Хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн үйл ажиллагааг тогтвортой явуулах нь Худалдаа, хөгжлийн банкны нэн тэргүүний зорилгуудын нэг үргэлж байсаар ирсэн. Банк нь харилцагчийг таньж мэдэх ажиллагаа болон гүйлгээний тусгайлсан хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлснээр санхүүгийн системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад санхүүгийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бууруулж, цаашлаад нийгмийн болон харилцагчийнхаа мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна гэж үздэг.
Хууль бус хөрөнгийн шилжилт хөдөлгөөн нь улс орны санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд заналхийлж, Монгол улсын иргэн, аж ахуйн нэгжүүдийг олон улсын түвшинд хүрч ажиллах чадварт сөргөөр нөлөөлдөг.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь олон улсын зүгээс онцгой анхаарал хандуулдаг асуудал болсон тул улс орны хэмжээнд дээрх гэмт хэргүүдтэй тэмцэхийн тулд хууль тогтоомжийг баталж хэрэгжүүлээд зогсохгүй, санхүүгийн системийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг.
Санхүүгийн гэмт хэргүүдийн хувьд нийгэмд бүхэлд нь нөлөөлж чадахуйц байдаг тул гэмт хэргээс сэргийлэх болон шаардлагатай хяналтыг хэрэгжүүлэх ажлыг банк, санхүүгийн байгууллага дангаараа хийх боломжгүй. Иймд, банк нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт гэмт хэргийг илрүүлэх, тэмцэх хүрээнд бусад дотоодын болоод олон улсын банк, санхүүгийн байгууллага, хууль хэрэгжүүлэгч, хууль сахиулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Найдвартай бөгөөд стандартад нийцсэн банк болох эхний алхам нь харилцагчийг таньж мэдэх ажиллагаа юм. Бид албан ёсны баримт бичиг, холбогдох хянан баталгаажуулалтын хүрээнд найдвартай, итгэлтэй гэж баталгаажсан иргэн болон хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж, хамтран ажилладаг.
Харилцагчийг таньж мэдэх ажиллагаанд тухайн харилцагчийг болон харилцагчийн гүйлгээг олон улсын хориг жагсаалтаас шүүх, харилцагчийн мэдээллийг шинэчлэх, харилцагчаас нэмэлт тодруулга, харилцагчийн үйлдэл, гүйлгээтэй холбоотой баримт, материалыг авахаас гадна холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гүйлгээг тусгайлан хянах, хуульд заасан бусад үүргийг хэрэгжүүлэх зэрэг хамаарна.
Худалдаа, хөгжлийн банк нь өөрийн явуулж буй үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомж, дүрэм, журам, ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх замаар банкны салбарт тэргүүлэгч нэр хүндээ хадгалсаар ирсэн. Банкны ажилтан бүр холбогдох хууль тогтоомж, дүрэм журам болон стандарт, хэм хэмжээг дагаж мөрдөн ажиллахыг зорьдог ба банкны удирдлагууд нь эрх зүйн нийцлийг хангах тал дээр анхаарал хандуулж, давхар хариуцлагыг хүлээж байдаг.
Худалдаа, хөгжлийн банкны эрх бүхий байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөл нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажилтай холбоотойгоор комплайнсын эрсдэлийг удирдах ажилд дэмжлэг үзүүлдэг ба бизнес, эрсдэл хариуцсан бусад нэгжүүдийн удирдлагууд нь өөрийн хариуцсан нэгжийн үйл ажиллагаанд хамаарах комплайнсын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлыг хариуцан ажилладаг. Мэргэжлийн тусгайлсан нэгж болох Комплайнсын хэлтэс нь банкны комплайнсын бодлого болон комплайнсын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлыг ерөнхийд нь хариуцан ажиллаж байна.
Худалдаа, хөгжлийн банк нь банкны газар, хэлтэс, нэгжүүдийг үр дүнтэй комплайнсын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор банкны комплайнсын бодлогыг олон улсын комплайнсын удирдлагын системийн ISO 37301:2021 стандартад нийцүүлэн, Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн, батлуулсан байдаг. Банкны комплайнсын бодлогыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хэмжээнд хэлэлцэж, баталж буй нь комплайнсын үйл ажиллагаанд банкны дээд удирдлагын хэмжээнд анхаарал хандуулдгийг харуулж буй юм.
Бодлого, журамд комплайнсын эрсдэл болон Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага, газар, хэлтсүүд, ажилтнууд болон комплайнсын мэргэжилтнүүдийн комплайнсын эрсдэлийг удирдахад оролцох үүрэг, оролцоог нарийвчлан тодорхойлж, тусгаж өгсөн байдаг.
Худалдаа, хөгжлийн банк нь өөрийн үйл ажиллагаа мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх санхүүгийн гэмт хэрэгт өртөх эрсдэлээс сэргийлэх хүрээнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, журам, холбогдох хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг. Энэхүү бодлого, журам нь Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Монголбанкны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх журам, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага буюу Financial Action Task Force (FATF)-ийн зөвлөмж болон Америкийн Нэгдсэн улс болон Европын холбооны стандартуудтай нийцсэн байдаг.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар мэдэгдэл
Санхүүгийн гэмт хэрэг гэдэг нь өмчийн эсрэг тусгайлан үйлдсэн гэмт хэргийг хэлнэ. Энэ төрлийн гэмт хэргүүд үргэлж гэмт хэрэгтний хувийн ашиг сонирхлын үүднээс үйлдэгддэг бөгөөд үүнд холбогдсон эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар хөрвүүлэх явдал юм. Санхүүгийн гэмт хэрэг нь олон хэлбэрээр үйлдэгдэж болдог. Санхүүгийн салбарт тулгардаг хамгийн нийтлэг гэмт хэргүүдийн зарим нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, олон улсын хориг арга хэмжээг зөрчих, авлига, хээл хахууль, залилан мэхлэх, татвараас зайлсхийх, бусдын эд хөрөнгийг завших, хуурамчаар үйлдэх, хулгайлах гэх мэт гэмт хэргүүд юм.
Мөнгө угаах гэж юу вэ?
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эсхүл бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно.
Терроризмыг санхүүжүүлэх гэж юу вэ?
Террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахад шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг ойлгоно.
Гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх зөвлөмжүүд:
Мэдээллийн аюулгүй байдал нь мэдээллийн эрсдэлийг бууруулах замаар мэдээллийг хамгаалах практик үйл ажиллагаа юм. Үүнд мэдээлэлд хууль бусаар хандалт хийх, ашиглах, задруулах, тасалдуулах, устгах, өөрчлөхөөс урьдчилан сэргийлэх багтсан байдаг. Хамгаалалттай мэдээлэл нь биет болон биет бус хэлбэрээр байж болно. Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн чиглэл бол мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг тэнцвэртэй хамгаалах явдал.
Мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар зөвлөмжүүд:
Банк нь USA Patriot Act-ийг дагаж мөрддөг ба энэхүү акт нь АНУ болон дэлхийн өнцөг булан бүрд террорист үйлдлийг таслан зогсоох, шийтгэх, хууль сахиулах байгууллагын мөрдөн байцаах хэрэгслийг сайжруулах болон бусад зорилгоор хэрэгжүүлдэг акт юм.
Вольфсберг групп нь дэлхийн арван гурван банкны нэгдэл бөгөөд санхүүгийн гэмт хэргийн эрсдэлийн менежментийн тогтолцоо, удирдамжийг боловсруулах, тэр дундаа харилцагчаа таних, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлогыг боловсруулахад чиглэдэг.
Доорх линк дээр даран та бүхэн банкны Волфсберг группийн Корреспондент (хамтын ажиллагаатай) банкны асуулгатай танилцах боломжтой ба асуулгаас банкны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийн талаар ерөнхий мэдээлэлтэй танилцах боломжтой.
FATCA буюу АНУ-ын иргэн, хуулийн этгээдийн гадаад дахь дансны талаар мэдээллийг Холбооны татварын төв байгууллагад саадгүй гаргаж өгөх тухай хууль эрх зүйн баримт бичгийг банк, санхүүгийн байгууллагууд дагаж, мөрдөх үүрэгтэй байдаг бөгөөд ХХБ нь уг FATCA-г хэрэгжүүлж ажилладаг, мэдээлэл хүргүүлдэг гаднын банк, санхүүгийн байгууллага юм.