Мэдээ / Apr 07, 2010

С.Оргодол: Би сорилтыг бэрхшээл гэдэг талаас нь биш боломж гэдэг талаас нь харж байгаа

Монгол улсын ууган, томоохон арилжааны банк Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-ны Гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодолтой өнөөгийн Монголын санхүү, эдийн засгийн төлөв байдал, банкны салбарын хууль, эрх зүйн орчны талаар яриа өрнүүлсэн юм.

ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол

Та ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогчоор 4 сар гаруйн өмнө томилогджээ. Олон жилийн дараа эргэж ажилласан сэтгэгдлээ манай уншигчдтай хуваалцахгүй юу?

Урьд нь 6 жил орчим ажиллаж байсан банкиндаа 8 жилийн дараа эргэж ирлээ. Их олон өөрчлөлт гарсан байна, гэхдээ танил дотно зүйлс түүнээс олон байсан. Хамт олонтойгоо хамт банкныхаа амжилтын түүхийг дахин бичилцэх болсондоо баяртай байгаа.

Энэ жил ХХБ-ны хувьд тэмдэглэлт жил тохиож байгаа юм байна. ХХБ өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын банкны салбарт ямар томоохон өөрчлөлтүүдийг авчирсан бэ?

1990 онд дэлхий нийтийн жишгээр банкны хоёр шатлалт тогтолцоо руу Монгол улс шилжихийн өмнөхөн байгуулагдсан анхны арилжааны банкуудаас өнөөдрийг хүртэл оршин тогтнож байгаа нь манай банк юм. Энэ хугацаанд ХХБ-ны улсын төсөвт оруулсан хувь нэмрийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл бид аж ахуйн нэгжийнхээ хувьд 50 гаруй тэрбум төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хувь хүний орлогын татварын хэлбэрээр мөн 10 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Гэхдээ ирээдүйд оруулах хувь нэмэр үүнээс ч их байх нь дамжиггүй. ХХБ Монголын банкны салбарт бусдыгаа манлайлан дуудсан, цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай нэвтрүүлэн, олон улсын зах зээл дэх шилдэг туршлагыг эх орондоо хэрэгжүүлж, мэдээллийн технологийн хөгжил бүртэй хөл нийлүүлэн алхаж, зах зээлийн аль ч цаг үед ноён нуруугаа алдалгүй, тогтвортой, урагшаа тэмүүлсэн, шинийг санаачилсан, байнга хөдөлмөрлөсөн он жилүүд байлаа гэж болох байх.

ХХБ-ыг манай улсын тэргүүлэх, томоохон банк гэдгийг бид мэднэ. Та сүүлийн үеийн санхүүгийн үзүүлэлтүүдээс нь тоймлоод дурдвал?

Манай банк санхүүгийн чадвар сайн байж, хамгийн хямралтай байсан 2008, 2009 оныг амжилттай давж, улмаар ашигт ажиллагаагаа дээшлүүлж, эрсдэлээ бууруулан ажилласан тул үндсэндээ энэ хямралыг ажралгүй давлаа гэж үзэж болно. ХХБ-ны хувьд иймэрхүү хямралыг түүхэндээ хэд хэдэн удаа даван туулж байсан туршлагатай тул, мэдрэмж, удирдлага, зохицуулалтын тал дээр барьц алдах, сандрах явдал гараагүй юм билээ.

Харин ч энэ хямралын үед бид Сингапурын хөрөнгийн бирж дээр 2007 онд гаргасан 75 сая ам.долларын бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулан, Монгол улсын хөгжлийн сангийн 25 тэрбум төгрөг, Засгийн газраас авсан алтны санхүүжилтын эх үүсвэр гэх мэтчилэн нийт дүнгээрээ 150 гаруй сая ам. долларын төлбөрийг сүүлийн нэг жил орчмын хугацаанд төлж барагдуулчихаад цаана нь санхүүгийн үзүүлэлтүүдийг бүрэн хангаж байгаа нь чадвартай цөөхөн банкны нэг гэдгээ харуулж байгаа юм. 2009 оны эцсийн санхүүгийн тайлангаар манай банк урьдынхаа адил түвшинд буюу сектор дахь нийт байгууллагын зээлийн багцын 29 хувийг эзэлж байгаа бөгөөд зээлийн багцын чанар сайн, чанаргүй зээлийн эзлэх хувь, хэмжээ нь салбарын дунджаас бага байгаа. 2009 оны эцсийн байдлаар ХХБ-ны нийт активын хэмжээ 805,2 тэрбум төгрөг, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 620,4 тэрбум төгрөг, нийт цэвэр зээлийн хэмжээ 402 тэрбум төгрөгт тус тус хүрсэн төдийгүй татварын дараахь цэвэр ашгаараа банкны сектортоо тэргүүлсэн.

Таныг олон улсын томоохон байгууллагуудад нэлээд олон жил ажиллаж байсныг тань мэдэх юм. Энэ талаараа ярихгүй юу?

Би МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр 1992 онд, АНУ-ын Колорадо мужийн эдийн засгийн дээд сургуулийг 2002 онд, Массачуссетс мужийн Бостоны Их Сургуулийг олон улсын банк санхүүгийн хуулийн мастерын зэрэгтэйгээр 2003 онд тус тус төгссөн. Одоо МУИС-д санхүүгийн зуучлалын эрх зүйн зохицуулалтын асуудлаар докторын зэрэг хамгаалахаар сэдэв авч судалгаа хийж байна. АНУ-д сургуулиа төгсөж ирснээсээ хойш 2004-2008 онд Дэлхийн Банк, Дэлхийн Банкны бүлгийн Олон Улсын Санхүүгийн Корпорацид дэд бүтцийн чиглэлээр хөрөнгө оруулалтын болон зөвлөх үйлчилгээний төслүүд болоод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын олон төсөл, хөтөлбөрүүдийг хариуцан ажиллаж байлаа. Эдгээр байгууллагууд бол дэлхийн хөгжиж буй орнуудын хөгжлийг хурдасгах, ядуурлаас ангид дэлхий ертөнцийг байгуулах зорилготой, зөвхөн санхүү, хүний нөөцөөрөө төдийгүй мэдлэгийн банк гэж ч тодорхойлогддог байгууллагуудад үндсэн ажилтнаар ажиллаж байснаа аз завшаан гэж боддог.

Гэхдээ одоо цагт олон залуу Монголчууд олон газар, нэр хүндтэй сайхан ажил хийдгийг мэддэгийнхээ хувьд би өөрийнхөө намтрыг нэг их гойд гэж боддоггүй. Ажиллах хугацаандаа мэдлэг, туршлага хуримтлуулахыг эрмэлзэхийн зэрэгцээ тэдгээр олон улсын санхүүгийн байгууллагуудын томоохон нөөцийг улс орондоо үр ашигтай ашиглах гэдэг талаас нь анхаарч ажиллаж байлаа. Дэлхийн Банкнаас хэрэгжүүлсэн зам, тээвэр, Улаанбаатар хотын усан хангамж, хөдөөгийн болон Улаанбаатарын гэр хорооллын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах, эрчим хүчний алдагдлыг буурулах, хөдөөгийн холбоожуулалтыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний зэрэг дэд бүтцийн хөрөнгө оруулалтын 100 гаруй сая ам долларын хөрөнгө оруулалтын төслүүд, тэдгээр салбарт хэрэгжсэн 10 гаруй сая ам. долларын буцалтгүй тусламжийн болон техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээний төслүүдийг хариуцан ажилласан. ОУСК-д ажиллах хугацаандаа Монголын зарим банк, компаниудад шинээр болон нэмэлт хөрөнгө оруулах, урт хугацаатай хувьцаанд хөрвөх болон үл хөрвөх нөхцөлтэй нийт 60 гаруй сая. ам долларын хөрөнгө оруулалт хийхэд багийнхаа бусад гишүүдтэй хамтран ажилласаныгаа эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан гэж боддог.

Монголын банкны салбарт дахин ажиллах болсон шалтгааныг тань сонирхвол?

2008 онд миний Дэлхийн банкны группт үндсэн ажилтнаар ажилласан хоёр дахь удаагийн 2 жилийн гэрээний хугацаа дуусч, цаашид хугацаагүйгээр сунгах эсэхээ шийдэх цаг болоод байсан юм. Хэрэв сунгавал ажилтан өөрөө хүсвэл тэтгэвэрт гарах хүртлээ ажиллах боломжтой байдаг. Миний хувьд амьдралынхаа зорилго, хэв маягаа насаараа олон улсын байгууллагад гүйцэтгэх ажил хийнэ гэж төсөөлдөггүй байснаас гадна Монголын банк, байгууллагуудын ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын албан тушаалд ажиллаач гэсэн тодорхой саналууд тавьж байсны дотроос сонголтоо хийсэн гэх үү дээ. Товчхондоо Монголынхоо банкны салбарын өмнө тулгарч байгаа томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ялангуяа, эдийн засгийн хямрал, мөн хүлээгдэж байгаа эдийн засгийн томоохон үсрэлтийн энэ үед өөрийнхөө мэдлэг чадварыг сорьж үзэх, чадах хэмжээгээрээ хувь нэмрээ оруулахыг хүссэн юм.

Дэлхий нийтээрээ хямрал ярьсан энэ үед амаргүй сорилтыг сонгох нь хэцүү биш үү?

Би энэ олон сорилтуудыг бэрхшээл гэдэг талаас нь биш боломж гэдэг талаас нь харж байгаа. Хэдийгээр энэ цаг үед дэлхий нийтээрээ эдийн засаг, санхүүгийн хямралтай байгаа боловч Монгол улсын хувьд эдийн засгаа ихээхэн чадваржуулах, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах зэс, алт, уран, төмөр, нефть, цайрын ордын төслүүдийг хэрэгжүүлэхээр зохих шийдвэрүүдээ гаргаад ажлууд хийгдэж байгаа нь түүхийн маш сонирхолтой цаг үе ч гэж хэлж болох байх. Өсөлтийг томоор хийе гэвэл тэр хэмжээний сорилт туулах хэрэгтэй. Энэ сорилтод манай улс олон талаараа бэлэн биш байгааг бид сүүлийн үед олон зүйлээс мэдэрсэн гэж бодож байна. Сорилт нь манай улсын санхүүгийн секторд ч адил хамаатай, дэлхий дахины жишгээр үзвэл манай улсын санхүүгийн сектор бүтэц, зохион байгуулалт, бодит эдийн засагтаа үйлчлэх чадавхи зэрэг шалгуураар авч үзвэл мөн бэлэн биш байна.

Манай санхүүгийн систем нь хөрөнгө оруулалтын болон өрийн үнэт цаасны зах зээлийн аль нь ч хөгжөөгүй, хөрөнгө оруулалтын сан, даатгал, тэтгэвэр, итгэлцлийн сан, зээлийн мэдээллийн сан зэрэг санхүүгийн дэд бүтцүүд нь зохих ёсоор хөгжөөгүй байгаа учраас арилжааны банкууд нийт санхүүгийн секторын 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг ч нийт санхүүгийн сектор дахь хөрөнгийн хэмжээ нь бодит эдийн засгийн хэмжээ, түүнчлэн, дотоодын нийт бүтээгдэхүүнтэй нь харьцуулан үзвэл 4-5 дахин доогуур байгаа зэрэг нь бид ярихгүй л байгаа болохоос, ямар хэмжээний сорилт тулгараад байгааг тодорхой харуулах байх. Гэтэл санхүүгийн секторын маань хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болох банкны салбар нь нийтдээ 4,3 триллион төгрөгийн активтай байгаа нь бидний хүсэн хүлээж байгаа хөгжлийн эдийн засгийн хэрэгцээтэй харьцуулж үзвэл хангалтгүй болох нь тодорхой.

Тэгэхээр одоо яах вэ? Шийдэх ямар боломж байх вэ?

Санхүүгийн капиталын хувьд маш хурдтай менежмент хийгддэг, тухайн орныхоо хил хязгаарт баригдахгүйгээр үйл ажиллагаа нь явагдаж байдаг тул бусад дэд бүтэц, бодит секторын бэрхшээлүүдтэй харьцуулвал хөрөнгө, системийг оруулж ирэх талаас нь авч үзвэл харьцангуй хялбар юм шиг боловч цаашдын эрүүл, өрсөлдөөнтэй хүртээмжтэй, үнэ, чанарыг зохистой хэмжээнд байлгаж, санхүүгийн секторт гарч болох эрсдэлээс нийт эдийн засгаа хамгаалалттай байлгах үүднээс нь авч үзвэл маш амаргүй. Санхүүгийн бүх секторын тухай асуудал чинь их өргөн асуудал учир ганцхан аргаар ингэж шийднэ гэж хэлэхэд хэцүү. Санхүүгийн секторыг бүрдүүлж байгаа хэсэг тус бүрт нь тохирсон бодлого, арга хэмжээ авах шаардлагатай. Яаж гэдэг дээр ганцхан санаа хэлье. Монгол улс жилдээ 2 тэрбум гаруй ам. долларын зэс, алт, цайр, нүүрс, газрын тос, төмрийн хүдэр олборлож, экспортолж байгаа. Үнэ тогтоолтын боловсронгуй бус тогтолцооноос болж, жинхэнэ үнийг нь тодорхойлохд хүндрэлтэй байгаа ч олборлолт, экспортын хэмжээ ирэх хэдэн жилд хэд дахин нэмэгдэх нь тодорхой байгаа. Гэтэл тэдгээр бүх түүхий эд, баялгийн үнийг өнөөдөр олборлож байгаа этгээд авч байгаа этгээдтэй ханцуй дотроо дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур тохиролцож, хамгийн багаар татвар төлж байна. Зүй нь олборлогч хэдээр борлуулах үнийг өөрөө тогтоодоггүй, үнийг нь бараа түүхий эдийн бирж (mercentile exchange сурв.) нь өөрийн ил тод, дуудлагын худалдааны журмаар тогтоож олборлогчид, ялангуяа хувьцаа эзэмшигчдэд нь боломжит хамгийн дээд үнэ, ашгийг, улс оронд нь хамгийн их татварыг олгож, ямар нэгэн хардлага сэрдлэг үүсдэггүй тул ард иргэдэд нь сэтгэл ханамж, нийгмийн зөвшөөрөл (social license сурв.)-ийг тус тус авчирч, улмаар нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг бэхжүүлдэг. Ийм байдал л Монголд хэрэгтэй гэж бодож байна.

Сорилт гэснээс сүүлийн 2 жил хямрал ярьлаа. Одоо бид хаана нь яваа бол?

Хямралын талаар хүмүүс зөндөө л их ярьлаа. Хямрал гэж юуг хэлээд байгааг тоон утгаар нь үзүүлэх хэдэн тоо хэлье. Тодорхой юм шиг хэрнээ их өргөн, түвэгтэй асуудал тул ойлгомжтой байх үүднээс болсон процессийг дэлхий нийтийн түвшинд, Монгол улсын түвшинд тайлбарлахыг оролдъё.

Дэлхий дахинд 1900-1980 оныг хүртэл санхүүгийн секторын актив дөнгөж 100 орчим хувиар буюу нэг дахин нэмэгдэж байсан бол 1980-2007 оны хооронд 200 орчим хувиар буюу хоёр дахин нэмэгдэж дэлхий нийтийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс 4 дахин их болсон байсан юм. Үндсэндээ дэлхий нийтээрээ дайн тулаангүй байсан, улмаар хүйтэн дайн дуусгавар болсон сүүлийн 30 орчим жилд хүн төрөлхтөн эдийн засаг, нийгэм, соёл, техник технологи, амьжиргааны түвшний хувьд маш том дэвшил хийсэн юм. Энэхүү хөгжил дэвшилд томоохон санхүүжилт шаардагдах нь тодорхой. Энэхүү эрэлтийг хангах үүднээс болон зарим орнууд эдийн засгийн давшингуй, зарим тохиолдолд хэт өөдрөг бодлогын улмаас санхүүгийн хөшүүргийг хэт ихээр хэрэглэх, санхүүгийн секторт бодит өсөлтөөс гадна үүсмэл эх үүсвэр (derivative сурв.)-үүдийг ихээр ашиглаж, зөвхөн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг төдийгүй хэрэглээг зарим тохиолдолд бодит бололцооноос нь хэтрүүлэн санхүүжүүлж ирсэн байдаг юм. Жишээ нь миний сурч байсан Бостоны ойролцоо Америкийн зүүн хойд мужууд буюу Нью-Ингландын зарим хүмүүс л гэхэд харьцдаг банкнаасаа зээл аваад хоёр дахь, гурав дахь хаузаа авч зарим нь Флорида мужид авч өвлийн хүйтэнд очиж 1-3 сар л амьдрах зориулалтаар төдийлөн зайлшгүй биш хөрөнгө оруулалт, хэрэглээнд зээл авах зэргээр эдийн засгийг халууруулж, хөөсрүүлж байлаа. Үүнд санхүүжүүлэгчид нь орон сууц бол эрсдэлгүй санхүүжилт, барьцаа гэж үзэж байхад, зээлдэгч, худалдан авагчид нь байнга үнэ нь өсч байдаг эрсдэлгүй хөрөнгө гэсэн ойлголт итгэл үнэмшил хүчтэй нөлөөлж байсан юм. Үүний улмаас зохиомол хэрэгцээ, үнийн хөөрөгдөл үүсч АНУ-д гэхэд л 2000-2007 оны хооронд орон сууцны үнэ 100 гаруй хувиар өссөн байна. Энэ мэтээр зохиомлоор өсч ирсэн зээл, санхүүжилтийн дотор бодит хэрэгцээ, төлбөрийн бодит чадвараас нь хэтэрсэн, эрсдэл, алдаа хуримтлагдах нь ойлгомжтой биз дээ?

Хуримтлагдсан алдаануудынхаа үнийг төлөх, байх ёстой байранд нь буцааж тавихтай холбогдон гарсан зардал, цаг хугацааны алдагдлыг л бид хямрал гээд байгаа болохоос биш, байгалийн элдэв гамшиг, дайн тулааны хөлд үрэгддэг шиг хөрөнгө баялаг устаж, үгүй болоогүй юм шүү дээ. Хямрал эхэлсэн 2008 оны 3-р улирлаас хойш зөвхөн дэлхий нийтийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн үнэ 90 триллион ам. долларт хүрч байсан нь зөвхөн 2008 онд л гэхэд үнэлгээ нь 3,4 триллионоор буурч, дэлхийн санхүүгийн секторын актив 2007 онд 192 триллион байсан нь 2008 онд 178 триллион болж буурсан зэргээс харж болно. Үүний дотор та бидний байнга сонсож байдаг хөрөнгийн биржүүдийн индексүүд огцом унаж, үнэт цаас эзэмшигчдийн хүлээсэн хохирол ч орж байгаа. Эцэст нь хэлэхэд дэлхийн улс орнууд болон манай орны хувьд өөр орчинд зохицох, түүндээ тохирсон бодлого баримтлах зайлшгүй шаардлагатай тулгараад байна.

Тэгэхээр дэлхийн энэ хямрал манай улсад хэрхэн нөлөөлж байгаа вэ?

Нэгэнт дэлхий нийтийг хамарсан энэ үзэгдлээс ангид үлдэх улс орон гэж байхгүй тул манай орон тодорхой хэмжээгээр өртөлгүй яахав. Хямралын дарамт улс орон бүрт харилцан адилгүй байсан. Манай хувьд учруулж болох байсан дарамтаас нь арай илүү дарамтыг өөрсдийнхөө алдаагаар үүрсэн гэж боддог. Манай улсын хувьд дэлхийн санхүүгийн зах зээлтэй төдийлөн нягт холбогдоогүй, үүсмэл санхүүгийн эх үүсвэр ашигладаггүй, хэт өөдрөг төсөөллөөр 100 хувийн зээл, санхүүжилт хийх хэмжээнд хүртлээ хүртээмжтэй болоогүй байсан зэрэг нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг зарим орнууд шиг хүнд хэлбэрээр нөлөөлөхгүй байх талтай байсан. Гэхдээ манай санхүү, улмаар эдийн засаг тодорхой хэмжээгээр хямарсан шүү дээ. Монголын хямрал нь манай экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ унасан, нөгөө талд нь импортын гол бүтээгдэхүүн болох нефтийн бүтээгдэхүүнүүд, улаан буудайн үнэ өссөн зэрэг цөөн хэдэн гадаад шалтгаануудын зэрэгцээ дотоод хүчин зүйлүүдээс ихээхэн шалтгаалсан.

Манай улсын хувьд дэлхийн эдийн засаг аль хэр түргэн сэргэхээс үл хамааран хурдан сэргэх хурдтай хөгжих боломж нээгдэж байгаа юм. Хэдийгээр олон улсын хөрөнгийн захуудын индекс сайн сэргэж чадаагүй байгаа ч Монголтой холбоотой олон улсын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй болон бүртгэлгүй компаниуд ихээхэн хэмжээний санхүүжилт босгож, хөрөнгө оруулалтаа идэвхжүүлж байна. Жишээ нь, Айвенхо Майнес, Ховдын Хөшөөтийн уурхайд түшиглэсэн Монголын Эрчим Хүч Компани, Сэлэнгийн Ерөө дэх төмрийн ордод түшиглэсэн Болд Төмөр Ерөө гол компани, South Gobi Sand, Energy Resources зэрэг олон компаниуд олон улсын санхүүгийн зах зээлээс ихээхэн хэмжээний хөрөнгө татаж, хөрөнгө оруулалтаа эхэлчихээд байна. Бидэнд бодит баялаг нь байгаа тул зөв хэрэгслээ ашиглаж, ухаалаг зөв бодлого явуулвал Монголын санхүү, эдийн засгийг санхүүжүүлэх мөнгө хангалттай орж ирэх бололцоотой гэж өөдрөгөөр төсөөлдөг. Гэхдээ хамгийн гол нь төсөөлж байснаас их хэмжээний мөнгө эдийн засагт орж ирэхэд түүнийг яаж зохицуулах, зарцуулах вэ гэдэг асуудал чухал юм.

Тогтворжиж эхлэж байгаа дэлхийн эдийн засгийн хамгийн хүнд үе ард үлдсэн ч эдийн засгийн сэргэлт эмзэг байгаа тухай олон улсад яригдаж байна. Энэ тал дээр Та ямар бодолтой байна вэ?

Хямралыг хэрхэн давах, тогтворжих зэрэг асуудал нь шалтгааныг нь зөв тогтоож, түүнийг засах аргаа зөв тууштай хэрэгжүүлж чадах эсэхээс л хамаарна. Улс орнууд хямралд янз бүрийн байдлаар өртөж байна. Хамгийн ихээр өртөж байгаа Исланд, Грек зэрэг орнууд байна. Зимбабвед өнгөрсөн жил өдрийн инфляци нь 98 хувьд хүрч, жилийн инфляци нь хэдэн зуун тэрбум хувьд хүрч валютын ханшийн удирдлагаа алдсанаар өөрийн гэсэн үндэсний валюттай байх бололцоогоо алдахад хүрсэн. Хэрэв эдийн засгийн удирдлага, хяналтыг зөв хэрэгжүүлэхгүй бол хямрал бол байнга дагалдаж байдаг сүүдэр шиг зүйл. Зүйрлэвэл хямардаггүй ходоод гэж байдаггүй шиг, хямардаггүй эдийн засаг гэж байхгүй. Гагцхүү хэрхэн байнга зөв дэглэм барьж, болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлж, хямарвал эмчилж байхаас эрүүл мэнд нь хамаардаг шиг л юм.

Та банкны тухай хуулийн чиглэлээр Америкт сурсан гэлээ, саяхан манай улс Банкны тухай хуулиа шинэчлэн сайжруулсан, энэ хуулийн талаар Та саналаа хуваалцаач?

Энэ хуулийг шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага байсан. Шинээр батлагдсан Банкны тухай хуулийн талаар товч дүгнэж хэлбэл энэ хууль судалгаа шинжилгээ, зарчим барьж хийсэн гэхээсээ илүүтэй Анод, Зоос банкуудыг төлбөрийн чадваргүй болохтой холбогдон үүссэн цочрол, сэтгэл хөдлөлд автаж хийсэн тул цаашдаа банкны салбарыг хөгжүүлэх, урт удаан хугацаагаар үйлчлэх, сайнаар хувь нэмэр оруулах хууль болж чадсангүй. Аливаа хууль бол өөрөө зохицуулалтын тэнцвэртэй харьцаанд үндэслэх учиртай юм. Тэнцвэрээ олоогүй аливаа зүйл удаан тогтох боломжгүй байдаг. Өнөөдөр Монголын банкны салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө, санхүүжилт шаардлагатай байгаа, гэтэл энэ хууль хөрөнгө оруулалтыг татах боломжийг хаасан, оруулсан хөрөнгийн хөрвөх боломжийг маш ихээр хязгаарласан хууль болсон. Хөрвөх чадваргүй хөрөнгө оруулалтыг хөрөнгө, баялаг гэж үзэхэд хэцүү шүү дээ. Банкны үйл ажиллагааг зохицуулж байгаа олон хууль, эрх зүйн бусад актууд өнөөгийн шаардлагыг хангахгүй, салбарын хөгжилд сөргөөр нөлөөлөх, эрсдэлийг нэмэгдүүлэх зэргээр нөлөөлж байгаа. Банкны салбарт ажиллаж байгаа хуульчид сайн дураараа нэгдэж, Банкны Хуульчдын Холбоо гэдэг төрийн бус байгууллага 2007 онд байгуулсан юм билээ. Би тэр байгууллагад бусад нөхдийнхөө хамт үйл ажиллагаанд нь саяхнаас идэвхтэй оролцохоор болсон. Энэ байгууллагынхаа шугамаар банкны хууль зүйн орчныг бүрдүүлж байгаа хууль тогтоомжуудад шинжилгээ хийж, санал хүсэлтээ холбогдох газруудад тавина.

Тэгэхээр Та өнөөгийн банкны салбарын хууль эрхзүйн орчинг хангалтгүй гэж үзэж байна уу?

Тийм. Угаасаа эрх зүйн орчин бол нийгмийнхээ хөгжилтэй уялдаж зэрэгцэн хөгжиж байх шаардлагатай. Зөвхөн шинээр батлагдсан Банкны тухай шинэ хууль гэхэд л урагшаа харсан гэх нь битгий хэл өнөөдрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй, эрх зүйн тогтолцоог бүрдүүлж байгаа олон хуулиудтай зөрчилдөж байгаа. Тухайлбал, Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим, тодорхой заалтууд, Иргэний хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн зүйл, заалтуудтай зөрчилдөж байна.

Ярилцсанд баярлалаа.

Б.Мишээл


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт