Мэдээ / Dec 25, 2014

Мөнгө угаах эрсдэлээс сэргийлэх уулзалт, зөвлөгөөн амжилттай боллоо

Мөнгө угаах болон  терроризмыг  санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх, харилцагчаа  таньж үйлчлэх, гүйлгээ, төлбөр тооцоог эрсдэлгүй, шуурхай гүйцэтгэх нь дэлхийн улс орнуудын арилжааны банкуудын нэгэн чухал үйл ажиллагаа, голлох үзүүлэлт болон хэвшээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Монгол улсын арилжааны банкуудын хувьд Худалдаа, хөгжлийн банк анх удаа энэ талаарх ажлуудыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ Даваа гарагт “Мөнгө угаах эрсдэлээс сэргийлэх нь” сэдэвт уулзалтыг Монголын банкны холбооны байранд харилцагчдаа урин, зохион байгууллаа.

Уулзалтад нийт 40 гаруй харилцагч компани, байгууллагын захирал, санхүүгийн ажилтнууд оролцсоноос гадна Монголбанкны Санхүүгийн Мэдээллийн Алба, ЦЕГ-ын ЗБГХТГ-ын Мөнгө угаалттай тэмцэх тасгийн төлөөлөл урилгаар оролцож танилцуулга мэдээлэл хийсэн юм.

Уулзалтаар ХХБ-ны ажилтнууд мөнгө угаалттай тэмцэх олон улсын зохицуулагч байгууллагуудаас гаргасан зөвлөмж, стандартууд, тэдгээрт үндэслэн харилцагчид данс нээх, банкны үйлчилгээ үзүүлэх, гүйлгээ хийхэд тавигдаж буй шаардлага зэргийг харилцагчиддаа танилцууллаа.

ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Д. Отгонбилэг “Уг арга хэмжээ нь банк, харилцагчийн цаашдын үр дүнтэй хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн алхам болж байгаагийн зэрэгцээ мөнгө угаалттай тэмцэх нь зөвхөн нэг арилжааны банк, цагдаа, төрийн байгууллагын үүрэг биш, бүх талуудын харилцаа, хамтын ажиллагаа чухал үр дүнтэй. Худалдаа, хөгжлийн банк мөнгө угаах эрсдэлийг олон нийтэд таниулах талаарх ажлуудаа цаашид ч далайцтай үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна” хэмээн онцолсон юм.

ХХБ харилцагчдад данс нээх болон үйлчилгээ үзүүлэхдээ “Харилцагчаа таних зарчим”-аар ажиллаж, олон улсын түвшинд нийцсэн программ хангамжид суурилан, мэдээллүүдийг бүрэн зөв, шуурхай дамжуулан, хянаж, ажилтнуудаа сургалт мэдээллээр тогтмол хангаж ажилладаг юм.  

Иргэд хэдийгээр мөнгө угаалтын талаар тодорхой хэмжээний ойлголттой болж байгаа хэдий ч манай нийт хүн амын дийлэнх нь нь энэ талаар бүрэн, зөв ойлголтгүй хэвээр л байгаа юм. ХХБ-наас мөнгө угаалтаас сэргийлэх өдөрлөгийг банкны салбарууд дээрээ тогтмол зохион байгуулж, гадаад гүйлгээ хийж байгаа харилцагчдад мөнгө угаалтаас үүсч болзошгүй эрсдэлийн талаар бодит жишээн дээр тайлбарлан өгч танилцуулдаг нь иргэдийг энэ талын мэдлэг мэдээлэлтэй болгохыг зорьж буйтай холбоотой юм.

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт