Мэдээ / Feb 23, 2011

Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Коппа: Монгол улсын нүүрсний салбарын тэсрэлтийн үе эхлэж байна

“Coal Mongolia 2011” олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын “Bank of the event” түншээр Монголын шилдэг байгууллагын банк Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) ажиллаж буй юм. Тус банкны Ерөнхийлөгч, туршлагатай банкир Р.Коппатай Монголын нүүрсний зах зээлийн талаарх дараах яриаг өрнүүллээ.

Юуны өмнө "Coal Mongolia 2011" чуулга уулзалтыг дэмжин оролцож байгаа танай хамт олонд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарын үйлдвэрлэл эрс өсч, үүнтэй холбоотой гадаад дотоодын хөрөнгө оруулалт ч огцом нэмэгдэж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

Баярлалаа. ХХБ олон улсын хэмжээний, томоохон хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчид оролцдог чуулга уулзалтуудад байнга голлох үүрэгтэйгээр оролцож ирсэн.

Монголын байгууллагын болон хөрөнгө оруулалтын банкны зах зээлд тэргүүлэгчийн хувьд бид өөрсдийн 20 жилийн турш хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцахын зэрэгцээ Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээс Засгийн газар болон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах байдлыг дэмжих нь маш чухал гэж үздэг.

Монгол улс нүүрсээр баялаг орон, Монголын чанар сайтай нүүрсний асар их нөөц болон дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгч Хятадтай хөрш зэргэлдээ орших байршил, Ази тивийн зах зээлийн өсөлт зэрэг нь нийлээд Монгол улсыг дэлхийн нүүрсний зах зээлд стратегийн ач холбогдол бүхий гол үүрэг гүйцэтгэх боломжийг олгож байгаа юм. Товчоор хэлбэл, Монгол улсын нүүрсний салбарын тэсрэлтийн үе эхэлж байна гэж хэлж болно.

"Coal Mongolia 2011" олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт нь биднийг Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулах сонирхолтой олон хөрөнгө оруулагчидтай холбож өгнө гэж найдаж байна.

Монголын  нүүрсний зах зээлийн ирээдүйг ажиглагчид, эдийн засагчид маш том хүлээлттэйгээр төсөөлж байгаа, валютын нөөцийг орлох хүртэлх хэмжээнд хүрнэ ч гэж ярьж байна. Та энэ талаар ямар төсөөлөлтэй байгаагаа хуваалцахгүй юу?

 Монгол улсын нүүрсний нийт үйлдвэрлэл одоогоор тэрбум ам.долларт хүрээд байгаа. 2010 оны эцсийн статистик мэдээллээр нүүрс олборлолтын хэмжээ 20 сая тоннд хүрсэний дийлэнх хувийг нь гадаад улс орнууд руу экспортлож байна. Харин Тавантолгой тэргүүтэй орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж эхлэх тэр үеэс нүүрсний үйлдвэрлэл 40 сая тоннд хүрэх төсөөлөл бий. Тавантолгой, Нарийн сухайтаас гадна Монголын хойд бүс нутгуудад нүүрсний томоохон ордуудыг илрүүлсэн. Тэгэхээр нүүрс бол яалт ч үгүй Монголын эдийн засагт ихээхэн хэмжээний орлого, ашиг авчирна гэдэг нь тодорхой.
Гэвч нүүрсээ эдийн засгийн эргэлтэд зөв оруулах, мөн төрөөс нүүрсний экспортын талаар нэгдсэн бодлоготой байх нь юуны түрүүнд чухал юм.

Цаашлаад, дэлхийн нүүрсний хэрэглээ жилд 7 тэрбум тонн, цаашид ч эрс нэмэгдэх хандлагатай байгаа ба дараагийн 10 жилд Ази дахь нүүрсний импортын хэмжээ 30 хувиар өсч, жилд 850 сая тонн хүртэл нэмэгдэх хандлага нь Монголын хувьд нүүрсний салбарын ирээдүй гэрэлтэй байгаа нь харагдаж байгаа юм.

Эдгээр боломжийг ярихын зэрэгцээ саад бэрхшээлийг мөн давхар тооцох хэрэгтэй. Хамгийн нэн тэргүүний бэрхшээл бол тээвэрлэлтийн дэд бүтэц. Үүнийг дагаад цахилгаан эрчим хүч, ус, ажиллах хүч, үнийн бодлого, ханган нийлүүлэгчдийн санхүүжилтын асуудал гээд дурдвал нэлээдгүй бэрхшээл бий.  
     
Мэргэшсэн банкиртай уулзсаны завшаанд асуухад, ихээхэн хэмжээний валютын урсгалыг манай зах зээл шингээж чадахгүйгээс болж, Монголбанк буцаан татах арга хэмжээ авлаа. Валютын урсгал орж ирэх нь сайн талтай ч төгрөгийн ханшийг чангаруулж, улмаар импортыг дэмжиж байна. Мэдээж энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг бууруулах эрсдэлтэй. Энэ тал дээр Таны бодлыг сонсвол?

Монголын зарим төрлийн бараа бүтээгдэхүүнүүд нь экспортлогчдын хувьд хэтэрхий үнэтэй байгаа нь үнэн. Гэхдээ ноолуур гэх мэт зарим бүтээгдэхүүний үнэ нь зах зээлийн өөрчлөлтөд мэдрэмж багатай байдаг онцлог шинж чанартай. Хэрэглээний бараа болон барилгын материал үйлдвэрлэгч зарим дотоодын компаниуд импортын бараатай холбоотой хүндрэлтэй тулгарч болох юм.

Байгалийн баялагаар баян орнуудад дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар сулрах энэ үзэгдлийг “Голланд өвчин” гэж нэрлэдэг. Монголын Засгийн газар энэхүү болзошгүй хүндрэлээс сэргийлэх үүднээс дээрх орнуудад авч хэрэгжүүлэн, ач тусаа өгсөн  арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь дамжиггүй байх.

Төгрөгийн ханшийн хувьд гэвэл түүнийг чангарахаас үүдэлтэй инфляцийн өсөлтийг зохицуулахад татварын болоод мөнгөний зөв бодлого юу юунаас чухал. Саяхан батлагдсан дунд хугацааны төсвийн болон татварын тогтвортой байдлын хуулийг сайтар мөрдөж чадвал үр өгөөжөө өгөх болно гэдэгт итгэлтэй байна.

Цаашид уул уурхай, нүүрсний салбарт маш олон компани орж үйл ажиллагаа явуулах болно. Тэр хэрээр хөрөнгө оруулалт өснө. Үүнд манай улсын банкны салбар хэр бэлэн байгаа вэ?

Тэгэлгүй яахав, хөрөнгө оруулалт одоогийнхоос хэдэн зуу дахин өсөх нь тодорхой.

Энэ байдалд Монголын банкны салбар харьцангуй сайн түвшинд бэлтгэгдээд эхэлчихсэн.

Олон улсад ашиглагддаг экспортын аккредитив, экспортын өмнөх санхүүжилт, факторинг, лизинг, хамтын санхүүжүүлэлт гээд олон үйлчилгээг арилжааны банкууд үзүүлэх бүрэн боломжтой.

ХХБ-ны хувьд л гэхэд банкны үйлчилгээг олон нийтэд үзүүлэхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчидтай хөрөнгийн удирлага, худалдааны санхүүжилт зэрэг олон үйл ажиллагаагаар нягт хамтран ажилладаг. Бид уул уурхайн санхүүжилтээр мэргэшсэн, гадаадын компаниудтай ажиллах түвшинд хүрсэн өргөн их туршлагатай, олон ажилтантай. Түүнчлэн, ХХБ Олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө татах, энэ чиглэлээр ажилладаг хамтрагчидтайгаа ажиллах боломжоо нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байгаа.     

Манай улсын хөрөнгө оруулалтын орчин хэр таатай байна вэ, хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн түрүүнд тогтвортой байдлыг харгалзан үздэг шүү дээ. Энэ хандлага өнөөдрийн байдлаар ямархуу байдалтай байна гэж Та дүгнэдэг вэ?

2009 оны 10-р сард зурагдсан Оюутолгойн гэрээ нь олон улсад Монгол улс уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэхийг эрмэлзэж буйг  харуулсан дохио болсон билээ. Түүнчлэн, SouthGobi Resources болон Монголын Уул уурхайн Корпораци Хонгконгийн хөрөнгийн зах дээр хувьцаа гаргасан нь хөрөнгө оруулагчдад улам их найдвар төрүүлсэн явдал болсон. Дараагийн зайлшгүй хийх алхам бол хөрөнгө оруулалтын эрсдэлгүй орчинг бүрдүүлэх үүднээс Монголын Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаатай болгон өөрчлөх явдал юм.

Та Coal Mongolia 2011 чуулга уулзалтаас олон үр дүн хүлээж байгаа байх. Энэ талаар тодруулахгүй юу, мөн нүүрсний салбарын өсөлтийг дэмжихэд танай банк ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

Энэхүү чуулга уулзалтын зочид төлөөлөгчид, бүх оролцогсод Монголын нүүрсний салбарынхөгжлийн талаар болон уг салбарыг хөгжүүлэхэд зам тээвэр, дэд бүтэц зэрэг олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар ойлголт авна байх гэж найдаж байна.

ХХБ зөвхөн нүүрс олборлогч компаниудад банкны үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, эдгээр компаниудад тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг олон компаниудыг санхүүжүүлж хамтран ажилладаг. Хөрөнгө оруулагчид, олборлогчид, төрийн бодлого тодорхойлогчид нэг дор цуглан, өөрсдийн үзэл бодол, саналаа солилцох боломжийг олгож байгаагаараа энэхүү чуулга уулзалт нь Монголын эдийн засагт төдийгүй, улсын болон хувийн секторын хөгжилд чухал ач холбогдолтой байх болно.

  Ярилцсанд баярлалаа.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт