Мэдээ / Sep 08, 2014

“Монгол улсын шилдэг арилжааны банк”-аар шалгарлаа

Азийн санхүүгийн мэдээллийг мэргэжлийн түвшинд олон улсад түгээдэг Finance Asia сэтгүүлийн Банк санхүүгийн шилдгүүдийн шалгаруулалтад Ази тив төдийгүй дэлхий нийтийн банк санхүүгийн салбарынхан анхаарал хандуулдаг. Тус сэтгүүлийн 2014 оны шалгаруулалт өнгөрөгч долоо хоногт болж, Азийн шилдэг банк санхүүгийн байгууллагууд өрсөлдөж, Шилдгийн шилдгүүд шалгарснаас Монгол улсын Худалдаа, хөгжлийн банкинд 2014 оны “Best Commercial Bank in Mongolia” буюу “Монгол Улсын Шилдэг Арилжааны Банк” шагналыг Гүйцэтгэх захирал Б.Мэдрээд гардуулсан байна.

Finance Asia сэтгүүлийн вэб хуудсанд мэдээлснээр “Монгол улсын Худалдаа, хөгжлийн банк нь улсынхаа банкны салбарын нийт ашгийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг, санхүүгийн хамгийн сайн үзүүлэлт, өндөр өсөлтүүдийг харуулж чаддаг банк” хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн, олон улсын зах зээлд анх удаа Монгол улсаас бонд гаргасан байгууллага гэдгийг онцгойлон дурдаад, ”Монгол улсаас хамгийн чанартай актив хөрөнгөтэй банк” болохыг тодотгожээ.

ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн хэлснээр “Манай банк байнгын өндөр өсөлтийг тогтвортой харуулж чаддаг нь энэ шагналыг авч буйн гол утга учир юм. Монгол улсын хувьд банк санхүүгийн салбар нь сүүлийн 20 жилд хамгийн үсрэнгүй, өндөр хөгжсөн салбар. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд Монголын банкууд дэлхийн хэмжээнд өрсөлдөж, нэр хүндтэй шагналуудыг авч байгаа юм” гэжээ.

Finance Asia сэтгүүлээс 10 гаруй жил уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү шалгаруулалт нь банкуудын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нэр хүнд, үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн үзүүлэлт гэх мэт бүхий л чадавхийг харгалзан үзэж, бодит үр дүнд тулгуурладагаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм. 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт