Мэдээ / May 17, 2010

ХХБ Улаанбаатар хотод 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо

Нийслэлийн өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд тодорхой хувь нэмрээ оруулах үүднээс Худалдаа, хөгжлийн банк 20 жилийнхээ ойн хүрээнд 100 ширхэг автобусны буудлын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж босгохоор боллоо. Энэхүү ажлыг эхлүүлэхээр ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Хотын ерөнхий менежер Ч.Бат болон Нийтийн тээврийн газрын удирдах төлөөллүүд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

ХХБ-ны барьж байгуулах энэхүү 100 ширхэг автобусны буудлын байгууламж нь нийтдээ 1 тэрбум төгрөгийн өртгөөр босох ба нийслэл хотод оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм. Уг буудлын байгууламжууд нь нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдийг тав тухтай орчин нөхцлөөр хангахыг зорьсны зэрэгцээ нийслэл хотын нүүр царайд өнгө чимэг нэмэх нэгээхэн ажил болж буйгаараа онцлог юм.

Өнгөрсөн жил нийслэл хот байгуулагдсаны ойн баярт зориулж ХХБ хоёр автобусны буудлыг байгуулсан бөгөөд уг буудлын байгууламж нь олон улсын стандартад нийцсэн материалаар, өнгө үзэмж сайтай хийгдэж, байгалийн гэрлийг мэдэрдэг өөрөө асч унтрах төхөөрөмж суурилуулсан нь нийслэлийн цахилгааны өртөг зардлыг хэмнэх ач холбогдолтой болсон юм.

Энэ жил 20 жилийнхээ ойтой золгож буй Монгол улсын ууган арилжааны банк ХХБ өнөөдрийн байдлаар 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 29 салбар, тооцооны төвтэйгээр, харилцагчдынхаа эрэлтэд нийцсэн 60 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт