Хуримтлал бий болгож чадсан иргэд, аж ахуйн нэгжүүд цар тахлын үеийн эрсдэлийг хүндрэл багатай даван туулж байна

Корона вирусийн (Covid-19) цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд арилжааны банкууд харилцагчдынхаа хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор иргэд, харилцагч Та бүхэнд мэдээлэл хүргэх зорилгоор ХХБанкны Иргэдийн банкны газрын захирал П.Мөнхнасттай ярилцлаа.

Иргэдийн хэрэглээний зээлийн төлөлтийг 3 сараар хойшлуулах шийдвэрийг арилжааны банкууд хүлээн авч хүсэлтийг шийдвэрлээд эхэлсэн. Энэ тухай яриагаа эхэлье?

- Орлого буурсан болон орлогоо алдсан иргэдэд эрсдэл бодитоор учирч байна. Хямралын улмаас нэгэнт зээлээ төлж чадахгүй болсон иргэдийнхээ хэрэглээний зээлийн 3 сарын зээлийн хүү, үндсэн төлбөрийг авахгүйгээр бүрэн хойшлуулж, зээлийн хугацааг 12 хүртэл сараар сунган, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэсээр байна. Энэ нь өнөөгийн хямралтай үед манай банкнаас зээлтэй, орлого буурсан иргэдэд бодит дэмжлэг болж байгаа болно.
Харин Монголбанк, Засгийн газраас хэрэгжүүлдэг Ипотекийн буюу Орон сууцны 8% болон 5%-ийн хүүтэй зээлд зургаан сард хүү тооцохгүйгээр төлбөрийг 6 хүртэл сараар хойшлуулж, зээлийн хугацааг мөн 6 сараар сунгах шийдвэрийг Монголбанк, Засгийн газар, Монголын Ипотекийн Корпорацаас гаргасны дагуу хүсэлтийг 5 сарын 1-ний өдрийг дуустал цахимаар хүлээн авсан ба зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах ажил ид өрнөж байна. Манай банк уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч томоохон банкны нэг учир банкны салбар, зээлийн үйл ажиллагаанд оролцдог ажилтнууд маань маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа.

Гадаадад байгаа харилцагчдын хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

Зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажсанаар хүчин төгөлдөр эрх зүйн баримт болох учир хуулийн дагуу итгэмжлэлийг үндэслэн итгэмжлэгдсэн этгээд гэрээнд гарын үсэг төлөөлөн зурж төлбөр хойшлуулах боломжтой.

Хэрэв зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлтээ ирүүлсэн ч хамрагдаж чадаагүй харилцагчдын төлөлт хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд зээлийн ангиллыг бууруулах арга хэмжээ авах уу?

Монголбанкнаас “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д иргэдийн хэрэглээний зээлийн ангилал хийх нөхцөлд өөрчлөлт оруулж, Covid-19 цар тахлын үед иргэдийн зээлийг 7-р сарын 31-ний өдрийг дуустал ангилал бууруулж, зээлийн муу түүхтэй болохгүй байх боломжийг бүрдүүлсэн. Зээлийн ангиллыг 7-р сарыг дуустал хийхгүй. Уг нөхцөл сунгагдахгүй бол 2020 оны 8-р дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн журмын ердийн үеийн үйлчлэлийн дагуу зээлийн ангилал тооцогдохоор зохицуулалттай.

Зээлийн мэдээллийн санд зээлийн ангилал буурах нь харилцагчдад ямар эрсдэлүүдийг дагуулж байдаг вэ?

Зээлийн ангилал буурснаар тухайн иргэн ирээдүйд ямар нэгэн банк, санхүүгийн байгууллагаас зээл, лизинг авахад хүндрэл учирна. Ялангуяа төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй зээлийн нөхцөлд чанаргүй зээлийн түүх, үлдэгдэлгүй байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл зээлийн мэдээллийн сан нь тухайн хүн хэр санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай иргэн бэ гэдгийг илтгэх маш чухал үзүүлэлт юм. Иймээс Монголбанкнаас иргэдийн зээлийн ангиллыг тодорхой хугацаанд хийхгүй байхаар арга хэмжээг хүндрэлийн үед авсан.

Танай банкны хувьд нийт хэдэн харилцагч зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт өгсөн, одоогоор хэдэн харилцагчийн хүсэлтийг шийдээд байгаа талаар товч мэдээлэл өгвөл?

Монголбанкнаас 2020 оны 6 сарын 1-ний дотор багтаан шийдвэрлэсэн байхаар чиглэл гаргасан. Ипотекийн 8% болон 5%-ийн хүүтэй зээлтэй 7,500 гаруй иргэн хүсэлтээ ирүүлсэн ба одоогоор эдгээр зээлдэгчдээс 40 орчим хувь нь банканд ирж гэрээгээ шинэчилж, төлбөрөө хойшлуулсан. Ипотекийн зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт ирүүлсэн бүх харилцагчдын хүсэлтийг шийдвэрлэхийг зорин ажиллаж байна. Бид төлбөр хойшлуулах шийдвэрээ гаргаад тухайн зээлдэгчтэй холбогдон салбарт ирж гэрээнд гарын үсэг зурахыг хүсэж байгаа. Иймд хүсэлтээ гаргасан харилцагчид 6 сарын 1-ний өдрөөс өмнө зээл авсан салбартаа очиж гэрээндээ гарын үсэг зурж, баталгаажуулах шаардлагатай байна.

Нийт хүсэлт илгээгчдийн дийлэнхийг аль салбарын ажилтнууд эсвэл бизнес эрхлэгчид эзэлж байгаа бол? Аль салбарт илүү эдийн засгийн хүндрэлүүд ажиглагдаж байна вэ?

Бүхий л салбарт ажиллаж буй харилцагчид хүсэлтээ гаргаж байна. Цар тахлын нөлөө шууд болон дам байдлаар дийлэнх салбарт нөлөөлж байна. Ресторан, нийтийн хоол, хүнснээс бусад худалдааны салбарт бизнес эрхлэгчид, тэдгээрийн ажилтнууд ялангуяа аялал жуулчлал, иргэний болон ачаа тээвэр хамгийн их өртөж байна.

Үүний эсрэг талд харилцагчдад шинээр зээл олгогдож байгаа юу?

Тийм. Орлого, бизнес хэвийн үргэлжилж буй харилцагчдад зээл олгож байна.

Корона вирустэй холбоотойгоор иргэдийн хадгаламж болон зээлийн харьцаанд өөрчлөлт орж байгаа болов уу? Хадгаламж эзэмшигчдийн тоо буурч байна уу?

Хадгаламж, зээлийн харьцаанд томоохон өөрчлөлт гараагүй. Банк зээлийн төлбөрүүдээ хойшлуулж байгаа ч хадгаламжийн хувьд банк харилцагчтай байгуулсан гэрээний дагуу үүргээ хүлээн хэвийн ажиллаж байна.
Цар тахлын нөхцөл байдал дэлхий даяар маш ноцтой болж, вакцин хэзээ гарах нь тодорхойгүй байгаа зэргээс хамаарч бүхий л улс орнууд эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байна. Монгол улсын засгийн газраас ч иргэдийнхээ орлогыг дэмжих цогц арга хэмжээ авсаар байна. Цар тахлын нөхцөл байдал хэр хугацаанд, хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байгаа тул иргэд шаардлагагүй хэрэглээгээ танаж, ирээдүйн эрсдэлтэй нөхцөл байдалд бэлдэх зорилгоор хуримтлал үүсгэх нь ажиглагдаж байгаа. Айл өрхүүд хуримтлалтай байснаар ирээдүйн хүндрэлийг хохирол багатай давах боломжтойг иргэд ойлгож байна. Цар тахал ч ойлгуулж байна.
Хуримтлал бий болгож чадсан иргэд, аж ахуйн нэгжүүд цар тахлын үеийн эрсдэлийг хүндрэл багатай даван туулж байна. Харин хараахан хуримтлалгүй байгаа иргэд маань банканд ирэлгүйгээр хадгаламж нээх бол TDB Online цахим банк болон веб (https://www.tdbm.mn/mn/418/c) сайтаар хүсэлтээ илгээн хадгаламжтай болох боломжтой.

Цаашид ХХБанкнаас иргэд болон бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого хэрхэн баримтлах, ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

- Сүүлийн жилүүдэд бид банкны салбарт ирж үйлчлүүлдэг бүхий л үйлчилгээг цахим суваг буюу TDB Online цахим банкаараа дамжуулан зайнаас авах боломжийг бүрдүүлэхийг зорин бэлдсэн. Хямралын энэ хүнд үед иргэд, аж ахуйн нэгжүүдээ цахим банк ашиглахыг уриалан санал болгож байна. Иргэд банканд ирэлгүйгээр харилцагчаар бүртгүүлэх, харилцах, хадгаламжийн дансаа нээх, хадгаламжаа сунгах, гадаад гуйвуулгаа хийх, хүлээн авах, хадгаламжаа барьцаалан маш богино хугацаанд зээл авах, хэрэглээний зээлийн хүсэлт илгээх, хэрэглээний зээлийг цахим худалдааны веб (www.shoppy.mn) хуудсаар дамжуулан авах зэрэг бүхий л үйлчилгээг банканд ирэлгүйгээр авч болохын зэрэгцээ бэлэн мөнгө огт хэрэглэхгүйгээр ч амьдарч болж байна. Энэ мэтчилэн бид банкны үйлчилгээг дэвшилтэт технологиор дамжуулан ямар ч үед тасралтгүй хүргэн ажиллах болно.
Түүнчлэн өнөөгийн хүндрэлтэй цаг үед санхүүгийн хямралд орсон харилцагчдынхаа нөхцөл байдлыг ойлгон зээлийн төлбөрийг уян хатан байдлаар өөрчлөх, хойшлуулах, шаардлагатай санхүүжилтийг олгох зэргээр хямралыг харилцагчидтайгаа хамтдаа аль аль нь хохирол багатай даван туулахыг хичээх болно.