Мэдээ / Nov 21, 2013

Монгол улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичигт нийт банкны удирдлагууд гарын үсэг зурлаа.

Өнөөдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр МБХ-ны байранд “Монгол улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т нийт банкны удирдлагууд гарын үсэг зурж, Монгол Улсын банк, санхүүгийн системд зохистой санхүүжилтийн үзэл баримтлал, тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө зорин ажиллахаа тунхаглалалаа.

Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолд БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар, МБХ-ны болон нийт банкны гүйцэтгэх удирдлагууд, олон улсын байгууллагуудын төлөөллүүд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Энэхүү тунхаг бичигт:
Бид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй оролцож буй санхүүгийн байгууллагын төлөөлөл болохын хувьд банк, санхүүгийн системд зохистой санхүүжилтийн үзэл баримтлалыг байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогоор дамжуулан нэвтрүүлэхийг санал нэгтэйгээр дэмжин, нэгдэж байна.

Хөгжил дэвшил нь бидэнд шинэ боломж, нөхцөлийг богино хугацаанд олгохын зэрэгцээ агаар-ус-хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөц болон усны хомсдол, орчны доройтол, хүн амын хэт төвлөрөл, ядуурал болон бусад асуудлыг шийдвэрлэх сорилтыг дагуулж байна. Монгол Улс үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа энэ үед, бид эдийн засгийн эрчимтэй хөгжлийг байгаль орчныг хамгаалах, бидний хосгүй нүүдэлчин өв соёл, ахуй, түүхийн үнэт зүйлсийг хадгалах бодлоготой нягт уялдуулах, өрхийн тогтвортой амьжиргаа, Монгол хүний боловсрол, эрүүл мэнд, амьдралын хэв маягт нийцүүлэн төлөвлөх хэрэгтэй юм.

Бид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх оновчтой шийдлийг эрэлхийлж, эрүүл аюулгүй, ногоон орчинд ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө нэгдэж, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаа, хамтран ажиллаж буй харилцагч, үйлчлүүлэгчдээрээ дамжуулан Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн хөгжилд хөтлөх тулхтай шийдвэрүүдийг гаргаж ажиллана гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

Бид дараах арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ тунхаглан илэрхийлж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, яам, тамгын газар, иргэний нийгмийн байгууллагууд, харилцагчид, иргэдийг энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцохыг уриалан дуудаж байна.

Аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа байгаль эх дэлхий, хүрээлэн буй орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай байх зарчмыг удирдлага болгож ажиллана;
Аливаа шийдвэртээ санхүүгийн тогтвортой байдал, байгаль орчны тэнцвэртэй байдал, тэдгээрт үзүүлэх үр нөлөөг харгалзан үзэж байх зарчмуудыг боловсруулж, бүх нийтээрээ мөрдлөг болгохыг уриална;
Банк, санхүүгийн салбарын нийт ажилтан, харилцагч үйлчлүүлэгчид, хамтран ажиллаж буй байгууллагууддаа хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний ач холбогдлын талаар мэдээлэл, ойлголт өгч, тогтвортой үр өгөөжийг түгээн дэмжинэ;

Бүх сонирхогч талуудтай хариуцлагатай, нээлттэй харилцана.
Бид тогтвортой санхүүжилтийн хөгжлийн тогтолцоог бүрдүүлэх хүсэл эрмэлзэл, зорилтоо батлан илэрхийлэх, бүх нийтийг энэ үйлсэд уриалан дагуулах зорилгоор энэхүү Хамтарсан Тунхаг Бичигт гарын үсэг зурав гэсэн байна.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн санхүүжүүлэх төсөл бүрийн эдийн засгийн үр өгөөж, эрсдэлийг тооцохын зэрэгцээ тэдгээрийн байгаль орчин болон нийгэм, ард нийтэд үзүүлж болох сөрөг нөлөөллийг урьдчилан тооцох, түүнийг удирдах, бууруулах, зайлсхийж байх арга хэмжээг авч байх юм.

Монголын Банкны Холбоо

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт