Мэдээ / Nov 19, 2010

ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон: Олон улсад бонд, үнэт цаасаа гаргах Монголын компаниуд, Засгийн газарт мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бид бэлэн

2007 онд олон улсад Монгол улсаас анх удаа бонд арилжаалж дэлхийд нэрээ гаргаж байсан манай томоохон банкуудын нэг Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) 2010 оны 10-р сард олон улсын зах зээл дээр дахин бондоо амжилттай арилжаалжээ. Бид энэ талаар ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхонтой ярилцсанаа хүргэе.

Юуны өмнө олон улсад Монголын банк дахин бондоо амжилттай борлуулсанд баяр хүргэе. Манай банкуудын чадал чансаа дэлхийн хэмжээнд хүрч байгаа юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Хэдий хэмжээний бондыг ямар нөхцөлтэйгээр борлуулав?

Баярлалаа. Худалдаа, хөгжлийн банк Монголын банкуудаас, Монголын аж ахуйн нэгжүүдээс хамгийн анх 2007 онд олон улсын зах зээл дээр бонд гаргаж арилжаалснаар олон улсын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулдаг орнуудын жагсаалтад нь Монгол гэдэг нэр шинээр нэмэгдэж, манай улсыг ХХБ-аар олон улс мэддэг болсон. Бид сая хоёр дахь удаагаа мөн л цорын ганцаараа Монгол улсынхаа нэрийг гарган, өмнөхөөсөө даруй 100 сая доллароор илүү буюу 175 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалж чадлаа. Манай бондыг худалдаж авах захиалгын санал 3 дахин илүү ирж, тэднээс 69 хөрөнгө оруулагчид ХХБ-ны бондыг худалдан авлаа. Нийт 175 сая ам.долларын бондоос 150 сая ам. доллар нь 3 жилийн хугацаатай, жилийн 8,5 хүүтэй, харин 25 сая ам.доллар нь   хоёрдогч өглөгийн бонд юм. Хоёрдогч өглөгийн бондын хувьд мөн л Монгол улсаас анх удаагаа гаргалаа. Энэ нь банкны өөрийн хөрөнгөд тооцогддог, өөрийн хөрөнгийг өсгөдөгөөрөө онцлог төдийгүй, манай банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ Монголбанкнаас тогтоосон 12 хувь байх шалгуураас давж, 17,6 % болж байгаа нь банкны салбартаа хамгийн дээд үзүүлэлт юм.

Олон улсад бондоо арилжаалах ажлыг Та гардан гүйцэтгэсэний хувьд 2007 онд бондоо анх гаргаж байх үеэс ямар өөрчлөлт мэдрэгдэв, энэ жилийн бонд өмнөх бондоос ямар ялгаатай вэ?

Бид хоёр дахь бондоо маш амжилттай борлуулахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн. Эндээс хамгийн нэн тэргүүнд нөлөөлсөн зүйл нь өмнөх бондоо хугацаанаас нь өмнө ялангуяа, дэлхий нийтэд хямрал хараахан арилж амжаагүй байсан тэр цаг үед урьдчилж төлснөөрөө манай банкны санхүүгийн чадавхи олон улсын хөрөнгө оруулагчдад үнэлэгдэж чадсан. Тухайн үед хямралын улмаас зарим хөрөнгө оруулагчид өөрт байгаа бондоо зарах сонирхолтой байсан тэр нөхцөлд бид боломжийг нь өгсөн учраас бидэнд талархаж байсан. Энэ нь 2 дахь удаагаа бонд гаргахад ихээхэн нөлөөлсөн гэж хэлж болно.

Манай анхны бондыг ихэвчлэн томоохон хувийн хөрөнгө оруулагчид авч байсан бол хоёр дахь удаагийн бонд маань илүү өндөр дүнтэй, мөн зах зээл дээр хүртээмжтэй гэдэг утгаараа дандаа мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани, нэр хүндтэй банкууд, хөрөнгө оруулалтын мэргэшсэн сангууд авсан. Нарийвчлаад хэлбэл, энэ удаагийн 175 сая ам.долларын бондын 42% нь дэлхийн нэр хүндтэй хөрөнгийн удирдлагын компаниуд, 25% нь иргэдийн хувийн хөрөнгийн менежментийн банкууд, 18% нь хөрөнгө оруулалтын сангууд, үлдсэн 11%-ийг бусад санхүүгийн байгууллагууд бүрдүүлсэн. Газар зүйн хувьд өмнө нь ихэвчлэн Азийн хөрөнгө оруулагчид байсан бол энэ удаад Ази, Европын хөрөнгө оруулагчид 50:50 харьцаатай байгаа нь манай бондын цар хүрээ, нэр хүнд өссөнийг илтгэж байгаа хэрэг гэж ойлгож байна.

Магадгүй санхүүгийн салбарын бус хүмүүс энэ бондын үр ашиг болоод Монголын эдийн засагт нөлөөлөх тэр нөлөөллийг төдийлөн сайн ойлгохгүй байж мэдэх юм. Энэ талаар Та манай уншигчдад бага зэрэг тайлбар хэлээч?

  Бонд гаргасан нь Монголын санхүүгийн зах зээлд цоо шинэ хуудсыг нээж чадсан түүхэн үйл явдал. Ач холбогдол, үр ашиг гээд яривал нэлээд зүйлийг энд ярьж болно. Юуны түрүүнд олон улсын санхүүгийн зах зээлээс харьцангуй урт хугацааны гадаад эх үүсвэрийг Монголын байгууллагууд татаж чадах юм байна гэсэн итгэлийг компаниудад төрүүлж, урам өгч байгаа юм. Мөн ХХБ-ны харилцагч нартаа урт хугацааны санхүүжилтыг бага хүүтэйгээр олгох боломжийг бүрдүүлснээрээ энэ бондын хөтөлбөрийн үр дүнг амсаж байна.   Бонд гаргаснаар манай банкны хувьд мэдээж олон улсын нэр хүнд өсөхийн хамт өнөөдрийн хурдацтай хөгжиж буй Монголын эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулж,   урт хугацаатай бага хүүтэй зээлүүдийг гаргах боломжтой болсноос гадна өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж, нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ өссөн. Өнөөдрийн байдлаар Монголын банкууд зөвхөн дотоодын богино хугацаатай хадгаламж татах замаар л зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлж байгаа.

Монголын Засгийн газар ирэх жил олон улсын хөрөнгийн зах дээр бонд гаргах талаар сүүлийн үед нэлээд яригдаж байна. Монголын үнэт цаас, бондыг олон улсад таниулах гарц нь ХХБ-ны бонд боллоо ч гэж хэлж болох юм?

  Ер нь бол бондын түүхээс харахад тухайн улс нь эхлээд бондоо гаргаж, тэр улсын үнэлгээ болон арилжаалсан бонд дээр нь тулгуурлаж, компаниудынх нь гаргаж байгаа бондын үнэ нь тогтдог. Биднийг анх 2007 онд бондоо гаргаж байхад олон улсад Монголоос гаргасан анхны бонд байсан ч гэлээ тун амжилттай борлогдсон. Ирэх жил гарахаар яригдаж буй Монголын Засгийн газрын бонд гарахад манай хоёр удаагийн гаргасан бондын хөтөлбөр томоохон туршилт болж өгч байгаа юм. Ямартаа ч Монголын үнэт цаасыг гадны хөрөнгө оруулагчид сонирхож байна, хөрөнгө оруулахыг хүсч байна гэдгийг бид дахин нотолж чадлаа. Иймээс, манай Засгийн газрын бонд амжилттай гаран, борлогдоно гэдэгт найдаж байна.

ХХБ Монголоос анх удаа бонд гаргасан, мөн дахин анхдагч боллоо. Харин энэ туршлагаа бусадтайгаа хуваалцах, Монголын компаниудыг дэмжих тал дээр ямар бодолтой байгаа вэ? Ер нь олон улсад гарахад хүндрэлтэй зүйл асар их байдаг байх?

  Олон улсын хөрөнгийн зах дээр гарна гэдэг маш амаргүй ажил. Санхүүгийн тайлан бүртгэл, бүхий л үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээнд хийх, олон улсын үнэлгээ хийлгэх, мөн мэргэшсэн өндөр түвшний боловсон хүчинтэй байхыг шаарддаг. Манай банк Монголоос анх удаа 1997 онд олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэж эхэлснээс хойш тогтмол хийлгэж, олон улсын үнэлгээ авсан анхны байгууллага болсон зэргээр тогтоосон шаардлагуудыг хангасан учраас бонд гаргаж байгаа юм. Гэхдээ Монголын олон компаниуд олон улсын зах зээлд гарахаар бэлтгэлээ хангаж, оролдож байна. Саяхан монгол компани хувьцаагаа олон улсад арилжсан шүү дээ. Ийм олон олон компаниуд дэлхийн хэмжээнд гараасай гэж бид хүсч байгаа. Түүнийх нь төлөө тэдгээр компаниудад, харилцагч байгууллагууддаа, мөн удахгүй олон улсад бондоо гаргах гэж буй Засгийн газартаа ч бид шаардлагатай бүх зүйлээр тусалж дэмжиж, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ хэлмээр байна. Ямар нэртэй компани, байгууллага байх нь чухал биш, гол нь Монгол улсаар л бид бүгд овоглоно шүү дээ.

Худалдаа, хөгжлийн 20 жилийн ой болж өнгөрлөө. Ойгоо тохиолдуулаад шинэ соргог юу хийв, цаашид хийхээр төлөвлөж буй зүйлсээсээ хуваалцвал? Мөн дахин бонд гаргах төлөвлөгөө байгаа юу?

Арилжааны банк гэдэг ойлголтыг бий болгосон анхны арилжааны банк гэдгээрээ манай 20 жилийн ой тод томруун, санхүүгийн салбарын хувьд тэмдэглэхүйц томоохон үйл явдал юм. 20 жилийн ойгоороо бонд гаргасандаа бид туйлын баяртай байгаа. Бондоос гадна бид  картын олон төрлийн шинэлэг үйлчилгээнүүд, Солонгос улс руу хийх шуурхай гуйвуулга, хялбар зээл зэрэг бүтээгдэхүүнүүдээс гадна ойгоо тохиолдуулан бүх төрлийн зээлийн зээлийн хүүгээ бууруулсан. Дахин бонд гаргах тухайд бол бид дахиад бонд нэмж гаргах төлөвлөгөөтэй байгаа. Анхны батлуулсан программаар 300 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлэх бүрэн боломж бидэнд байгаа юм.  

Сая гадаадын улс орнуудаар бондын танилцуулгаа хийж, хөрөнгө оруулагчидтай уулзаж явах үеэр төгрөгийн бонд гаргах боломж байгаа эсэхийг маш их асууж байсан. Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгө оруулагчид Монголын эдийн засгийг хурдацтай өснө гэдэгт, монгол төгрөгийн ханш цаашдаа чангарна гэдэгт итгэлтэй байгаа учраас монгол төгрөгийн бонд авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Иймээс бид Монголын хөрөнгийн бирж дээр төгрөгөөр илэрхийлэгдсэн бонд гаргах ажлыг судлаад явж байна.

Б.Мишээл


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт