Мэдээ / Oct 27, 2014

Гадаад валютын арилжаанд ББСБ-уудыг зуучлагч банкаар шалгарлаа

Худалдаа, хөгжлийн банк нь Банк бус санхүүгийн байгууллагуудыг Монголбанкны Гадаад валютын дуудлага худалдаанд зуучлан оролцох банкаар сонгогдож байна. Үүнтэй холбоотойгоор ХХБ болон Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо (МББСБХ),  валютын арилжааны эрхтэй ББСБ-ууд хамтран Хамтын ажиллагааны гурван талт гэрээ үзэглэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Уг гэрээ үзэглэх үйл ажиллагаанд ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, МББСБХ-ны Ерөнхийлөгч А.Алтансүх болон бусад ББСБ-уудын Гүйцэтгэх захирлууд хүрэлцэн ирлээ.

Монгол улсад 2014 оны эхний хагас жилийн байдлаар нийт 326 ББСБ  үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 50 нь зөвхөн гадаад валютын эрхтэй байна. Гадаад валютын арилжаа хийх эрхтэй ББСБ-ууд нь Монголбанкны арилжаанд оролцох эрхгүй байдаг бөгөөд дуудлага худалдаанд хэрхэн оролцох талаар албан ёсоор тогтоосон зохицуулалт байдаггүйгээс дурын аль нэг банкинд хандан, арилжааны хүсэлтээ явуулан арилжаанд оролцдог байна. Тэгвэл МББСБХ болон Монголбанк санаачлан ББСБ-уудыг дуудлага худалдаанд чөлөөтэй оролцох боломжийг хангах үүднээс албан ёсны зуучлагч банкаар ХХБ-ыг шалгаруулсан юм.

Монгол улсыг дэлхийтэй холбогч санхүүгийн гүүр болох ХХБ нь Монгол улсын мөнгөний зах зээлийн 24 хувийг, гадаад валютын арилжааны 33 хувийг, алтны арилжааны 51 хувийг тус тус дангаараа гүйцэтгэн, үүсгэн байгуулагдсан цагаасаа гадаад валютын дуудлага худалдаанд голлох оролцогч байж, арвин туршлага хуримтлуулсан нь ББСБ-уудын зуучлагч банкаар сонгогдоход нөлөөлсөн юм.

Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан гадаад валютын дуудлага худалдаанд оролцогчдын тоо өсч, улмаар өрсөлдөөн нэмэгдэн, арилжааны мэдээлэл нээлттэй, ил тод болох, валютын ханш илүү бодитой тогтох гээд олон таатай нөхцөл боломжуудыг нээсэн, ач холбогдол бүхий үйл явдал боллоо.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих