Мэдээ / Sep 02, 2013

Б.Мэдрээ: Банкны салбарын нийт хөрөнгө нь ДНБ-ий 85 хувийг дангаараа бүрдүүлдэг

Азийн банкны холбооны 30-р чуулган Монголд улсад анх удаа зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч Б.Мэдрээтэй энэ сэдвээр ярилцлаа.

Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх Захирал, Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч

 

Б.Мэдрээ нь Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд банк, санхүүгийн салбарт 25 гаруй жил ажилласан Монгол улсын туршлагатай банкир юм.

Ажилласан байдал:

1987-1991 он              Улсын банкны ерөнхий хорооны Хэлтсийн дарга
1991-2000 он              ХХБ-ны Тамгын газрын захирал, Дэд захирал, Гүйцэтгэх  захирал
2002-2006 он             “Гурван бар кредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал
2006-2007 он             Капитрон банкны Гүйцэтгэх захирал
2007 оноос                 ХХБ-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Монголын Банкны Холбооноос зохион байгуулж буй Азийн банкны холбооны 30-р чуулганы талаар Тантай ярилцахаар урьлаа. Энэ чуулганы ач холбогдол болоод манай улсад үзүүлэх эерэг нөлөөллийг Та хэрхэн харж байгаа вэ?

Азийн банкны холбоо хэмээх байгууллагатай Монголын банкууд харилцаа холбоо тогтоож, туршлагаас нь судлаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Энэ удаагийн 30-р чуулган Монгол улсад зохиогдохоор болсонд бид маш өндөр хэмжээнд ач холбогдол өгч хүлээж авч байгаа. Энэ бол Монголын банкны салбарын өсөлт хөгжил олон улсын хэмжээнд хүрсэний тод томруун илрэл гэж хэлж болно. Өнөөдөр манай санхүүгийн зах зээл дээр хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, чадвартай сайн боловсон хүчнүүд банкны салбарт ажиллаж байна. Товчоор хэлбэл Монгол улсын эдийн засгийн хөгжилд банкууд хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа.

Чуулганаар Ази, Номхон далайн бүс нутгийн санхүү, банкны салбарын шилдэг төлөөллүүд Монголд цугларч, туршлага, ололт амжилтаа хуваалцана, цаашлаад Монгол улсын банкны салбар олон улсад харилцаагаа тэлэх боломж гарч ирнэ, олон улс дахь нэр хүнд ч өснө.  
Олон улсын өргөн хэмжээний том чуулганыг зохион байгуулж буй Монголын Банкны Холбоонд бид баяр хүргэх ёстой, энэ ажилд арилжааны банкууд Холбоог дэмжээд, хамтран зохион байгуулалтад оролцоод явж байгаа.  

Чуулганы үеэр ямар асуудлуудыг түлхүү авч хэлэлцэх вэ?

9-р сарын 12, 13-нд 2 өдрийн турш салбар хуралдаанууд явагдана. Чуулганы гол уриа буюу ерөнхий сэдэв нь Ази бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр гэсэн агуулгатай байгаа. Ерөнхийдөө дэлхийн эдийн засагт гарч байгаа хүндрэлүүд юу байна, тэр нь Азид яаж нөлөөлөх, байгалийн баялаг ихтэй Ази тивийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, цаашдын сорилт болоод боломжууд, санхүүгийн салбарт орчин үеийн технологийн дэвшлийг Азийн банкууд хэрхэн нэвтрүүлсэн, цаашдаа улам сайн хөгжүүлэх зэрэг олон улсын туршлагаа улс орнууд хуваалцана.

Зөвхөн санхүү, банкны төлөөллүүд ч гэлтгүй Ази, Номхон далайн бүс нутгийн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, Монголын арилжааны банкууд, санхүүгийн байгууллагууд, төр засгийн бодлого тодорхойлогчид оролцох учраас үр дүнг бид маш өөдрөгөөр харж байгаа. Монголын банкны салбарыг олон улсад таниулах том үйл ажиллагаа гэж хэлж болно.

Монголын банкууд олон улсад хэр танигдсан гэж Та дүгнэдэг вэ, ер нь банкуудын өнөөгийн байдлын талаар туршлагатай банкирын хувьд санаа бодлыг тань сонсъё?

Манай банкууд хөрөнгийн хувьд олон улсын банкуудтай харьцуулахад жижиг ч гэлээ сүүлийн 20 жилд хамгийн үсрэнгүй өндөр хөгжсөн салбар шүү дээ. Монгол улсаас анх удаа олон улсад бонд арилжаалсан байгууллага нь арилжааны банк, Ази, Европт дэлгэрч байгаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээ бүгд Монголд байна. Чамлаж болохгүй сайн үзүүлэлтүүд арилжааны банкуудад байгаа, Монголын эдийн засгийн том ачааг үүрч байгаа банкны салбарын нийт хөрөнгө нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувийг дангаараа бүрдүүлдэг.

Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгчийн хувьд Танаас асуухад тус холбоо гишүүн банкуудаа нэгтгэх, хамтын ажиллагааг дэмжих тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

Монголын Банкны Холбоо бол бизнесийн байгууллага биш, харин салбарын бодлогыг хамтдаа хэлэлцэж, мэргэжил нэгт хүмүүс хамтран асуудлаа шийдвэрлэдэг мэргэжлийн холбоо гэдгийг энд онцолмоор байна. Арилжааны банкуудын нягт хамтран ажиллах, өсөх хөгжихөд Холбоо маш чухал үүрэгтэй ажиллаж байгаа. Жишээ нь, Холбооны дэргэд эрсдэлийн удирдлага, хууль, хүний нөөц, тусгай актив, маркетинг зэрэг мэргэжлийн зөвлөлүүд ажилладаг. Энэ нь банкууд хамтдаа асуудлаа тодорхойлж, нэгдсэн байр сууриа тодорхойлох, зөв шийдлээ эрэлхийлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 8 хувийн орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, нөхцөлүүд нь ямар байх нь зүйтэй талаар  банкууд хэлэлцэн, санал шийдлээ холбогдох байгууллагад хүргүүлж, хамтран ажиллахад Холбоо гишүүдээ чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ удаагийн томоохон хэмжээний энэхүү чуулганыг арилжааны банкуудтай хамтран зохион байгуулж байгаа зэргээс Холбооны үйл ажиллагаа сайн байгаа гэдгийг хэлэх байна.

8 хувийн зээлтэй холбогдуулж асуухад, энэ зээл зорилтот бүлэгтээ хүрч чадаж байгаа юу, зээлийн явц болон эх үүсвэрийн хангалтын талаар мэдээлэл өгөөч?

Арилжааны банкууд Монголбанктай хамтраад 8 хувийн зээлийн үйл ажиллагааг маш амжилттай зохион байгуулж, харилцагчиддаа хэвийн олгоод явж байгаа, эх үүсвэрийн хувьд хангалттай байгаа, үнэхээр шаардлагаа хангаад ирж байгаа харилцагчиддаа аль болох шуурхай олгох талаас нь ажиллаж байна. Худалдаа, хөгжлийн банкны хувьд 8 хувийн хүүтэй зээлийг зорилтот бүлэг болох дундаж орлоготой иргэддээ олгож, зээл олгож эхэлсэн эхний 42 хоногт нийт арилжааны банкуудын 8 хувийн хүүтэй зээлд хамрагдсан зээлдэгчдийн 25 гаруй хувийг ХХБ-ны зээлдэгчид эзэлж байгаа талаар Монголбанкны тоон мэдээ гарсан байсан.
Ярилцсанд баярлалаа.

Т.Танан


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт