Мэдээ / Oct 31, 2014

Картын эрсдэлийн талаар арилжааны банкууд нэгдэн ажиллах талаар зөвлөлдлөө

Технологийн хөгжлийг дагаад банкны үйлчилгээ интернэт банк, мобайл банк зэрэг цахим байдалд шилжиж, энэ нь иргэдэд ч банктай харилцахад илүү амар хялбар болж байгаа билээ. Цахим төлбөр тооцоо нь 2008 оноос хойш жил бүр дэлхийн эдийн засгийн өсөлтийг 1.8 нэгжээр өсөхөд нөлөөлж, улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгагч нэгэн хүчин зүйл болж байгаа ч харилцагчийг аливаа эрсдэлээс хамгаалах өндөр технологи, цогц систем банкуудад бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.  Өөрөөр хэлбэл байгууллага бүр үйл ажиллагаандаа эрсдэлээс сэргийлэх систем, хяналтыг бий болгохын тулд өндөр хүчин чадал бүхий програм хангамж, сүлжээ, хөгжүүлэлт, тоног төхөөрөмжид ихээхэн хэмжээний хөрөнгийг зарцуулах болдог.

Яг энэ асуудлын хүрээнд Худалдаа, хөгжлийн банкнаас санаачлан, анх удаа бусад арилжааны банкуудаа уриалан, харилцагчаа эрсдэлээс хамгаалах байнгын, найдвартай, аюулгүй байдлыг хангахад зориулагдсан систем, ажиллах хүчийг нэгтгэн нийлүүлж, хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх өндөр боломж байна гэдэг дээр санал бодлоо солилцох “Банкны картын эрсдэл 2014” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд нийт арилжааны банкууд, Монголбанк, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, ЮнионПэй Интернэйшнл компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Мост ПСП ХХК-аас төлөөлөгчид ирж, сүүлийн үед гарч буй төлбөрийн картын эрсдэлийн талаарх мэдээлэл солилцох, авч буй арга хэмжээ, бодлогоо нэгтгэх, хоорондын хамтын ажиллагаагаа сайжруулах талаар ярилцсан юм.

Өнөөдөр дэлхий нийт эрсдэлээс хамгаалах ирээдүйн шийдэл, арга хэрэгсэлд давхардсан хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж, хоорондоо нэгдэн нийлэх, хамтран ажиллах замаар илүү үр дүнд хүрээд байгаа юм. Жишээ дурдвал, Виза, МастерКарт байгууллагууд нь хэдийгээр төлбөрийн системийн өрсөлдөгчид хэдий ч луйврын гүйлгээний эрсдэлээс хамгаалах хамгийн боловсронгүй технологийг нэвтрүүлэгч EMV Co.,ltd, болон PCIDSS компаниудыг хамтран байгуулж ажилласан нь дэлхийн төлбөрийн системийн хөгжлийг шинэ түвшинд гаргаж ирсэн билээ.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт