианы цогц үйлчилгээг үзүүлэхэд бэлэн болсноо албан ёсоор мэдэгдэж, нээлтийн ёслолын арга хэмжээгээ ёслол төгөлдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, хөрөнгө оруулалтын сан болон менежментийн компаниуд, Банк санхүүгийн академийн удирдлагууд зэрэг 70 гаруй хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

Үнэт цаасыг найдвартай хадгалан, хамгаалах, үнэт цаас эзэмшигчдийн өмчлөх эрхийг баталгаажуулах, төлбөр тооцоо гүйцэтгэх зэрэг олон улсын хөрөнгийн зах зээлийн салшгүй нэгэн цогц үйлчилгээ бол яах аргагүй кастодиан үйлчилгээ юм. Монгол улсад үнэт цаасны зах зээл нь 1990 оноос хөгжлийн гараагаа анхлан тавьж, хууль эрх зүйн орчин бүрэлдэж эхэлсэн боловч Кастодиан үйлчилгээ явуулах эрх зүйн орчин төдийлөн сайн бүрдээгүй байсан билээ. Харин 2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэн  батлагдсанаар арилжааны банкууд кастодиан үйлчилгээ явуулах эрхтэй болж, ХХБ 2014 онд СЗХ-ноос кастодианы үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлөө авсан юм.

Кастодиан үйлчилгээг нэвтрүүлснээр олон улсын кастодиан банкуудтай харилцах боломж бүрэн нээгдэх бөгөөд энэ утгаар хөрөнгө оруулалтын шинэ урсгал бий болох хөрөнгийн зах зээлийг олон улсад нээх томоохон боломжуудын нэг болох юм.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих