Мэдээ / Sep 04, 2012

Банкны цахим үйлчилгээний шинэ үе буюу Мост Мони – Төлбөрийн нэгдсэн үйлчилгээ

Банк санхүүгийн салбартаа хамгийн тэргүүнд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, бусаддаа үлгэр дууриал болсоор ирсэн Монголын арилжааны ууган банк болох Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээтэй саяхан шинээр зах зээлд нэвтрүүлсэн Мост Мони үйлчилгээний талаар яриа өрнүүллээ.

Юуны өмнө Та бүхэнд баяр хүргэе, Худалдаа, Хөгжлийн банк 8-р сарын 27-нд Мост Мони үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тэгэхээр та энэхүү шинэ үйлчилгээний талаар нийт уншигчиддаа товчхон танилцуулга хийнэ үү.
За баярлалаа. Мост Мони гэдэг үйлчилгээ маань банкны харилцах, хадгаламж, картын гээд бүх төрлийн дансуудаа тэр ч байтугай өөр өөр банк дах өөрийн дансуудаа гар утсаараа удирдаж банк, банкны салбар дээр очилгүйгээр банкны үйлчилгээг авах боломжийг харилцагчиддаа олгож байгаа юм. Энэ нь мэдээж, замын их түгжрэлтэй өнөө үед нөгөө талдаа маш их ажилтай цаг зав багатай хүмүүст цаг хугацааны хэмнэлтийг өгөхөөс гадна санхүүгийн хэрэглээний маш олон төрлийг шийдэж чадаж байгаагаар давуу юм. Өөрөөр хэлбэл та гар утсаа банкны карт, хадгаламжийн дэвтэр болгон ашиглаж, өөрийн банк доторх данс хооронд,  банк хооронд, бусдын данс руу, гар утасны дугаар руу мөнгөн шилжүүлэг хийж, бараа үйлчилгээнийхээ тооцоог гар утсаараа хийх, цахилгаан кабель, интернэт СӨХ-ийн төлбөр, гар утасны төлбөрөө төлөх, АТМ-аас бэлэн мөнгө авах  гэх мэт олон боломжийг агуулсан.
Харилцагчдын хувьд хэрэглэж буй гар утасны төрөл, банкны үйлчилгээнүүдийн хэрэглээ нь хүн бүр өөр өөр. Жишээлбэл зарим хэрэглэгч сүүлийн үеийн андройд үйлдлийн системтэй гар утастай байхад зарим нь энгийн утастай байх, зарим хэрэглэгчийн хувьд интернэт орчинд байнга ажиллаж байхад заримд нь тийм шаардлага байхгүй ч гэдгиймуу. Мөн нөгөө талаар цалингаа буухаар байрныхаа мөнгийг төлнө, хадгаламжиндаа хэдэн төгрөг шилжүүлнэ, байрны зээлээ төлнө, хоол хүнсээ худалдаж авна, сургуулийн хүүхэддээ хоолны мөнгө өгнө гээд мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах хэрэглээ өөр өөр. Энэ бүхнийг цогцоор нь шийдсэн банкны үйлчилгээ өнөөг хүртэл байгаагүй юм. Мост Мони бол харилцагч бүрийн гар утасны онцлогт  хамгийн тохиромжтой хэлбэрээр тэдний хэрэгцээнд нийцсэн банкны үйлчилгээг хүргэж чадахаараа онцлог үйлчилгээ  юм.

Тэгэхээр банкны үйлчилгээг гар утсаараа авахад зарим хүндрэлүүд байдаг л даа. Жишээ нь гар утасны хүчин чадал хүрэхгүй байх, зөвхөн тодорхой загварын гар утаснуудад суурилах боломжтой, мөн заавал интернэтэд холбогдсон байх, эсвэл мессежний форматын дагуу бичих шаардлагатай гэх мэт ... Мост Мони үйлчилгээ энэхүү асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
Тиймээ. Мост Мони үйлчилгээг дээр дурдсанчилан тухайн харилцагчийн нөхцөл байдалд тохирсон бүхий л хэлбэрээр авах боломжтой. Жишээ нь таны гар утас  Андройд болон Iphone утас байгаа бол апликейшн хэлбэрээр, энгийн утастай бол симинд суурилсан  меню хэлбэрээр,  тэр ч байтугай 1 удаа гар утаснаасаа бүртгэл хийсэн байхад www.customer.mostmoney.mn хаягаар орж интернэтээр (интернэт банктай адил) дансаа удирдах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Тэгэхээр энэ үйлчилгээг маш их завгүй ажиллаж буй албан хаагч, гэрийн эзэгтэй, гадаад дотоодод албаны болон аялалын шугамаар зорчигчид, малчин, оюутан залуус, өсвөр насны хүүхдүүд гээд бүхий л хүмүүст тохирно. Аль ч хэлбэрээр Мост мони үйлчилгээг авсан цэсэнд суурилсан үйлчилгээ тул цэс таныг хөтөлж явах учраас мессежийг тодорхой форматын дагуу бичих гэсэн хүндрэлүүд тохиолдохгүй.

Бас нэг сонирхол татаж буй зүйл бол АТМ –аас гар утсаараа бэлэн мөнгө авч болно гэж ойлгосон? Яаж авах вэ?
Яг үнэн. Энэ бас их сонирхолтой. Одоо бол картгүй л бол АТМ-аас мөнгө авч чадахгүй, хадгаламжийн дэвтэргүй л бол банкнаас хадгаламжаасаа зарлага гаргаж чадахгүй байгаа.  Мост Монитой байхад карт, дэвтэр хэрэггүй зөвхөн гар утастайгаа байхад хангалттай. ХХБ-ны АТМ-аас гар утасны дугаар 1 удаагийн гүйлгээний нууц код буюу ТАN(transaction authorization number) –аа оруулаад л бэлэн мөнгө авчихна. Таны данс картынх, хадгаламжийнх, харилцах байх нь хамаагүй. Энэ бол харилцагчдад бас нэг том боломж нээж байгаа явдал.

Бизнес эрхлэгчдэд Мост мони  үйлчилгээ хир хүртээмжтэй бол ?  Өөрөөр хэлбэл хүнсний жижиг дэлгүүрүүд, бөөний худалдаа эрхэлдэг байгууллагууд, Сандэй, бөмбөгөр гэх мэт  худалдааны төв дээр бизнес эрхлэгчид бэлэн мөнгөөр тооцоо хийх нь нийтлэг харагддаг л даа.  Энэ нь эрүүл ахуй талаасаа, бэлэн мөнгөний эрсдэл талаасаа ч гэсэн бэлэн бус тооцоонд шилжүүлмээр санагддаг.
Хариулт:  Ер нь иргэд байгууллагын хувьд өөрийн дансаа удирдах цахим олон хэлбэрүүдийг ашиглах боломжтой болчихлоо ш тээ. Карт, интернэт банк, Мост мони гээд ...  Энэ маань хэрэглэгчид аливаа бараа үйлчилгээнийхээ төлбөрийг заавал бэлэн мөнгө гар дээрээ барьж явалгүйгээр төлөх бололцоотой байгааг харуулж байгаа юм. Аа гэтэл бараа үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байгаа бизнес эрхлэгчид маань зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийнээ гээд байвал наад зах нь харилцагчаа  алдах ингэснээр орлого буурах, эрүүл ахуйн талаасаа ялангуяа хүнсний лангуунууд бохир мөнгө барьсан гараараа худалдаж буй хүнсээ барих, бэлэн мөнгө гар дээр хуримтлагдсанаас гарч болох эрсдэл их гээд хор ихтэй л дээ. Тиймээс барааныхаа төлбөрийг хүлээн авдаг олон суваг, боломжууд зайлшгүй байх хэрэгтэй.  Одоо бас харьцангуй томоохон дэлгүүр, ресторан, зочид буудал гэх мэт үйлчилгээний газрууд карт уншдаг ПОС терминалтай байна. Гэтэл жижиглэнгийн болон бөөний худалдаа эрхлэгчдийн хувьд энэ үйл ажиллагаа явуулж буй орчин, шугам сүлжээ гээд ярвигтай байдаг.  Тиймээс эдгээр харилцагчдад сайхан боломж нээж өгч байна. Гар утасны дугаараа банкинд бүртгүүлээд өөрийн дансандаа орлогоо аваад байх боломжтой юм.

Бас заавал гар утас гэхгүй кассын машин дээр программаа суулгуулж болно, бас интернэт хэлбэрээр компьютер, I pad, note –с алин дээр ч хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл ПОС машины  хямд өртөгтэй маш олон хэлбэр гараад ирлээ л гэсэн үг.

Уучлаарай, гар утсаар төлбөр тооцоогоо хэрхэн хүлээн авах процессийг Та илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү.  
Бизнес эрхлэгч маань банкинд бүртгэлээ хийлгэж төлбөр хүлээн авах утасны дугаараа холбуулах юм. Тэгээд харилцагч өөрийнхөө гар утаснаас худалдан авах гэдэг цэсээрээ барааныхаа төлөх дүнгээ, утасны дугаарын хамт оруулахад худалдагч өөрийн утсанд ирсэн гүйлгээний мэдээгээ шалгаад барааг нь өгнө. Маш хялбар. Олон салбартай бол салбар бүр дээрх дугаараа өөрийн дансандаа холбуулсанаар орлогоо дансандаа шууд цуглуулах боломжтой.

Үнэхээр хялбар юм байна. Худалдагч бол мөнгө тоолохгүй, гүйлгээгээ гар утсаараа хараа л сууж байх нь.  Бас 1 зүйл санаанд орчихлоо. Бид сар бүр СӨХ, дулаан, цахилгаан кабель гээд бүх дараа төлбөрт, нэхэмжилэхээр төлдөг үйлчилгээнүүдэд Мост Мониг ашиглаж болно гэж ойлгосон.  Бүртгэл нь тусдаа юу?
Ер нь биллер компаниууд төлбөрөө цуглуулахдаа банкуудыг их ашигладаг л даа. Хэрэглэгчид банк банк дамжаа л тооцоогоо хийнэ. Банкуудад цугларсан мөнгөө өөрийн системтэйгээ тулгана гээд ажиллагаатай. Эсвэл үүнийг хялбарчлах гээд банк бүрийн програм хангамжтай өөрийн програм хангамжийг холбох гээд маш их давхардсан зардал гардаг. Одоо бол Мост Мони-д биллер компаниудаас УБЦТС, Юнивишн, Супервижн, МЦХК, Мобиком гэх мэт нилээд хэдэн байгууллага гишүүн болчихсон байгаа. Тэгэхээр эдгээр байгууллага зөвхөн Мост ПСП ХХК-аар дамжуулаад бүх банкны харилцагчдаас төлбөрөө цуглуулаад авчихна гэсэн үг. Хэрэглэгчид ч гэсэн төлбөрөө мэдэж байвал биллер байгууллагын жагсаалтаас харж байгаа төлбөрүүдээ шууд гар утаснаасаа төлчихнө. Тиймээс үүн дээр ийм үйлчилгээ эрхэлдэг бүх төрлийн биллер компаниуд их анхааралтай хандаж, үүнийг сонирхоод үзэх хэрэгтэй. 

Худалдаа, Хөгжлийн банк энэхүү үйлчилгээг анхлан зах зээлд нэвтрүүлж байгаа гэдэг утгаараа цаашид ямар зорилгод чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх вэ?
Бид Мост Мони үйлчилгээг орон даяар нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхдээ 2 үндсэн зорилт тавьж байгаа юм. Нэгдүгээрт, арилжааны банкуудын АТМ, ПОС-ыг МОСТ компанийн мэдэлд шилжүүлэн нэгтгэх замаар одоогийн улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 900 ширхэг АТМ, 5000 гаруй ширхэг ПОС-ыг тараан байршуулж, ингэснээр нэгэнт ашиглалтад байгаа АТМ ба ПОС-ын паркийг нэг ширхэгээр ч нэмэгдүүлэхгүйгээр түүний иргэдэд хүргэх хүртээмжийг 3-5 дахин нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, дэлхий дахинаа банк, төлбөр тооцооны үйлчилгээний салбарт гар утсыг төлбөр тооцооны хэрэгсэл болгохоор өрнөж байгаа техник-технологийн хувьсгалч шинж чанартай хөдөлгөөнд цаг алдалгүй нэгдэн орж, Монголын хэрэглэгчиддээ бас нэгэн төлбөр тооцооны шинэ боломжийг нээж өгөх ёстой юм.

Тэгэхээр та Мост Мони үйлчилгээг орон даяар нэвтрүүлэх зорилготой ажиллаж байгаа гэж хэллээ. Ингэхийн тулд бүх газар гар утасны сүлжээ барьдаг байх шаардлагатай болж байна. Мөн одоогоор 4-н үүрэн утасны операторуудаас хэд нь энэхүү үйлчилгээнд нэгдээд байгаа талаар?
Эхний ээлжинд Мобиком корпораци энэхүү үйлчилгээг дэмжин өөрийн харилцагчиддаа Мост Мони үйлчилгээг суулгах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Цаашид манай бусад операторууд – Юнител, Скайтел, Жи-Мобайл, МЦХ-ХК бүгдийг энэхүү шинэ үйлчилгээнд элсэн нэгдэхийг уриалж байна. Энэ бол – түрүүн дурдсанчлан – Монголын үндэсний брэнд, Виза, Мастеркарттай жишихүйц, гэхдээ гар утастай комбайн хийгдсэн төлбөрийн цогц үйлчилгээ юм шүү!
Дээрээс нь NFC хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөж байна. NFC (Near field communication) гэдэг нь гар утсыг ПОС, АТМ-д дөхүүлэхэд зайнаас уншдаг технологи юм. NFC технологи нь M-Хэтэвчний үйлчилгээний хэрэглээний орон зайг үлэмж тэлэх нь ойлгомжтой. Энэ чиглэлд дэлхийн олон орон эрчимтэй ажиллаж байгаагийн ганц нэг жишээ дурдахад, жишээ нь:

  1. Өмнөд Солонгосын Засгийн Газар SK Telecom, банкуудтай хамтран Grand NFC альянс гэгч холбоо байгуулж, урьд өмнө байгаагүй эрс тэс тунхаглал хийв. Цаашид NFC боломж байхгүй нэг ширхэг ч утас дотооддоо нийтэд санал болгохгүй бөгөөд 2 жилийн дотор түүний 26 сая хэрэглэгч бүгд NFC утас ашигладаг болж, 2012 онд шинээр 1 тэрбум ам. долларын шинэ бизнес, 5000 ажлын байр шинээр босгоно гэж төлөвлөж байна.

Монгол энэ хөдөлгөөнөөс яагаад хоцрох ёстой гэж? Мост Мони бол бүрэн утга агуулгаараа М - Хэтэвч мөн юм. Цэвэр үндэсний брэнд. Мэдээжийн хэрэг, энэ бол дөнгөж эхлэл. Гэхдээ л Та савхин хэтэвч дотроо агуулж байгаа төлбөрийн бүх карт, хадгаламжийн дэвтрээ Мост Мони хэтэвчээр удирдаж болно.

М- Хэтэвч гэж яг юуг хэлээд байна вэ? Сая таны яриан дундаас хэд хэдэн удаа энэ нэршлийг сонслоо.
Гар утсандаа ВИЗА, Мастеркарт, Американ Экпресс, ЮнионПэй зэрэг дебит, кредит картуудаа, мөн препэйд, лоялти картууд, дээрээс нь нийтийн тээвэр, автозогсоол, үзвэр үйлчилгээ, онгоцны тийзүүд, иргэний ба жолооны үнэмлэх, гэрийн түлхүүр бүгдийг “чихээд” түүнийгээ m-Хэтэвч гэж нэрлэдэг болоод байгаа юм. Энэ хэтэвчээ ашиглаад Интернэтээр ч төлбөр тооцоо хийж болж байна. Энэ чиглэл рүү ВИЗА, Мастеркард, ЮнионПэй бүгд шууран орж, өөр өөрийн брэнд нэр бүхий хэтэвчүүд зарлан гаргах болсон явдалтай холбогдоод “M-Хэтэвчний дайн”  (Wallet Wars) гэсэн нэр томъёо ч бас үүссэн байна. Саяны дурдсан төлбөрийн салбарын уламжлалт гигантуудын зэрэгцээгээр Google, PayPal зэрэг онлайн төлбөр, тооцоог дэмжигчид бүгд ар араасаа даган нэгдэж байна.

Олон улсын жишгийг даган, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье! Та нийт уншигчиддаа хандан үг хэлнэ үү.
Баярлалаа. Бид аль болох богино хугацаанд бүх банкуудаа, бүх үүрэн холбооны операторуудаа, аль болох олон дэлгүүр, үйлчилгээний газруудыг элсүүлэхээр шамдан ажиллаж байна. Ингэж байж сая орон даяар түгээмэл хэрэглээ болох учиртай билээ. Мөн банкны үйлчилгээг илүү ойр, илүү хялбар болгож буй энэхүү үйлчилгээнд 10-р сарын 1-нийг хүртэл шинээр бүртгүүлж буй харилцагчдаа Үнэгүй бүртгэн авч байгааг дуулгахад таатай байна.  

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих