Мэдээ / Mar 05, 2020

МУГТ М.Уранцэцэг: “Одоо би олимпоос медаль авч, дүү маань надаас ярилцлага авах л үлдлээ дээ”

 

МУГТ М.Уранцэцэг: “Одоо би олимпоос медаль авч, дүү маань надаас ярилцлага авах л үлдлээ дээ”

М.Уранцэцэг нь ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн Монгол Улсын анхны эмэгтэй тамирчин төдийгүй Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг IJF World Tour тэмцээнүүдээс хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа Дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буй Монгол Улсын гавьяат тамирчин билээ. 

Мөн одоогоор Дэлхийд амжилтаараа 7 дугаарт эрэмбэлэгдэж байгаа ба 2020 оны Токиогийн  олимпод оролцох эрхээ авч, Visa олон улсын байгууллагын Олимп, Паралимпын тамирчид болон Дэлхийн хэмжээний домогт тамирчдаас сонгогдож бүрдсэн нэр хүнд бүхий “TEAM VISA” хөтөлбөрт Монгол улсаас анх удаа багтсан МУГТ М.Уранцэцэгтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

 

...Асуултад гол санаагаа богино, товч өгүүлбэрээр хариулах нь түүний онцлог байлаа.

 

Монгол улсаас анх удаа Visa олон улсын байгууллагын TEAM VISA хөтөлбөрт хамрагдсан тамирчин нь Та болжээ. Энэ нь олимпод оролцоход ямар давуу тал, боломжуудыг олгож байна вэ?

 

Тамирчин хүнд дэмжлэг их чухал. TEAM VISA-д орсон нь миний хувьд маш том нэр төрийн хэрэг болж байна. Маш цөөхөн тамирчид л хамрагдаж чаддаг, тамирчдын дунд нэр хүндтэй хөтөлбөр л дөө. Үүнд эх орноосоо анх удаа багтсандаа их баяртай байгаа. Энэ нь цаашид Монголын бусад тамирчид маань энэ багт орох эхлэлийг тавих байх гэж найдаж байна.  

Мөн энэхүү хөтөлбөрт хамрагдахад тамирчин хүн талаас олон жилийн тууштай хөдөлмөр, бэлтгэл сургуулилалт, амжилтуудаас гадна Токиогийн олимпод оролцох эрхээ аваад байсан нь, нөгөө талаас ХХБанкны нэр хүнд, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа нь Visa олон улсын байгууллагаас энэхүү дэмжлэгийг авах гол түлхцүүд боллоо гэж бодож байна. Учир юу вэ гэвэл Худалдаа, хөгжлийн банкны хамт олон маань өөрсдийн санаачилгаар намайг тус хөтөлбөрт ороход санал болгосонд талархаж явдаг. Гэрээ байгуулах үеэр Visa тамирчдадаа зөвхөн спортын амжилт бус нийгэмдээ оруулсан хувь нэмэр, зан чанар дээр нь ч өндөр шалгуур тавьдаг гэдгийг ойлгож авсан.

 

Таны хувьд анх жүдогоор хичээллэж эхэлсэн болон юу хамгийн их нөлөөлсөн тухайгаа яриач?

 

Аав маань их нөлөөлсөн. Би чинь хөдөөний хүүхэд. Бага байхад аав эрэгтэй хүүхдүүдтэй их барилдуулдаг байлаа. Би ч өөрөө барилдах дуртай. Сайн ч барилддаг байсан.

Манайд гэр бүлийн мөрөөдөл гэж байдаг.  2 ах, 1 эмэгтэй дүү гээд бид эхээс 4-үүлээ. Том ахыг бизнесмен, бага ахыг дуучин, намайг тамирчин, дүүг маань сэтгүүлч болгоно гэдэг байлаа. Том 3-н хүүхэд нь салбартаа амжилт гаргаад манай сэтгүүлч болох дүү биднээс ярилцлага авна гэж гэр бүл дотроо ярилцан инээлддэг байсан. Бүх зүйл мөрөөдсөний дагуу явж байна. Одоо би олимпоос медаль авч дүү маань надаас ярилцлага авах л үлдлээ дээ (инээв).

Яг жүдогоор хичээллэсэн түүх гэвэл анх 16 настайдаа боксоор хичээллэнэ гээд боксын зааланд очтол засвартай байсан. Хажууд нь жүдогийн заал байрладаг байлаа. Боксын заал онгойсон эсэхийг харахаар өдөр болгон очихдоо жүдогийн заалыг шагайж харсаар байгаад дуртай болчихсон юм даа. Жүдогоор хичээллэж эхлээд 1 жил болоод анхны медалиа авсан.

Өөрийгөө тамирчин болох гэж л төрсөн гэж ойлгодог.
Надад алдсан боломжууд маш олон байсан. Өөрийнхөө хувьд өдийд би олимпын медаль авчихсан байх ёстой л гэж боддог юм.

 

16 настайгаасаа хойш гэхээр 14 жил жүдогийн тамирчин байжээ. Дунд нь шантрах, завсардах зүйл гарч байв уу?

Анх 2010 онд би дэлхийн аваргаас медаль аваагүй, сайн дээшээ гарч ирээгүй үе байлаа. Тухайн үед Самбогийн ДАШТ-д оролцох гээд нутгийн ахаасаа зардал гуйсан. Өөртөө их итгэлтэйгээр “Би Дэлхийн аварга болчхоод ирье, хэрэв болохгүй бол зардлыг тань буцааж өгнө” гэж хэлээд тусламж авч байсан түүхтэй. Тэгээд аварга болж ирж байсан.

Тэр ялалтаас хойш надад уналтын үе байсан. Бүтэн жил медаль авч чадаагүйдээ шантраад “ер нь болъё, улсын зардлыг ингэж үрээд яах юм бэ” гээд багш нартаа болих тухайгаа хэлээд гарч байлаа. Хэсэгхэн зуур завсарлахдаа бэлтгэл сургуулилалтгүй байж чадахгүй гэдгээ мэдээд, 10 хоноод л эргээд очсон.

Түүнээс хойш дахиж болих тухай нэг ч бодоогүй. 16 настайгаасаа эхэлсэн жүдогийн замналд бэлтгэл хийгээгүй, тамирчин бишээр 10 хоног л амьдарчээ. Тэр өдрүүд “там” шиг л санагдаж байлаа.

 

 

Олимпод оролцож байсан дурсамжуудаасаа хуваалцвал? 2020 оны олимп Токиод болж байгаа нь хэр онцлогтой байх бол?

Хамгийн анх 2012 оны Лондоны олимпод оролцсон. Тухайн үед хүүхэд ч байж. 7-р байранд орсон. Анхны олимпод их сайн барилдсан гэж өөрийгөө боддог. 2013 онд Дэлхийн аварга болчхоод 2016 оны Бразилын олимпод оролцохдоо өөртөө маш итгэлтэй, бардам байсан. Ард түмэн минь ч их хүлээлттэй байсан байх. Яг олимпын өмнө жүдогийн шинэчлэгдсэн дүрэм батлагдаад, өмдөнд гар хүрч болохгүй гэх журам гаргасан. Гэтэл маш харамсалтайгаар өмдөнд нь хүрч хожигдсон.

Би Дэлхийн аваргаас 3 медаль хүртсэн, хамгийн анх аварга болохдоо Япон тамирчныг ялсан. Мөн хамгийн сүүлд Япон улсад болсон Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн гээд томоохон амжилтууд маань Япон улстай их холбоотой тохиож байжээ. Мөн жүдо бол Япон улсын үндэсний  спорт.
Энэ ч утгаараа олимп Токиод болох гэж байгаад сэтгэл өндөр байна. 2020 оны Токиогийн олимпоос медаль авна л гэж хэлмээр байна.

 

Бахархам сэтгэгдэл төрж байна. Гэхдээ аливаа зүйлийг итгэлтэйгээр амлахад хүнд санагддаг?

Амлалт өгнө гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ хүн өөрийнхөө нөөц бололцоог мэдэрдэг үе байдаг. Мэдэрч байвал өөртөө итгэлтэйгээр хэлэх нь л зөв байх.

 

Та олимпод хүссэн үр дүндээ хүрвэл Таны амьдралын зорилгын хэдэн хувь нь биелэх вэ? Мөн Дэлхийн дээд амжилтын эзэн болсон тухайгаа сонсоод юу мэдэрсэн бэ?

Яг талдаа. 50 хувь л гэсэн үг. Өөрөө мэдээгүй явж байгаад сонссон даруйдаа “шок”-д орсон. Хүн болж төрснийх Дэлхийн дээд амжилтад бүртгэгдээд өөрийгөө их азтай байна гэж урамшуулж байлаа. Мэдээж аз гэдэг бол хөдөлмөрийн үр дүн шүү дээ. Бүхий л цаг, хүчээ, амьдралаа зориулсан зүйлээрээ, сэтгэл зүрхээ зориулсан жүдогийн амжилтаараа Гиннес хүртэнэ гэдэг маш сайхан мэдрэмж байлгүй яахав.

 

Тэмцээнд оролцохдоо Та хэнийг илүүтэйгээр хажуудаа байгаасай гэж хүсдэг вэ?

Тэмцээн уралдаанд оролцоход дийлэнхдээ багш нар маань хажууд байдаг. Тэд маань байхад хангалттай. Гэрийнхэн маань гэртээ залбираад үлддэг дээ.

 

Дэвжээн дээр гараад барилдаан эхлэхээс өмнө хамгийн ихээр бодогддог зүйл юу вэ?

Эх орон, аав ээж, нутаг усаа л боддог. Өөр бодогдох зүйл байхгүй. Айж эмээх, сандрал гэдэг зүйл байхгүй болчихсон.

 

Тамирчин хүнд 2 бэлтгэл чухал байдаг. Бие бялдрын болон сэтгэл зүйн. Таныг амжилт гаргахад, зорилгодоо хүрэхэд ямар сэтгэл зүйн бэлтгэл чухал вэ? Өөрийгөө хэрхэн дасгалжуулдаг вэ?

Би хувьдаа өөрийгөө сэтгэлзүй өндөртэй гэж дүгнэдэг байсан. Хувьдаа сэтгэлзүйн багштай болсны дараагаар ч сэтгэлзүйн багийнхан маань шинжлэх ухааны түвшинд баталж хэлдэг.

Багштай болохоос өмнө нь хүн өөрөө өөрийнхөө л сэтгэлзүйг зохицуулах боломжтой гэж боддог байлаа. Тухайн үед энэ салбар ч манай оронд сайн хөгжөөгүй байсан. Харин сэтгэлзүйн багтай хамтран ажилладаг болсноор ганцхан намайг ч биш өрсөлдөгчийг маань судалдаг. Тэдний унах мэх, сул талууд гэхчлэн олон магадлалыг хамтран гаргалцдаг даа.

Ялалтад ганцхан миний харах өнцөг, мэхнүүд хангалтгүй. Өөр бусад хүмүүсийн мэргэжлийн хараа чухал хийгээд хамтын хүчээр л амжилт ирдэг.

 

 

Спортод туршлага, залуу нас гэдэг 2 ойлголт ямагт тэмцэлдэж байдаг. Анхны олон улсын тэмцээнд явж байсан Уранцэцэг одоогийн Уранцэцэг 2-ыг харьцуулбал?

Маш өөр. Би ийм зөөлхөн хүн байгаагүй юм. Жаахан байхдаа, анх энэ спортоор хичээллэж эхэлж байхдаа маш омголон байсан. Огшсон, эр бяртай ч юм шиг, хүн ялахаараа онгирдог байлаа. Хүн туршлага суух тусам намбатай болчихдог. Энэ бичигдээгүй хууль надад ч үйлчилсэн. Гэхдээ тийм омголон зан тамирчин хүнд бас хэрэгтэй. Өөрийгөө зоригжуулдаг, хурцалдаг зан араншин нь ч байж болно шүү дээ.

 

Одоо таныг жүдогоос өөр юу зоригжуулж байна?

Би экстрем спортод дуртай. Үүгээрээ ч бас өөртөө цаг гаргахыг хичээдэг дээ.

 

Монголчуудын хувьд олимпоос хамгийн их шимтэн үздэг төрөл нь Жүдо. Энэ спортын хамгийн сайхан зүйлийг цөөн үгээр илэрхийлбэл? 

Бусад спортын төрлүүдээс жүдо бол Япон улсын үндэсний спорт гэдгээрээ Японы өөрийнх нь хатуу ч гэмээр дэг жаяг, ёс журмыг нэвт шингээсэн юм шиг санагддаг. Энэ утгаараа дорнын ёс суртахуун, хүндлэл зэргийг маш сайн сургадаг. Миний зан араншинд болон өнөөдрийн Уранцэцэг бол ялт ч үгүй жүдогийн үр дүн мөн.

 

Тамирчин хүн бүр цаг нь ирэхээр зодог тайлна. Та энэ талаар юу гэж боддог мөн үргэлжлүүлээд юу хийж, бүтээхийг хүсдэг талаараа хуваалцаж болох уу.

Гэр бүлдээ тавих анхаарлаа өндөрсгөнө. Цагдаагийн болон дасгалжуулагчийн ажлаа хийнэ. Мөн бизнес хийх хувийн төлөвлөгөөтэй байгаа.

 

Олимпын хөгжөөн дэмжигчид, үзэгчдийн уур амьсгал болон Токиогийн олимпыг очиж үзэхийн давуу талын талаар?

Хүн болгон л амьдралдаа нэг удаа олимпыг биеэрээ очиж үзэхийг хүсдэг байх гэж бодож байна.

Энэ удаагийн олимп Токиод болох нь Монголчуудын хувьд давуу тал олонтой. Цагийн зөрүү бага мөн адилхан Азийн улс оронд очиж байгаа болохоор тэр. Мөн үзэсгэлэнтэй, үзэх харах зүйл ихтэй улс орон болохоор олимп үзэхийн хажуугаар хэд хоногийг аялж өнгөрөөх хэрэгтэй байх. Мэдээж бусад улс оронтой харьцуулахад ойрхон болохоор зардал бага байх ч давуу талтай байж болох юм. 

Сайхан дурсамж бий болгоод, Монголчууд маань ирж биднийгээ дэмжин, хөгжөөн дэмжигч дунд эх орны маань туг намирч, олноороо уухайлан сонсогдвол маш сайхан байх болно.

 

Ярилцсан: Б.Сувд

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих