Мэдээ / Apr 08, 2011

Хөрөнгийн биржийн хөгжил, шинэчлэлтэд зориулан Монголын банкууд хамтран зээл олгоно

Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй удирдлага зохион байгуулалтын түвшинд хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, төлбөр тооцооны системийг дэлхийн стандартад хүргэх чиглэлээр хамтран ажиллах болсонтой холбогдуулан Худалдаа, хөгжлийн банк тэргүүтэй Монголын арилжааны банкууд хамтран, 14 сая 200 мянган ам.долларийн хамтын санхүүжилтийн зээл олгох гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Энэхүү хамтын санхүүжилтын зээл нь Монголын арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр хамтран олгож буй дотоодын томоохон хэмжээний анхны санхүүжилт бөгөөд Ерөнхий зохион байгуулагч буюу Удирдагч банкаар Худалдаа, хөгжлийн банк (4,220,000 ам.доллар) ажиллаж, Голомт банк (2,370,000 ам.доллар), Хаан банк (2,370,000 ам.доллар), Хас банк (2,370,000 ам.доллар), Улаанбаатар хотын банк (2,370,000 ам.доллар), Төрийн банк (500,000 ам.доллар) зэрэг банкууд Оролцогч банкаар, Төрийн өмчийн хороо Батлан даагчаар тус тус оролцож байгаа юм.

ХХБ гадаад, дотоодын томоохон хэмжээний хамтын санхүүжилт, байгууллагын зээл олголтоороо ямагт салбартаа тэргүүлэгч, арвин туршлагатайн хувьд энэ удаагийн үйл ажиллагаанд голлох байр суурьтай оролцож байгаа билээ.

Монголын арилжааны банкууд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн цоо шинэ гарааг эхлүүлэх түүхэн чухал алхамд хамтран нэгдсэн энэхүү үйл ажиллагаа нь Монгол улсад хөрөнгийн зах зээл шинэ түвшинд хүрэх, дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаатай болоход ихээхэн хувь нэмрээ оруулах томоохон санхүүжилт болох юм.


Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих