Мэдээ / Apr 22, 2013

Д.Нямрэнцэн: Гадаадын банкуудаас баталсан бага хүүтэй зээлийг дэлхийн аль ч улсаас гадаад худалдаа хийхдээ ашиглаж болдог

Гадаад худалдаа эрхлэгчдийн эрсдэлийг хаах хамгийн найдвартай бөгөөд хямд  хэрэгсэл бол Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ гэдэг. Гэвч худалдааны санхүүжилтийн талаарх ойлголт бүрхэг, энэ талаарх мэдээлэл мэдээллийг түгээх тал дээр хангалтгүй байдаг нь энэхүү үйлчилгээний цаана байдаг олон боломжууд гадаад худалдааны бизнес эрхлэгчдэд хүрч чаддаггүй. Бид энэ талаар Худалдаа, хөгжлийн банкны Байгууллагын банкны газрын орлогч захирал Д.Нямрэнцэнтэй ярилцлаа.

- Худалдааны санхүүжилтийн ач холбогдлыг санхүүгийн салбарынхан болон энэ үйлчилгээг авдаг цөөн хүрээнийхэн мэддэг ч яг амьдрал дээр, бизнесийн орчинд тухайн иргэн, байгууллага хэрхэн ашиглах боломж байна вэ гэдгээс яриагаа эхлэе?

Монгол улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь бусад улс орнуудаас импортоор орж ирдэг. Нэгэнт импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо хангаж чадахгүй байгаа өнөөдрийн нөхцөлд импортын барааг оруулж ирэх санхүүгийн зардлыг багасгах, иргэдийн гарт хямд өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хүргэх зорилго хаа хаанаа тулгардаг. Гадаадаас импортлож буй бүтээгдэхүүний төлбөр тооцооны асуудлыг эрсдэлгүй, найдвартай гүйцэтгэдэг хэрэгсэл бол Гадаад худалдааны санхүүжилт юм.

Гадаад худалдаа эрхлэгчдийн түгээмэл хандлага бол барааныхаа урьдчилгаа болон нийт төлбөрөө шууд гадаад гуйвуулга ашиглаж шилжүүлчихээд, эрсдэлд өртөх тохиолдол гардаг. Харин бараа ачигдсаны дараа, мөн бараа гарт тань ирсэн хойно, бүрэн бүтэн байдал болон эрсдэлээ хянасны эцэст төлбөрөө төлдөг боломж байдгийг тэр бүр мэддэггүй.

Энэ бол Худалдааны санхүүжилтийн арга хэрэгслийн зөвхөн нэг хэлбэр нь юм. Олон сонголтууд байгаа. Анх удаа болон үнийн дүн ихтэй,  эрсдэл өндөртэй гэж үзсэн, гадаадаас бараа бүтээгдэхүүн импортлох тохиолдолд аккредитивийг ашиглах нь тохиромжтой байдаг. Аккредитив нь гадаадын банк болон Монголын банк хамтраад төлбөрийн үүрэг хүлээж байгаа хэрэг юм. Харилцагчийн хувьд бараа цаг хугацаандаа ачигдах, бараа нь иртэл төлбөрийн эрсдэл хүлээхгүй байх давуу талуудтай.

- Банкууд төлбөрийн үүрэг хүлээдэг гэлээ, харилцагч мөнгөө байршуулаад бараагаа авах үед л банк төлбөрийг гадаад руу дамжуулах үүрэг хүлээдэг үү? Гадаад худалдааг нь дэмжиж санхүүжүүлэх, бага хүүтэй зээл олгох тал дээр ойлголт өгнө үү?

Харилцагч гадаадаас бараагаа татахдаа төлбөрөө төлөх санхүүгийн боломж байхгүй тохиолдолд тухайн банкнаасаа бизнесийн зээл аваад, тэр зээлээ шууд бараа худалдан авсан орон руугаа шилжүүлэхэд нэгд, эрсдэлтэй, хоёрт, зээлийн хүүгийн  зардал өндөртэй. Үүний оронд худалдааны санхүүжилтийн хамгийн түгээмэл, бас зардал багатай хоёр арга хэрэгсэл байдаг.

Эхнийх нь харилцагч дансандаа мөнгө байршуулахгүйгээр худалдааны санхүүжилтийн үйлчилгээ авах боломж буюу эх үүсвэргүй аккредитив нээлгээд, бараагаа ачигдаж ирэх хүртэлх нэг, хоёр сар, түүнээс дээших хугацаанд банкны дансанд мөнгөө сул түгжих нь ашиггүй тул бараагаа иртэлх хугацаанд зээлийн хүү биш эрсдэлийн шимтгэл хэмээх бага хэмжээний мөнгийг төлж болно. Мөн энд нэмж хэлэхэд бараагаа хүлээж авснаас хойш тодорхой хугацааны дараа төлбөрөө төлж болох таатай боломж ч байдаг, үүнийг дараа төлбөртэй аккредитив гэдэг. Харилцагчид дараа төлбөрт аккредитивийг түлхүү ашиглах сонирхолтой байдаг.  

Дараагийн нэг чухал эх үүсвэр нь гадаадын банкуудаас ХХБ-ны гадаад худалдаа эрхэлдэг харилцагчдад зориулан баталсан бага хүүтэй худалдааны санхүүжилтийг дэмжих зээл юм. Одоогийн байдлаар дэлхийн 34-н банкнаас 290 гаруй сая ам.долларын зээлийн шугамыг ХХБ-нд батлаж өгсөн байгаа.

- Дэлхийн аль ч улсаас бараа импортлоход гадаадын банкны зээлийн санхүүжилтийг ашиглах боломж нь нээлттэй байж чадах уу?  

Аль ч улсаас бараа импортлоход гадаадын банкуудын худалдааны санхүүжилтийг дэмжих зээл авахад нээлттэй. Харилцагчид зөвхөн бараа импортлох гэж буй улс орны банкнаас баталсан зээлийн санхүүжилтийг ашиглах ёстой гэсэн ташаа ойлголт байдаг. Уг зээлийн санхүүжилтийг дэлхийн аль ч улсаас гадаад худалдаа хийхдээ ашиглаж болдгоороо давуу талтай.  

Гадаад худалдааны санхүүжилтийн зээл нь дотоодын зээлийн хүүгээс хямд зардалтайгаас гадна гадаад худалдааны санхүүжилтийн бүхий л арга хэрэгслүүд нь харилцагч бэлэн мөнгөө бусад бизнесийн үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгөндөө ашиглах, бараа бүтээгдэхүүнээ найдвартай хүлээн авах, төлбөрөө дараа төлөх зэрэг олон боломжийг агуулдаг.

Энэ бүх боломжуудыг харилцагчиддаа хүргэх зорилгоор ХХБ-наас “Гадаад худалдааны санхүүжилт” зөвлөгөөнийг энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд гадаад худалдаа эрхэлдэг 200 гаруй байгууллага оролцоно.     ХХБ-ны мэргэжилтнүүд гадаад худалдааны санхүүжилт, бизнестээ хэрхэн ашиглах талаар танилцуулга хийж, зөвлөгөө өгнө. Мөн МҮХАҮТ - аас гадаад худалдааны бичиг баримтыг хэрхэн бүрдүүлэх талаар мэдээлэл хүргэж, хамтран оролцоно.

- Гадаадын банкуудаас худалдааны санхүүжилтийг дэмжих зээлийг олгохдоо шаардлагаа яаж тавьдаг вэ?

Гадаадын банкууд Монголын гадаад худалдаа эрхлэгчдэд зориулж зээлийн санхүүжилт олгохдоо тухайн банкныхаа нэр хүнд, хамгийн гол нь дэлхийн зах зээл дээр ямар байр суурьтай, гадаад төлбөр тооцооны туршлагатай эсэхийг харгалзаж үздэг. Дээр дурдсанчлан ХХБ-нд дэлхийн 34-н банк 290 гаруй сая ам.долларын зээлийн санхүүжилт батлаж өгсөн байгаа. Энэ санхүүжилт жил ирэх бүр нэмэгдээд явдаг. Энэ нь ХХБ-ны олон улсад бонд гаргадаг туршлага, мөн 2012 оны эцсийн дүнгээр л гэхэд Монгол улсын гадаад төлбөр тооцооны 53 хувийг дангаараа гүйцэтгэж байгаа зэрэгтэй шууд холбоотой гэж бид дүгнэдэг. Мөн бид Монголдоо хамгийн олон буюу дэлхийн 150 гаруй банк санхүүгийн байгууллагатай харилцаатай ажилладаг.

- Манай улсын хэдэн банк гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээг үзүүлж байна, энэ үйлчилгээ шаардлагатай байгаа харилцагчид үйлчлүүлдэг банкиндаа хандан авах боломжтой юу?

Монголбанкнаас гаргасан 2012 оны судалгаагаар Монголын арилжааны 7-н банк Худалдааны санхүүжилтийн үйлчилгээг хүргэж байгаа юм. Эдгээр 7-н банкнаас үзүүлж буй худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүний 50 гаруй хувийг ХХБанк дангаараа эзлэж байгаа нь судалгаанаас харагдсан.

Бидний зохион байгуулах зөвлөгөөнөөс гадна харилцагчид ХХБ-ны бүх салбар, тооцооны төвүүд дээр очин зөвлөгөө авч, эрсдэлгүй, хямд зээлийн эх үүсвэр бүхий гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээг авах боломжтой.

 
Ярилцсанд баярлалаа.

Т.Номин

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт