Мэдээ / Nov 01, 2011

ХХБ “BLOOMBERG TV MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛЛАА

Дэлхийн бизнес, санхүүгийн мэдээ, мэдээлийн тэргүүлэгч Bloomberg Media Group, Монгол улсын ууган арилжааны банк, Монголын банк санхүүгийн салбарын томоохон төлөөлөгчдийн нэг Худалдаа, хөгжлийн банктай хамтран Блүүмбергийн шинэ суваг болох “Bloomberg TV Mongolia”-г  үүсгэн байгуулснаа зарлалаа.

Монгол улсын эдийн засаг Азидаа хамгийн хурдацтай, үсрэнгүй хөгжиж, уул уурхай болон хөрөнгийн биржийн салбаруудын үйл ажиллагаа эрс идэвхижиж байгаа энэ үед Bloomberg TV Mongolia нь улс төр, эдийн засгийн бодлогын шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчдэд хандан дэлхийн болон Монгол улсын бизнес, санхүүгийн мэдээ, мэдээлэл, дэлхийн шилдэг эдийн засгийн экспертүүдийн хийсэн шинжилгээ, дүгнэлтүүдийг цаг тухайд нь хүргэж байх юм.

“Bloomberg TV Mongolia нь Азийн хурдацтай хөгжиж байгаа шинэ зах зээл Монгол улсад анхаарлаа хандуулж буй бизнес, санхүүгийн мэдээллийн сүлжээний анхны томоохон төлөөлөгч юм“ хэмээн Ази-Номхон далайн бүсийн Bloomberg TV-гийн захирал Gary Groenheim мэдэгдлээ. Түүнчлэн, тэрээр “Бид Монгол улсын хүн амд төдийгүй, дэлхийн худалдааны болон Хятад улсын экспортод голлох үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсыг зорин ирдэг гадны бизнес эрхлэгчдэд бизнесийн мэдээ, мэдээллийг түгээх энэ үйл ажиллагаанд ХХБ-тай хамтрах ажиллах болсондоо баяртай байна” гэж онцоллоо.

ХХБ-ны Ерөнхийлөгч Рандолф Коппа хэлэхдээ “Монгол улсын санхүүгийн зах зээлийн томоохон төлөөлөгч ХХБ нь Монголд мэдээллийн шинэ эрин үеийг эхлүүлж байна. ХХБ өөрийн хамтрагч “Bloomberg Media Group”-тэй хамтарснаар Монголын эдийн засаг, санхүүгийн салбар дахь олон талын мэдлэг, туршлагаа дэлхийн бизнес, санхүүгийн төлөв байдалтай хослуулан нийт Монгол улсын иргэддээ эдийн засаг, санхүүгийн мэдээллийг бодит цагийн горимоор хүргэх боломжтой болох юм. Монгол улсын иргэн бүр Таван толгой ХК-ий хувьцааг эзэмшиж  байгаа энэ үед “Bloomberg TV Mongolia” нь иргэдэд үнэт цаасны талаар боловсрол олгох үнэ цэнэтэй эх сурвалж болох нь дамжиггүй гэлээ.”

“Bloomberg TV Mongolia”-гийн төв нь Улаанбаатар хотод байрлах бөгөөд уг сувгаар Bloomberg TV-гээс бэлтгэсэн англи мэдээ, мэдээлэл болон Монголд бэлтгэсэн, монгол хэл дээрх мэдээг 2012 оны 3-р сараас дамжуулахаар  ажиллаж эхлээд байна. Нью-Йорк, Лондон, Хонг-Конг зэрэг хотуудад төвтэй дэлхийн бизнес - мэдээллийн цорын ганц сүлжээ Bloomberg TV нь дэлхий даяарх бизнес, санхүү, эдийн засаг, зах зээлийн бүхий л үйл явдлууд, мэдээ мэдээллийг хамран, дэлхийн өнцөг булан бүрд 24 цагийн турш, 270 сая айл өрхөд хүргэж байна.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт