Мэдээ / Nov 07, 2018

Цаасан мөнгийг орлох цахим гүйлгээ

Өнөө цагийн технологийн дэвшил цаасан мөнгөний хэрэглээг улам бүр багасгасаар зарим улс орон цаасан мөнгөгүй эдийн засагт шилжихээр чиглэл барин явж байна. Цахим төлбөр тооцоо нь эдийн засаг дахь мөнгөний эргэлтийн хурдыг нэмэх, цаг хугацаа хэмнэх, цаашлаад авилгатай тэмцэхэд ч том түлхэц болох юм.

 

 


Цаасан төгрөгийг Монголбанкнаас гарган, баталгаажуулсан төгрөгийн цаасан дэвсгэртээр МУ-ын газар нутаг дээр хаана ч хүлээн зөвшөөрч худалдаа хийх боломжийг олгодог төлбөрийн хэрэгсэл хэмээн тодорхойлж болох юм. Гэвч өнөө цагт технологийн хөгжлийг дагаад бэлэн бусаар төлбөр тооцоо хийх олон боломж бололцоо бидэнд нээгдээд байна. Дебит карт, Кредит карт, цахим шилжүүлэг, гадаад гуйвуулга гэх мэт цаасан мөнгө ашиглахгүйгээр төлбөр тооцоо хийх олон боломж нээгдсээр байна. Гэвч эдгээр бүхий л боломжууд өгч, авч буй талуудыг банканд заавал данстай байхыг шаарддагаараа сул талтай.


Гэтэл заавал банкны данс шаардахгүйгээр төлбөр тооцоо хийж мөнгө шилжүүлэх боломжийг олгох техникийн дэвшил бүрдэв. Энэхүү боломжийг бид цахим мөнгө хэмээн нэрлэдэг бөгөөд цахим хэрэгслээр дамжуулан бэлэн мөнгөний адилаар худалдаж буй талд шилжүүлж болно. Хонконг-д Octopus, Солонгост Upass, Лондонд Oyster, Улаанбаатарт U-money нэртэй картуудаар нийтийн тээврээр үйлчлүүлдэг бөгөөд эдгээр нь бүгд цахим мөнгөний нэгэн хэлбэр билээ. Энэ бүх цахим мөнгө нь тухайн улсын төв банкаар баталгаажсан мөнгөн тэмдэгтээр хэмжигддэг.


Өнөө цагийн хөрөнгийн зах зээлийн голлох ярианы сэдэв болсон крипто валют нь (Bitcoin, Ethereum, Ripple гм.)  цахим мөнгөний бас нэгэн төлөөлөл. Энэ төрлийн цахим мөнгө нь аль ч улсын мөнгөн тэмдэгт биш, аль ч улсад төвлөрдөггүй, гуравдагч тал оролцохгүй хоёр тал хоорондоо шууд төлбөрөө кодолж хийдэг учир нууцлал өндөр. Гэв ч энэхүү мөнгийг үндэсний мөнгөөр солиход амар биш.


Монгол улсын дэлхийн хөгжлийг цаг алдалгүй даган цаасан мөнгөгүй эдийн засгийн зүг урагшилсаар байна. Арилжааны банкнуудаас гадна ББСБ, үүрэн холбооны операторууд, онлайн худалдааны платформууд цахим төлбөр тооцооны хөгжилд томоохон түлхэц болж байна. Цаашлаад төв банк бага дүнтэй төлбөрийн системээ олон улсын жишигт нийцсэн “Автомат клиринг хаус” системээр солихоор төлөвлөсөн бөгөөд дараа жилээс санхүүгийн мэдээллийн олон улсын ISO-20022, дансны нэгдсэн IBAN стандартын дагуу дамжуулж, боловсруулах боллоо. Эдгээр стандартыг хангасан банкаар дамжуулан бусад аж ахуй нэгж, цахим мөнгөний болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага “Автомат клиринг хаус” системд шууд холбогдож, төлбөр тооцоог дамжуулах боломж бүрдэх аж.


МОНГОЛ УЛСАД ТӨЛБӨР ТООЦООНЫ ШИНЭ ЭРИН ЭХЛЭХ ЦАГ УЛАМ ОЙРТСООР.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт