Мэдээ / Nov 15, 2010

ХХБанк Олон улсын хөрөнгийн зах зээл дээр дахин нэрээ гаргаж, 175 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа

Монгол Улсын санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) 300 сая ам. долларын Европын дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөрийнхөө хүрээнд олон улсын санхүүгийн зах зээл дээр нийт 175 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа. Үүнээс 150 сая ам.долларын бонд нь 3 жилийн хугацаатай, жилийн 8.5 хувийн хүүтэй ба 25 сая ам.долларын бонд нь хоёрдогч өглөг хэлбэрээр, 5 жилийн хугацаатай гаргасан мөн л Монголын анхны бонд боллоо.

ХХБ анх 2007 онд олон улсын санхүүгийн зах зээлд 75 сая ам.долларын бондыг жилийн 8.625 хувийн хүүтэй гаргаж, 2010 оны 1 дүгээр сард бүрэн төлснөөрөө олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, Монгол Улсыг дэлхийн санхүүгийн зах зээл дээр баттай таниулсан билээ. Тиймээс ч энэ удаа бондын хэмжээгээ даруй 100 сая ам. доллараар нэмэгдүүлж, хүүгээ бууруулж чадсан нь Монгол Улсаас хамгийн анхны бонд гаргасан аж ахуйн нэгж, үүнийгээ дахин баталгаажуулсан онцгой үйл явдал боллоо.

Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын зүгээс ХХБ-ны бондыг худалдан авах захиалгын дүн банкнаас санал болгосон хэмжээнээс даруй 3 дахин их байсан нь ХХБ-ны санхүүгийн тогтвортой сайн үзүүлэлтүүд, зах зээлд эзлэх байр суурь, олон улсын нэр хүнд болон удирдлагын зохистой ажиллагаанд олон улс итгэл үзүүлж байгаа хэрэг юм. ХХБ-ны 2 дахь удаа гаргасан энэхүү бондын нийт 69 хөрөнгө оруулагчдын 42 хувь нь дэлхийн нэр хүндтэй хөрөнгийн удирдлагын компаниуд, 25 хувь нь дэлхийн томоохон банкууд, 18 хувь нь хөрөнгө оруулалтын сангууд, үлдсэн 11 хувийг нь бусад санхүүгийн байгууллагууд бүрдүүлсэн байна. Газар зүйн байрлалын хувьд хөрөнгө оруулагчдын 50 хувь нь Азиас, 50 хувь нь Европ болон Америкийн хөрөнгө оруулагчид байлаа. Тус бонд нь Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан ба ING банк бондын андеррайтер болон зохион байгуулагчаар ажилласан байна.

ХХБ анхны хоёрдогч өглөгийн бонд гаргасан нь тус банкны өөрийн хөрөнгийг даруй 50 хувиар нэмэгдүүлж, улмаар нэг зээлдэгчид олгож болох зээлийн хэмжээгээ эрс өсгөж, харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг бүрэн хангах, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд оруулах өөрийн хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Ийнхүү ХХБ үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойн дээр 2 дахь удаагаа бонд гаргаж байгаа энэ баярт үйл явдал нь ХХБ-ны болон Монгол Улсын нэр хүндийг Олон улсын зах зээл дээр илүү тод томруунаар таниулсан төдийгүй, дэлхийн тавцанд хөл тавих Монголын олон компаниудад урам, итгэл, томоохон боломжийг нээж өглөө.


ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт