Мэдээ / Aug 12, 2015

Тэмүүлэнг 18 нас хүрэхэд нь яадаг ч байсан 50,000,000 төгрөгтэй болгоно гэж бодоод байгаа.

Манай 10 жилийн ангиас 2 хос гарсны нэг нь бид хоёр.

Бид хоёр 10 жилийн нэг ангид хамт сурч төгсөөд, их сургуулиа дүүргээд, ханилан суухаар шийдсэн/гэрлэсэн/ боловч нэг гэрт орж /тусдаа гарч/ чадаагүй л байгаа юм. Нөгөө 2 маань 1 хүүхэдтэй, эцэг эхээсээ тусдаа гарч, бие даан амьдарч байна.Бид 4 салж хагацашгүй андууд байлаа.

Маргааш найз охины/эхнэр/ маань төрсөн өдөр бас хагас сайн. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэх вэ? Найз охин маань архитектурч мэргэжилтэй, уран зураг, дуу хөгжимд багаасаа сонирхолтой, хамт байхад хөгжилтэй охин. Тиймээс өмнөх жилүүд шиг гадуур зугаалж, кино үзэж, найзуудтайгаа аятайхан газар суун, хөгжилдөж болох л юм.


Харин надад энэ жил найзуудын хүрээнд аминчхан тэмдэглэмээр санагдаад байлаа. Их сургууль төгссөний дараахан 2 найзтайгаа ойр ойрхон уулзаж, хөдөө гаран хөгжилддөг байснаа амьдралын их далайд хөл тавьсны дараа утсаар ярих маань ховордож, уулзах хугацаа маань холдсоор байсан юм. FВ-ээр аялах зуураа найзынхаа profile-ийг шалган, тавьсан зураг, бичсэн comment-ыг харж, Like, Share хайрласнаас өөрөөр сүүлийн жил шахуу огт уулзаагүйгээ нэхэн санав.

 

 

Утсаа авч, найз руугаа залгалаа.

        -За, сайн уу, босс оо. Ойрд залгасангүй. Сонин сайхан юутай вэ дээ.

        -Хөөе амьд уу, ямар сонин хүн залгаж байна вэ? Намайгаа мартсан юм байх л гэж бодож байлаа. Сайхан өвөлжиж,

        хаваржаад, сайхан зусч байна уу?/Уулзсангүй удлаа гэж надад тунирхаж байгаагаа илэрхийлж байгаа нь тэр/

        -Зав чөлөө хэр байна. Маргааш нэг уулзаж, хөдөө гарч жаахан суух уу?

        -Таныг завтай гэвэл найз нь ажлаа зохицуулаад л очно шүү дээ. Тэгээд ч маргааш танай миссийн төрсөн өдөр биз дээ.

        Нараа бид 2 өчигдөрхөн ярьж байсан юм. Цаадах чинь бас дуртай байгаа. Харин ч майхан сав, загасны хэрэгслээ аваарай.

 

Ингээд маргааш Тэрэлж рүү гарахаар боллоо. Бид 2 гол дээр ганц нэг дэгээ шидэж, найз охидууд мах шарангаа хууч хөөрч, хааяа усанд орж, бие биеэ цаашлуулан, хөгжилдөж зугаацдаг нь бид 4-ийн хийж дадсан ажил. Сайхан ч амралт болдог байлаа.

Маргааш эртхэн уулзаж, замаараа мах, ногоо, ус ундаа аваад, Тэрэлж рүү гарлаа. Уулзаагүй удсаныг ч хэлэх үү, ам амаа билүүдээд, зогсолтгүй ярьж, инээж ханиасаар...

Тэрэлжийн амралт орлоо, байрлалаа, тохижлоо, гол дээр очлоо. Инээж ханиасаар л .. Зураг хөрөг дарж, Selfieхийцгээсээр л... Нэг л мэдэхэд нар гудайж байв. Тэмүүлэн /найзын хүүхэд/ ядраад, майханд ороод унтжээ. Хүүхэдтэй яваагаа ч мартах шахав.

 

Нэгэнт орой болсон тул Би

 

        -Хэдүүлээ амралт руугаа буцах уу? Оройхон караоке орьё гэтэл

        -Тэмүүлэнг яах билээ? Зүгээр л амралтын ресторанд орж жаахан сууж, буу халъя л даа. Ахуй амьдрал ярьж, хуучнаа

        дурсъя гэсэн яриа өрнөв.

 

Би дотроо нээрээ л бидний ярьдаг, боддог зүйл өөрчлөгджээ. Ганц хоёрхон жилийн өмнө бол хоорондоо ярилгүйгээр ойлголцоод, караокед орох байсан даа гэж бодонгоо, Эрдэнэбатын гэр орноо яаж авч, явж санхүүгээ зохицуулж байгааг сонирхохоор шийдээд

 

        -Тэгье, тэгье. Гэрийн эзэн, өрхийн тэргүүн хүнээс сурах юм их бий дээ гээд зөвшөөрлөө.

 

Эрдэнэбат хариу ёж үг хэлэх гэснээ болив уу? Үг нь олдсонгүй юу? Инээвхийлээд өнгөрлөө. Дооглосон ч байж магад.

Мэдээж залуус бидний хувьд мөнгө төгрөгний асуудал байдаг л даа. Тусдаа гарч чадахгүй эргэлзээд байгаа маань үүнтэй холбоотой.

Харин Эрдэнэбат, Байгалаа 2 маань санхүүгээ их сайхан зохицуулаад яваад байх шиг санагддаг.

Орой бидний хооронд мөнгө санхүүгийн яриа өрнөв.Цалин цагаагаа ярьцгаатал 2 гэр бүлийн орлого бараг ялгаагүй байлаа. Санаачлага мэдээж надаас эхтэй.

 

        -Та 2 санхүүгээ яаж болгоод байна аа. Бид 2-ын цалин сардаа хүрэхтэй үгүйтэй л дуусчих юм. Эргээд харахад 1

        машинтай, машины лизингтэй. Авсан хураасан юм байдаггүй.

        -Бид 2 бас ялгаагүй. Цалин аваад, байрны зээлээ төлөөд, хүүхдэдээ хэдэн цаас цаашаа хийгээд, үлдсэнийг нь

        хэрэгцээндээ зарцуулаад л таардаг юм.

        -Та 2-ыг бодвол бид 2 эцэг эхтэйгээ цуг амьдраад, хоол, байрны зардал гэхгүй байхад хурааж хуримтлуулсан юм

        байдаггүй.

        -Байгалаа л та 2-т “нууц”-аа ярьж ярьж өгнө дөө гээд эхнэр рүүгээ харлаа.

 

Нууц гэсэнд нь Байгалаа жуумалзаад, ийн хуучлав.

Найзын маань технологи маш энгийн ажээ.

“Та 2 мэднэ дээ бараг. Бид 2 ч ялгаагүй. Тэмүүлэнг олдохоос өмнө цалингаа арай ядан хүргэдэг байлаа.Би жирэмсэн болж байж бид 2 их ухаажсан даа. Өмнө нь цалингаа буухаар дэлгүүр хэсээд, амттан шимттэн авч идээд л, сарын эцэст мөнгөтэй мөнгөгүй л байдаг байлаа, яг та хоёр шиг. Тэр үедээ харин 1 автомашин лизингээр авсан.

Би жирэмсэн болж, амралтаа аваад ганц Эрдэнэбатын цалин үлдэв ээ. Эхний 2 сар өмнө сурснаараа амьдрах гээд байсан юм байна лээ. Эрдэнэбатын цалин 14 хоноод л дуусчихна. Сарын сүүлийн өдрүүдэд бараг хоолны мах аав ээжээсээ зөөх нь холгүй байдаг байлаа. Өөр аргагүй тул үнэхээр хэрэгтэй зүйлд мөнгөө зарцуулдаг боллоо. Ийм үе тулаад ирэхээр би Эрдэнэбатад бас уурлана аа. Өндөр цалинтай ажилд ор гээд. Тэгээд би өдөр бүр авсан зүйлээ тэмдэглэдэг болсон юм. 2 сарын дараа бичсэнээ нэгтгээд хартал дэмий зүйлд их мөнгө үрдэг, ихэвчлэн ордог дэлгүүр маань манай гэртэй ойрхон боловч бусдаас арай үнэтэй байдгийг илрүүлэв ээ. Бас аль болох том савлагаатай зүйл авбал 2 дахин хямд тусдагийг ч мэдсэн. Ингээд хагас жилийн дараа Эрдэнэбатын цалин нэмэгдээгүй ч манайх гэдэг айл орлогоороо амьдарч сурсан юм.

Би 2 жил шахуу гэртээ суугаад, ажилдаа орсоныг та хоёр мэдэж байгаа даа. Манай орлого ч бараг 2 дахин нэмэгдэв. Сарын эцэст бид 2-ын цалин элбэг хүрээд цаана миний цалин илүү гарав. Энэ үед бид 2 сарын эцэст зарцуулсан мөнгөө хамт сууж, дүгнээд сурчихсан байсан юм. Манай гэр бүлийн өмнө 2 сонголт байлаа.

 

        -Илүү гарсан цалингаа хуримтлуулах уу?

        -Сарын хэрэглээгээ нэмэх үү?

 

Хоёулаа ярьж байгаад, шийдвэр гаргалаа.Яг энэ л АЛТАН АГШИН шүү. Хэрвээ энэ үед сарын хэрэглээгээ нэмсэн бол одоо байр ч үгүй, машин ч үгүй, цалингийн зээлтэй л сууж байх байсан.

Бидний шийдвэр ийм байсан юм. Ингээд төлөвлөгөө зохиолоо. Нэгэнт 2-уулаа цалинтай болсон юм чинь энэ сараас хэрэглээгээ 10% л өсгөе. Бусдыг нь хуримтлуулъя. Ингэснээр 2 жилийн дараа машинтай, дахиад 2 жилийн дараа байрны урьдчилгаатай болохоор байлаа. Бид 2-ыг ухаажуулсан хүүхдээ ч орхисонгүй. Тэмүүлэнгийн 3 насны төрсөн өдрөөр нэр дээр нь анх Худалдаа Хөгжлийн Банкинд 100,000 төгрөгийн хүүхдийн хадгаламж нээсэн, сар бүр 100,000 төгрөг хийгээд, дээрээс нь хүүхдийн 20,000 нь бас шууд нэмээд явж байгаа. Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөс нь хойш ярьж байгаад сард 200,000 төгрөг хийж байхаар болсон.18 хүрэхэд нь яадаг ч байсан 50,000,000 төгрөгтэй болгоно гэж бодоод байгаа.” гэж ярьсаар нэг л мэдэхэд цаг 12:00 өнгөрчээ. Найзын минь яриа мөн ч шимтэй байлаа. Бид 2-т мөн ч их юм өглөө. Уулзах бүрдээ ухаарал өгдөг учраас бид 2 найздаа хайртай байдаг юм. Ингээд амралтын газрын ресторан хаах гээд бид хэдийг хүлээгээд байсан тул энэ өдрийг өндөрлөхөөр, тооцоо хийгээд босоцгоолоо. Би Эрдэнэбатыг тэврэв. Эхнэр маань Байгалааг чин сэтгэлээсээ чанга тэврээд, энэ миний хамгийн сайхан төрсөн өдрийн бэлэг байлаа гэлээ.

 

Бие биедээ сайхан амрахыг ерөөгөөд, өрөө өрөө рүүгээ орцгоолоо.

Бид 2 өрөөндөө ороод, бие биелүүгээ чимээгүйхэн, духаараа харцгаав. Аль аль буруутайгаа мэдэж байгаа. Гэвч сурсан зангаараа инээлдээд ердөө ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЬЕ гэлээ.

 

Тийм ээ үнэхээр сайхан төрсөн өдөр боллоо. Маргаашнаас ухаантай, учиртай амьдарна аа.

 

"Хуримтлалтай Монгол хүүхэд" Санхүүгийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч: МӨНГӨ.МН

Өсвөр үеийнхээ ирээдүйд хөрөнгө оруулагч ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт