Мэдээ / Aug 21, 2019

Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудын (GIP) гишүүн байгууллагуудын анхны уулзалт зохион байгуулагдлаа

2019 оны 8-р сарын 15-17-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан Бүс ба Зам санаачилгын Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудын (GIP) гишүүн байгууллагуудын анхны уулзалт болон “Бүс ба Зам - Шинэ эрчим хүч” олон улсын форумд ХХБанкны төлөөллүүд оролцлоо. Уг уулзалтад БНХАУ болон Их Британийн Засгийн газар, GIP-ийн гишүүн байгууллагууд, олон улсын байгууллагуудын 150 орчим төлөөллүүд оролцож GIP-ийн хүрээнд цаашид хийгдэх ажлууд болон өөрсдийн туршлагыг хуваалцав. GIР-д 2018 оны 11-р сараас хойш дэлхийн 30 гаруй томоохон санхүүгийн байгууллагууд нэгдээд байгаа бөгөөд зарчмуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зөвлөмж, аргачлалуудыг боловсруулах ажлын хэсгүүд болон нарийн бичгийн даргын газрыг байгуулаад байна.

 

 

Энэхүү GIP-ийн анхны уулзалтаар БНХАУ-ын Ардын Банкны Дэд Ерөнхийлөгч Чен Юулу, БНХАУ дахь Их Британийн элчин сайд Кристина Скотт, БНХАУ-ын Ногоон санхүүгийн үндэсний зөвлөлийн тэргүүн Др. Ма Жун, болон  Лондон хотын Ногоон санхүүгийн төвийн тэргүүн Sir Рожер Жиффорд нар оролцож нээлтийн үг хэлэв. Др. Ма Жун дараагийн жилүүдэд дэлхий даяар хамгийн их дэд бүтцийн бүтээн байгуулалт “Бүс ба Зам”-ын орнуудад явагдах бөгөөд дэлхий даяар нийт нүүрс хүчлийн хийн ялгарлын 70% нь дэд бүтцээс ялгардаг гэдгийг онцлов.

 

 

Тийм ч учраас ирээдүйд “Бүс ба Зам”-ын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтууд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон экологид томоохон нөлөөлөл үзүүлэх өндөр магадлалтай юм. GIP-ийн зорилго нь санхүүгээр дамжуулан ногоон “Бүс ба Зам”-ыг цогцлоох, төсөл, хөтөлбөрүүддээ байгаль орчны хүчин зүйлүүдийг авч үзэх, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжиж, байгаль орчны эрсдэлийн үнэлгээгээр дамжуулан нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулж, бохирдол үүсгэх хөрөнгө оруулалтуудыг хязгаарлах, ил тод байдал болон бүтээгдэхүүний инновацийг дэмжих тухай юм. БНХАУ болон Их Британийн Засгийн газруудын дэмжлэгтэй хэрэгжиж буй сайн дурын зарчмын хувьд GIP нь ногоон хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх платформ болох хүлээлттэй байна.

 

Уг уулзалтаар Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудын Бээжин дэх төлөөлөгчийн газрын зохицуулагч Чень Лин болон Лондон дахь Төлөөлөгчийн газрын зохицуулагч Жэймс Боил нар GIP-ийн хүрээнд хийгдэх ажлуудын төлөвлөгөө болон ажиллах зарчмуудыг танилцуулав. Хуралдааны үеэр мөн дараах гурван ажлын хэсгүүд шилдэг туршлагуудыг нэгтгэсэн арга аргачлал, зөвлөмж, стандартууд боловсруулах үүрэг хүлээв.

 

 

Ажлын хэсэг

Тэргүүн

Нарийн бичгийн дарга

1

Байгаль орчин, уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ

ICBC

(tbc)

PwC

2

Байгаль орчин, уур амьсгалын мэдээллийн ил тод байдал

Crédit Agricole

Industrial Bank

Ernst & Young

3

Ногоон санхүүгийн бүтээгдэхүүний инновац

Standard Chartered Bank

Bank of China

IFC

 

Эдгээр ажлын хэсгүүд 2 сарын дотор ажлын хэсгийн төлөвлөгөөгөө гарган, шаардлагатай ажлуудыг хэрэгжүүлж эхлэх юм. ХХБанк нь Байгаль орчин, уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ, болон Ногоон санхүүгийн бүтээгдэхүүний инновац гэсэн ажлын хэсгүүдэд гишүүнээр элсээд байна.

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт