Мэдээ / Nov 09, 2012

Л.Соронзонболд: Байгууллагын банкны зах зээлд эзэлсэн нэр хүнд маань иргэдийн зах зээлд нэвтрэх том хөшүүрэг болж байна

Монгол улс цоо шинэ нийгэмд хөл тавихтай зэрэгцэн байгуулагдаж, банкны салбарын шинэ соргог бүрт нэр нь сонсогддог Худалдаа, хөгжлийн банкийг Та бүхэн сайн мэднэ. Энэ банкны Гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболдтой ярилцлаа. Түүнийг боловсролтой, эрч хүчтэй, асуудалд шуурхай ханддаг захирал хэмээн ажилтнууд нь тодотгодог юм билээ.

Таныг Хас банкаар овоглодог байсныг тань мэдэх юм байна. Сүүлийн жил хагаст Худалдаа, хөгжлийн банкинд ажиллаж байгаа талаар яриагаа эхлэе?

Би Хас банкинд тэргүүн дэд захирлын албан тушаалыг хаштлаа 12 жил ажилласан. Энэ хугацаанд тодорхой хэмжээний амжилттай ажилласан гэж өөрийгөө боддог. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд Худалдаа, хөгжлийн банкинд ажиллаж байна. Энэ банкны зорилтот зах зээл, байгууллагын соёл, үйл ажиллагааны цар хүрээ зэрэг олон зүйл нь надад эрс ялгаатай өөрчлөлтүүдийг мэдрүүлсэн. Товчхон хэлэхэд ХХБ-нд ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаа.

ХХБ-нд Та ямар албан тушаал хашиж байна, өөрийн тань хариуцдаг, гардаж хийдэг ажлууд, онцлог гээд асуувал?

Иргэдийн зах зээл хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна. Хариуцсан газар, нэгжүүдтэйгээ хамтраад иргэд рүү чиглэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, илүү сайжруулах, картын бизнесийг хөгжүүлэх, картыг төлбөрт хүлээн авах сувгууд болон бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх зэрэг ажлуудыг хариуцаж байна даа. Мөн салбарын удирдлага, харилцагчийн үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг хариуцдаг.

Сүүлийн үед ХХБ-наас Most money, UnionPay гээд шинэ бүтээгдэхүүнүүдийн цуваа үргэлжилж байна, иргэд рүү чиглэсэн бодлого баримтлаж байна уу гэж харагдаад байгаа?

ХХБ бол Байгууллагын банкны зах зээл дээр байнга тэргүүлсээр ирсэн банк. Иргэдийн зах зээл дээр үйл ажиллагаагаа тодорхой хэмжээнд өргөжүүлэх бодлого баримтлаж байгаа нь үнэн. Тухайлбал, иргэдийн зээлээ нэмэгдүүлж байна, цахим бүтээгдэхүүн, гар утсаараа дамжуулж төлбөр тооцоог гүйцэтгэх, интернэтээр төлбөр тооцоо хүлээн авах сувгуудаа нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажлаа сайжруулж байгаа. Мост мони болон UnionPay гурвалсан валюттай картын үйлчилгээг энэ жил зах зээлд шинээр нэвтрүүллээ.

Мөн орон нутагт салбарууд байгуулж байна, өнөөдрийн байдлаар манай банк 46 салбар, тооцооны төвтэй болсон. Байгууллагын банкны зах зээлд эзэлсэн нэр хүнд маань иргэдийн зах зээлд нэвтрэх том хөшүүрэг болж байна.

Most money гэснээс энэ үйлчилгээг саяхан гар утсандаа авч, хэд хэдэн төлбөр шилжүүлж туршлаа, яг ийм цаг хэмнэсэн үйлчилгээнд харилцагч бид дурладаг шүү дээ?

Тэгэлгүй яахав, харилцагчдын цаг завыг хэмнэж чадаж байна аа гэдэг нь бидний хувьд хамгийн гол үзүүлэлт. Жишээ нь, хадгаламжийн дэвтрээ, картаа гэртээ мартаад ирэх үе бидэнд бишгүй тохиолддог, гэтэл АТМ дээр код хийгээд мөнгөө авчихаж болж байна, цаг зав маань амжихгүй хойшлуулсаар байгаад утас, байр, цахилгааны төлбөрөө хугацааг нь хэтрүүлж, бухимддаг. Гар утастай хүн бүр бүх дансаа Мост Мони-д холбуулчихсан байхад ямар ч асуудалгүй хурал дээр сууж байхдаа, ажил дээрээ утсаараа шилжүүлэг хийчихнэ. Мөн дээр дурдсан UnionPay гурвалсан валют буюу юань, ам.доллар, төгрөгийн картыг урд хөрштэй түншилдэг, бизнес эрхлэгчид маш ихээр захиалан авч байгаа. Гурван төрлийн хосолсон валют нь харилцагчдаа ханшийн эрсдэлд бага өртөх талаас нь бодолцсон шийдэл л дээ.

Танай банк хэд хоногийн өмнө хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлсэн байсан. Зээлийн хүү үүнийг дагаад өсөх үү?

Ер нь хүү олон хүчин зүйлээс хамаардаг. Үүнээс инфляцийн түвшин хадгаламжийн хүүг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгосон. Өнгөрсөн саруудад инфляцийн төвшин 15 хувьтай байхад арилжааны банкинд 14 хувийн хүүгээр мөнгөө хадгалуулсан иргэн мөнгөө өсгөх биш харин ч бодит хүүгийн алдагдалд орж байна гэсэн үг. Тэгэхээр мэдээж хэрэг иргэн мөнгөө хадгалуулах сонирхол өндөр байхгүй нь ойлгомжтой. Иймээс бид хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлсэн.

Зээлийн тухайд хүүгээ нэмэхгүй, зээлийн хүү тодорхой хүүгийн төвшингөөс дээш гарахад тэр нь банкинд эрсдэл болдог. Өөрөөр хэлбэл, хүү хэтэрхий өснө гэдэг нь эргээд эрсдэл дагуулна. ХХБ зээлээ бүх түвшинд хэвийн олгож байгаа.

Банкуудын реклам сурталчилгааг харж байхад бүгд л Шилдэг банк, хамгийн том банк гэдэг. Та үүнд хэрхэн ханддаг вэ? Худалдаа, хөгжил бол хамгийн шилдэг, том банк мөн үү гэж асуувал Та ямар хариулт өгөх бол?

Хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой, өөр өөрийн үйлчлүүлдэг банктай, бас банкны үйлчилгээний хэрэглээний түвшин харилцан адилгүй ялгаатай. Өөрийн хэрэглэдэг банкны хүрээнд зарим банк нь тэр талдаа сайн, түүгээрээ илүү гэж үнэлж дүгнэдэг. Тэр утгаараа тухайн банк өөрийн дүр төрхийг бүрдүүлэх үүднээс реклам хийдэг, түүнийг буруутгах аргагүй. ХХБ-ны хувьд өнгөрсөн 22 жилийн хугацаанд хийсэн ажлууд, анхдагч бүхэн нь дээрх асуултын хангалттай хариулт болно гэж бодож байна.

Банк санхүүгийн салбарынхан Худалдаа, хөгжлийн банкийг Монголын банкны салбарын амьд түүх гэдэг юм билээ. Үнэхээр ч өнгөрсөн 22 жил унаж босч, олон ч бэрхшээл амсч, өдий зэргийн өндөрлөгт хүрсэн банкныхаа цаашдын оргилыг нь Та хэрхэн төсөөлдөг вэ?

Манай банк Монгол улсын гадаад төлбөр тооцооны 50 гаруй хувийг дангаараа хийж байна, дэлхийн 150 гаруй улсын банкуудтай корреспондент харилцаатай, үүнээс 30 гаруй банктай нь шууд холбоотой хамтран ажилладаг. Товчоор хэлэхэд маш сайн суурьтай банк. Монголын эдийн засаг цаашид өснө, үүнийг дагаад харилцагчид маань өснө, үүнийг дагаад банк өөрөө тэлнэ, иймээс банкныхаа ирээдүйг маш өөдрөгөөр хардаг.

Та нийгмийн болоод банк санхүүгийн салбарт карьер өндөртэй яваа, бас боловсролтой залуу хүний хувьд Монголын банк санхүүгийн салбарын хөгжил бодитоор харахад Танд ямар санагддаг вэ?

Монголын банкны салбар бол хамгийн нээлттэй хөгжиж байгаа салбар. Өнөөдөр 14 арилжааны банкны хамгийн том 5 банк нь нийт зах зээлийнхээ 90 гаруй хувийг бүрдүүлж, банкны систем нь өөрөө нийт санхүүгийн зах зээлийн 95 орчим хувийг дангаараа эзлэж байна. Нэг үгээр бол манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр банкны салбар давамгайлж байна. Үзүүлж байгаа үйлчилгээний нэр төрөл, хурдаараа гадны орнуудтай харьцуулахад ижил төвшинд явж байгаа.

Өнөөдөр томоохон уул уурхайн төслүүдийг дангаараа санхүүжүүлэх боломж хараахан байхгүй ч гэсэн үзүүлж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, чанараараа олон улсад гологдохооргүй. Жишээ нь, Монголын бүх банкууд мобайл банкны үйлчилгээ үзүүлж байна.

Хүн бүр өөрийн итгэл үнэмшлээр сонгосон банкны данстай, түүнийгээ янз бүрийн аргаар, бүр гар утсаараа хүртэл удирдаад эхэлчихлээ, энэ бол маш том дэвшил шүү дээ.

Ярианыхаа төгсгөлд Монголын том банкны Гүйцэтгэх захирлын орлогчийн ар талын албанд зүтгэдэг гэр бүлээ манай уншигчдад танилцуулаач, мөн Та өөрийгөө хувь хүн талаас нь танилцуулбал?

Миний хувьд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 10 жилийн сургуулиа Дорнодод төгсөөд, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Санхүүгийн менежмент мэргэжлээр бакалавр, Австралийн Мельбурнийн Их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг магистр зэрэгтэй төгссөн. Гэр бүлийн хүнийг маань Баярмаа гэдэг, Австралийн Хуулийн фирмд ажилладаг. Манайх хоёр охинтой, охид маань дунд сургуулийн сурагчид. 1996 оноос хойш банкны салбарт нягтлан бодогчоор ажиллаж эхлэн, өнөөдрийг хүртэл энэ салбартаа ажиллаж байна даа.

Ярилцсанд баярлалаа.

Т.Номин


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт