Мэдээ / Sep 21, 2010

СЭРЭМЖЛҮҮЛЭГ-ХУУРАМЧ ЧЕКЭЭР ЗАЛИЛАН МЭХЛҮҮЛЭХ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ ҮҮ!

Бэлэн мөнгийг бодвол илүү найдвартай төлбөрийн хэрэгсэл болох American Express, Thomas Cook компаниудаас гаргасан аялалын буюу замын чек, бэлэглэлийн чекүүдийг Монголын томоохон арилжааны банкууд хүлээн зөвшөөрч бэлэн мөнгөтэй адилтган сольж өгдөг төдийгүй хэрэглэгч чекээ хулгайд алдсан, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд чек гаргагч компани нөхөн олговор өгдөгөөрөө чек нь бэлэн мөнгөнөөс давуу талтай юм. Гэвч сүүлийн жилүүдэд иргэд, харилцагчдын чекийн талаарх бүрэн мэдээлэл, ойлголтгүй байдлыг ашиглан, аялалын болон бэлэглэлийн чекийг хуурамчаар үйлдэж, хуурч мэхлэх явдал дэлхий нийтэд түгээмэл болоод байна.

Энэ байдал манай оронд нэвтрэх хандлага ажиглагдаж, иргэд, харилцагчдад гадаадын байгууллага, иргэдээс хамтарч бизнес хийх санал, сугалаанд хожсон байна гэх зэргээр их хэмжээний дүнтэй хуурамч чек шуудангаар илгээх, буцаан бага хэмжээний бэлэн мөнгө шилжүүлэхийг хүсэх, иргэд тэдэнд итгэн бэлэн мөнгө шилжүүлчихээд чекээ банкинд солиулах үедээ хуурамч гэдгийг мэдээд багагүй хэмжээний хохирол амсах явдал цөөнгүй гарч байна.

Иймд Худалдаа, хөгжлийн банк мэргэшсэн, нийгмийн хариуцлагатай байгууллагын хувьд нийт ард иргэдээ хуурамч чектэй холбоотой залилан мэхлэх үйлдлээс сэрэмжлүүлэх үүднээс дараах зөвлөгөө, сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Хэрэв таны и-мэйл, шуудангийн хаягаар, эсвэл хэн нэгэн үл таних этгээд танд доор дурдсан зүйлсийг санал болгон, их хэмжээний чек үзүүлэх, танд өгөхийг амлах, оронд нь таныг тодорхой хэмжээний шимтгэл төлөх, эсвэл чекийн үнийн дүнгээс харьцангүй бага хэмжээтэй мөнгийг буцаан Moneygram, Western Union, гуйвуулга хийдэг банк, банк бус санхүүгийн байгууллага, карго компани, хувь хүнээр дамжуулан шилжүүлэхийг хүсвэл Та бусдын залилан мэхлэх ажиллагаанд өртөх гэж байгааг анхаарна уу. Иргэдэд санал болгодог хувилбарууд:

  • Гадаадаас бизнес санал болгох: Танд гадаадаас гэнэт хэн нэгэн хүн өөрийгөө бизнесмэн, эсвэл засгийн газрын ажилтан, төлөөлөгч гэх зэргээр танилцуулан аливаа бизнесийг санал болгох, таны хөрөнгө хүрэлцэхгүй байгаа бизнесийн төсөлд чинь хөрөнгө оруулах, хамтран ажиллахыг санал болгох.
    Анхаар: Хариуцлагатай компани, бизнесмэн, Засгийн газар нь хэзээ ч танихгүй хүний бизнесийг санхүүжүүлэхээр мөнгө санал болгодоггүй!
  • Гэнэт баяжуулах: Таны хувийн мэйл, гар утас, эсвэл шуудангийн хаягаар тань захиа илгээж, Таныг “Сугалаанд аз таарлаа ..., бэлэн мөнгө хожлоо..., өв залгамжилсан хөрөнгөнөөсөө хувь хүртээж бэлэн мөнгө өгөх гэж байна...” гэх мэт мэдээллүүдийг илгээж, урьдчилгаа болгон танд чек илгээж байна, үлдсэнийг нь авахын тулд татвар, шимтгэл, шуудангийн зардалд гэх зэргээр тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлэхийг хүсэх.
    Анхаар: Бодит амьдралд сугалаанд та оролцоогүй байхад хонжвор таарах, хэрэв оролцсон бол хонжворыг олон нийтэд мэдээлэхгүйгээр танд хэзээ ч өгөхгүй, мөн өв залгамжлалын хөрөнгийг хуульч, өмгөөлөгчгүйгээр хэзээ ч хэн нэгэнд өгдөггүй!
  • Илүү төлбөр амлах: Таны бэлэн мөнгөөр зарж байгаа эд юмс, барааг тань их хэмжээний мөнгө амлаж, чекээр худалдан авахыг санал болгох, эсвэл гадаад явах болсон тул солиулж амжихгүй боллоо, тэдэн төгрөг өгөөд үүнийг банкинд солиулаад та илүү ихийг авч болно гэж итгүүлэх.
    Анхаар: Хэрэв жинхэнэ чек бөгөөд уг хүн өөрөө эзэмшигч нь мөн бол банкинд солиулах ажиллагаа нь шуурхай явагддаг, гэтэл тэд яагаад өөрөө солиулахгүйгээр их хэмжээний мөнгөө танд зүгээр өгнө гэж? Үүнд бүү итгэ!

Хууран мэхлэгч, залилагч нарын арга улам нарийсч байдаг тул бүх зүйлийг жинхэнэ, ном журмын дагуу явагдаж байгаа мэтээр харагдуулах, ойлгуулахаас гадна дээр дурдсанаас өөр аргуудыг ч ашиглаж болзошгүй. Иймд Та зүгээр сууж байгаад багахан мөнгө төлөх буюу төлөхгүйгээр гэнэт их мөнгө олох, өв хөрөнгө хүлээн авах, онгоцны сүйрэл, Африкийн аль нэгэн орны иргэний дайн, цэргийн эргэлтийн улмаас тухайн улсдаа ашиглах боломжгүй байгаа мөнгийг эх орондоо оруулж ирж, бизнес хийх, үүнийхээ төлөө нэлээд хэсгийг нь зүгээр авах гэх мэт гэнэн итгэлээр бусдад хууртаж, өөрийн мөнгөө алдахаас сэргийлнэ үү.

Хэрэв та бусдаас дээрхи төрлийн саналууд хүлээн аваад, өөрөө хуурамч эсэхийг нь тогтоож чадахгүй бол Банкны мэргэжлийн ажилтнууд, Цагдаагийн байгууллага зэрэгт хандаж тодруулах нь зүйтэй.

Энэхүү зөвлөмжийг дахин үзэх буюу ойр дотны хүмүүстээ хүргэхийг хүсвэл Худалдаа, хөгжлийн банкны www.tdbm.mn веб хуудсанд хандаарай.

Мөн Та бүхэн өөрт тохиолдсон сургамжтай тохиолдлуудыг олон нийтэд хүргэн сэрэмжлүүлэхийг хүсвэл бидэнд хандана уу. Бид харилцагчийн нэр, хувийн нууцад нэвтрэхгүйгээр өөрийн веб хуудсаар дамжуулан тухай бүр шуурхай мэдээлж байх болно.

Худалдаа, хөгжлийн банк

Утас : (976) 331884, 329055
Факс :(976) 331155
И-мэйл: [email protected]


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт