Мэдээ / Aug 05, 2014

Б.Мэдрээ: Төлөөлөгчийн газрын нээлтийн хүрээнд Монгол сумочдоо дэмжин бооцоо тавьсан анхны монгол компани болсон

Олон улс дахь анхны Төлөөлөгчийн газраа Япон улсад нээсэн Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээтэй ярилцлаа. Гадаад харилцаа сайтай, олон улсад танигдснаараа банкууд дундаа онцгойрдогийн хувьд олон улсад төлөөлөгчийн газартай болсон нь тийм ч гайхах зүйл биш юм. Харин эдийн засаг тийм ч сайнгүй байгаа энэ үед БНСУ-ын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгосон нь сонирхол татсан юм.

- Юуны түрүүнд Япон улсад Төлөөлөгчийн газраа нээсэн талаар ярилцъя. Яагаад заавал Япон улс вэ гэж асуумаар байна?

Япон улсад бид анхны төлөөлөгчийн газраа нээж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм аа, Японы бизнесийн байгууллагуудтай хамтран ажилласан олон жилийн туршлага бидэнд бий.  Тэдний аливаад чин сэтгэлээсээ ханддаг сайхан чанар, итгэж болох найдвартай байдал нь бизнесийн хамтын ажиллагаа амжилттай болоход хамгийн гол нөлөө үзүүлдэг. Манай банк анх байгуулагдсан 1990 оноос л Япон улсын Bank of Tokyo - той харилцаа тогтоож, гадаад төлбөр тооцоо гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл амжилттай хамтран ажиллаж байгаа манай сайн түнш. Мөн Sumitomo Mitsui Banking Corporation болон Mizuho corporate bank - тай сүүлийн жилүүдэд нэлээд ойр дотно түншилж, сайн харилцаатай ажиллаж байна.

Мөн одоогоос 20 жилийн өмнө буюу 1994 онд Японы JCB international байгууллагатай хамтраад, Монголд анх удаа JCB картыг төлбөрт хүлээн авдаг болсон. Өөрөөр хэлбэл Япон иргэд JCB картаараа ХХБ-ны салбаруудаар үйлчлүүлэх, үйлчилгээний байгууллагад байршуулсан Пос машинуудаар худалдан авалт хийх, АТМ-аас бэлэн мөнгө авах гээд боломжууд 1994 оноос хойш л нээлттэй болсон гэсэн үг. Зөвхөн Япон иргэд ч гэлтгүй JCB карттай аль ч улсын иргэд Монгол улсад аялаж, амьдрахдаа чөлөөтэй үйлчлүүлэх боломжийг нээж өгсөн байгаа. Гэх мэтчилэн Япон улстай холбоотой түүх яривал нэлээд их зүйл бий.

- Төлөөлөгчийн газар Японд ямар үйл ажиллагаа явуулж, юу хийх вэ, товчхондоо бол ямар ач холбогдолтой талаарх асуулт л даа?

Ач холбогдлын талаар ярихаас өмнө нэг зүйлийг тодотгоход манай Төлөөлөгчийн газар нээлтийн үйл ажиллагаагаа Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан нь бид бол улсынхаа төр засгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн банк юм байна хэмээн бахархах сэтгэл төрж байлаа.

Манай улсын хувьд Азидаа эдийн засаг нь хамгийн хурдтай хөгжиж байгаа орон учраас гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүжилт босгоход Төлөөлөгчийн газар маш өндөр ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг Монголын эдийн засаг, зах зээлийн талаарх хэрэгтэй мэдээллээр хангахаас гадна тэд нарыг өөрийн улсын төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудтай холбох санхүүгийн гарц нь болж өгнө. Мэдээж хэрэг, үүний хажуугаар өөрийн банкны үйл ажиллагааг сурталчилах, харилцагч татах, сайн түншүүдийн тоогоо нэмэх, гадаад харилцаагаа тэлэх том боломж гэж хэлж болно. Цаашид бид дэлхийн бусад улс орнуудад Төлөөлөгчийн газартай болох төлөвлөгөө байна.

- Японы мэргэжлийн сумогийн Нагоя башёд Монгол компани анх удаа бооцоо тавьсан талаар хүмүүс ярьж байна. Тэр компани нь Худалдаа, хөгжлийн банк гэж дууллаа. Цаг хугацааны хувьд танай Төлөөлөгчийн газар нээгдсэн өдөртэй давхцаж байгаа юм байна?

Тийм ээ, Япондоо төдийгүй дэлхий даяар алдартай мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ манай банк Нагоя башёд барилдаж байгаа монгол бөхчүүдээ дэмжин бооцоо (кэншо) тавьсан анхны монгол компани болсон. Хүмүүст нэлээн хүрсэн юм шиг байна лээ, олон хүн надаас энэ талаар асуусан.

Бооцооноос гадна Төлөөлөгчийн газрын нээлтийг тохиолдуулаад бид ЗГХЭГ болон Япон дахь Монголын ЭСЯ-тай хамтраад “Монголын үдэш” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан, ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөсөн сайхан арга хэмжээ болсон. Тэр үдэш Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы парламентын зөвлөхүүдийн танхим дах Монгол, Японы найрамдлын бүлгийн дарга Эда Сацүки, Японы ЗГХЭГ-ын дэд сайд Нишимура Ясутотши болон бусад хүндтэй зочид хүрэлцэн ирж, монгол үндэсний дуу хуурыг сонсон, үндэсний зоог барьж, монгол зан заншилтай танилцсан.

- Япон улстай харилцах, тэдний талаарх Монголчуудын ойлголт эерэгээр өөрчлөгдсөн нь  1990-ээд оноос эхэлсэн байх. Тэд бол манай стратегийн түнш. ХХБ-ны Японтой харилцсан түүх бол яалтгүй гүн гүнзгий сайн харилцаа юм байна, харин манай хоёр улсын хоорондох харилцаан дээр Таны бодлыг сонсъё?

Би хувь хүнийхээ хувьд, Монгол улсын иргэнийхээ хувьд Япон улсын манай улстай харилцсан удаан жилийн сайн харилцаа, сайхан сэтгэлийн тусламж дэмжлэгт талархаж явдаг. 1990 оноос өмнө Япон улс Монголын аж үйлдвэрийн салбарын тулгуур болсон үйлдвэрүүдийг барьж байгуулсан. Тухайлбал, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр, Мах комбинатыг барьсан бол Улаанбаатарт “Говь” комбинат болон туршилтын үйлдвэрүүдийг нь бүтээн байгуулж өгсөн түүхтэй.

Шилжилтийн хүнд хэцүү цагт ч гэсэн япончууд бидэнд ихээхэн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн. Үүний нэг жишээ нь “Өвсний үндэс” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хөдөө, орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдийн барилгыг засах, шинээр барихаас эхлээд олон ажил хийсэн. Өнөөдөр ч мөн адил. Япон улсын тусламжтайгаар Төв аймаг дахь Хөшигийн хөндийд нисэх буудал барьж байна. Урлаг, соёл, боловсрол гээд олон олон  салбарын тухайд ч ярих зүйл, дурсах дурсамж бишгүй олон бий.

- Мөн Япончууд Монголын бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг манай арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлдэг байх аа?

Тэгэлгүй яахав, би энд зөвхөн нэг байгууллагын хувьд, ХХБ-ны хүрээнд ярихад, манай банк Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JICA)-тай Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн гэрээг 2006 онд байгуулсан байдаг. Өнгөрсөн хугацаанд төслийн зээлийн хүрээнд нийт 20 тэрбум төгрөгийн зээлийг 60 гаруй харилцагчид дамжуулан олгосон. Энэ санхүүжилтийг авсан харилцагчид бизнесээ өргөжүүлж, үйл ажиллагаагаа тэлсэн.

Хамгийн сүүлд гэхэд 2013 онд Японы “Эм Жи лизинг” корпорацитай хамтран, санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх “Ти Ди Би лизинг” компанийг манай банк байгуулсан.

“Ти Ди Би лизинг” өнөөдөр дотоодын олон салбарт, Тухайлбал, дэд бүтэц, барилга, зам, тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбаруудад Япон улсын тоног төхөөрөмж, машин механизмыг санхүүгийн түрээсээр үйлчилж, амжилттай ажиллаж байгаа.

- Хамгийн сүүлд миний сонссоноор бол танай банк Солонгосоос хөрөнгө босгосон гэсэн мэдээлэл байна. Эдийн засаг хүнд байгаа үед энэ мэдээ сайхан сонсогдож байна. Энэ талаар Та дэлгэрүүлж ярихгүй юу, мөн шуудхан хэлэхэд банкуудын өнөөдрийн нөхцөл байдал ямар байна?

Монголын арилжааны банкуудын үйл ажиллагаа айхтар доголдоогүй ч гэсэн үнэндээ бол бэлэн мөнгөний хүрэлцээнээс болоод далайцтай ажиллаж чадахгүй байна. Үүнийг дагаад бизнес эрхлэгчдийн хувьд ч бизнесээ өргөжүүлэх, эргэлтээ нэмэгдүүлэх боломжгүй болчихоод байгаа юм.

Хөрөнгө босгосоны хувьд гэвэл Манай банк Солонгосын хөгжлийн банктай олон жил сайн харилцаатай ажиллаж ирсэн. Энэ түншлэлийнхээ хүрээнд тус банкны охин компани болох KDB Daewoo Securities компаниар дамжуулан ам.долларын хадгаламжийн сертификат хэлбэрээр БНСУ-ын хөрөнгийн зах зээл дээрээс 10 тэрбум воны дүнтэй тэнцэхүйц хөрөнгийг босгосон. 

Кастодиан банкаар Солонгосын хөгжлийн банк, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэгч компаниар Goldenbridge ажиллаж байгаа. Энэ хадгаламжийн сертификатын зах зээл дээрх эрэлт нэлээд өндөр байгаа нь бидэнд дахиад БНСУ-ын зах зээл дээр үргэлжлүүлэн уг бүтээгдэхүүнээ санал болгох боломжтой юм байна гэж харагдаж байна.

Босгосон хөрөнгө бэлэн мөнгө дутагдалтай байгаа Монголын бизнес эрхлэгчдэд санхүүжилт болон очих болно.  

Ярилцсанд баярлалаа.
Т.Танан


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт