Мэдээ / Apr 24, 2024

ХХБ БОЛОН ДАЯН ДЭЛХИЙН НОГООН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТ ХАМТРАН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ЧИГЛЭЛД АЖИЛЛАНА

Монгол Улсад тогтвортой санхүүжилтийн цар хүрээг тэлэх зорилгоор Худалдаа, хөгжлийн банк (“ХХБ”) болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (“ДДНХИ”) нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд нь тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, ногоон шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд тусгайлан ажиллаж, ХХБ-ны “Тогтвортой санхүүжилтийн хүрээ” баримт бичгийг шинэчлэн боловсруулахаар байгаа юм.  Арга хэмжээний үеэр ДДНХИ-ын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Аннака Питерсон:  “Ногоон шилжилтийг тэргүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон нийт, байгууллагууд гар нийлэн ажиллах шаардлагатай байгаа бөгөөд энэ онд Монгол оронд нүүрлэсэн зудын үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бидний оролцоо нэн шаардлагатай байгааг харуулсан ноцтой үйл явдал байлаа” хэмээн онцолсон бол ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон: “ХХБ нь Монгол улсад нүүрсхүчлийн хийн ялгарлыг бага байлгах, байгаль орчинд ээлтэй бизнес моделийн шилжилтийг дэмжин, тууштай ажиллахад нэгдэж байгаа ба ДДНХИ-тэй хамтран ажилласнаар бид ирэх жилүүдэд тогтвортой санхүүжилтийг олон улсын зах зээлээс амжилттайгаар татан төвлөрүүлж, харилцагчдадаа олгож нэн шаардлагатай ногоон хөрөнгө оруулалтыг улс эх орондоо авчирч чадна гэж найдаж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ)-ийн тухай


ДДНХИ нь 2012 онд Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Тогтвортой хөгжлийн бага хурлын үеэр гэрээнд суурилсан олон улсын, засгийн газар хоорондын байгууллага хэлбэрээр үүсгэн байгуулагдсан ба гишүүн орнууддаа Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтууд болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх болоод эдийн засгаа ядуурлыг бууруулах, нийгмийн оролцоо, байгаль орчны тогтвортой байдал болон өсөлтийг нэгэн зэрэг хангах ногоон хөгжлийн загварт шилжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Тус санаачилгууд нь ногоон хөгжлийн шинэлэг шийдлүүдийг боловсруулах, техникийн дэмжлэг үзүүлэх, чадавх бэхжүүлэх, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалтын төслүүдийн боловсруулалт, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, мэдлэг хуваалцах зэргийг хамарч байгаа бөгөөд 48 гишүүн орон болон 22 гаруй түнш байгууллагын хамтаар 40 гаруй улсад төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-ны тухай


ХХБ нь 1990 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын банк санхүүгийн салбарын манлайлагч байгууллага болж өргөжсөний сацуу тогтвортой санхүүжилтийг тэргүүлэн ажиллаж харилцагчдынхаа ногоон шилжилтийг дэмжин ажиллаж байна. Монгол Улсын ууган банк болох ХХБ нь олон улсын стандартад нийцсэн 130 гаруй нэр төрлийн банкны бүтээгдэхүүн болон харилцагчдад ээлтэй үйлчилгээг санал болгон ажилладаг ба салбар салбарын тэргүүлэгч гадаад болон дотоодын байгууллагуудад голлогч санхүүжүүлэгчээр ажиллаж байгаа юм. ХХБ нь “Ногоон банк болох” зорилгынхоо хүрээнд олон улсын зах зээлээс эх үүсвэр татан төвлөрүүлж, харилцагчдыг чадавхжуулах,  бизнесийг өргөжүүлэх, санхүүжилтийн эко системийг бий болгох болон тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлд эрчимтэй ажиллаж байна.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

 

 

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт