Мэдээ / Nov 12, 2009

ХХБ-ны АТМ-аар суурин утасны төлбөрийг төлөх боломжтой боллоо

Монголд төлбөрийн картын өргөн хүрээ, баялаг боломжуудыг карт эзэмшигчиддээ олгодог Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) Монголын Цахилгаан холбоо ХК-тай хамтран Суурин утасны төлбөрийг АТМ-аар төлөх дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлжээ. Уг үйлчилгээний талаар ХХБ-ны Картын Удирдлагын газрын захирал Х.Ганцэцэгээс тодрууллаа.

Иргэд суурин утасныхаа төлбөрийг ХХБ-ны АТМ-аар төлдөг болоод нилээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ үйлчилгээний үр дүн, ач холбогдлын талаар уншигчдад танилцуулахгүй юу?

Монголын арилжааны банкууд сүүлийн 10-аад жил картын бизнес эрхэлж, нийт ард иргэдийг картжуулах, бэлэн бус төлбөр тооцоог Монголд хөгжүүлэх, өргөжүүлэх ажилд зүтгэж байна. АТМ бол картын төлбөр тооцоонд хэрэглэх гол хэрэгсэл юм. Манай банк 2001 онд анх Монголд АТМ-ыг оруулж ирж байлаа. Бид АТМ-ыг зөвхөн бэлэн мөнгө гаргах үйлчилгээ үзүүлдэг хэрэгсэл гэдгээр нь бус карт эзэмшигчийн өөрөө өөртөө үйлчлэх банк гэдэг утгаар нь таниулахын тулд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, карт эзэмшигч манай банкны АТМ-аас банкны үйлчилгээний цагт баригдалгүйгээр 24 цагийн турш бэлэн мөнгө авахаас гадна банкны болон бусад үйлчилгээнүүдийг авах боломжтой байгаа юм.

Бид АТМ-ын үйлчилгээг нэмэгдүүлэн, МЦХ ХК-тай хамтраад суурин утас хэрэглэдэг ХХБ-ны карт эзэмшигчиддээ зориулан суурин утасны төлбөрөө АТМ-аар төлөх шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн нь харилцагчдын талархлыг хүлээсэн үйлчилгээ болж чадлаа.

Өөрөөр хэлбэл, Та суурин утасны төлбөрөө төлөхийн тулд заавал МЦХ ХК-ийн үйлчилгээний төвд очилгүйгээр ХХБ-ны төлбөрийн картаа ашиглан төлдөг болсон энэ үйлчилгээ орчин үеийн хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг хэн бүхэнд хэрэгтэй үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ бол ХХБ-ны карт эзэмшигчдэд зориулагдсан, харилцагчдынхаа цаг завыг хэмнэх, аль болох ажлыг нь хөнгөвчлөх зорилготой картын нэмэлт үйлчилгээнүүдийн нэг юм.

Суурин утасны төлбөрөө АТМ-аар төлөхөд банкинд ирж бүртгүүлэх зэрэг ямар нэгэн зүйл шаардах уу?

АТМ ашиглан төлбөрийн картаасаа суурин утасны төлбөрөө төлөхдөө заавал банкинд ирж бүртгүүлэх шаардлагагүй. Харин МЦХ ХК-ийн 109, 1109 лавлах дугааруудаас өөрийн суурин утасны төлбөрийн дүнгээ лавлан авсны дараа уг гүйлгээгээ өөрийн картнаас АТМ ашиглан гүйцэтгэх шаардлагатай. Мэдээж хэрэг, Та төлөх гэж байгаа утасныхаа төлбөрийн дүнг мэдсэний үндсэн дээр гүйлгээгээ хийнэ шүү дээ. Төлбөрөө төлөхдөө өөрт хамгийн ойр байрлах ХХБ-ны дурын АТМ ашиглан, 24 цагийн турш, хүссэн үедээ гүйцэтгэх боломжийг бид нийт карт эзэмшигчиддээ олголоо.

АТМ-аар суурин утасны төлбөрөө төлөхөд шимтгэлийн хувьд ямар байх вэ, МЦХ ХК хэдий хугацаанд төлбөрийг хүлээн авах вэ?

Шимтгэлийн тухайд аль ч төрлийн валютын данстай картаас 100 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний валютын шимтгэл авагдана. Төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийх ба валютын данстай картаас төлбөр хийх тохиолдолд ХХБ-ны тухайн өдрийн арилжааны ханшаар хөрвүүлэг хийгдэх болно. Харин утасны төлбөрөө ажлын өдрүүдийн 09-19 цаг хүртэл хугацаанд төлсөн бол таны утасны үйлчилгээний эрх төлбөр төлснөөс хойш 1 цагийн дараа, 19-09 цагийн хооронд төлсөн бол маргааш өглөө 9 цагт үйлчилгээний эрх тань сэргэх нөхцөлтэй байгаа. Мөн бямба гаригт 11-15 цагийн хооронд энэ хугацаанаас өмнө төлбөр нь төлөгдсөн утаснуудын эрх сэргэх боломжтой. Төлбөр хийхдээ утасны дугаар, төлбөрийн дүнгээ сайтар хянаж оруулах шаардлагатай.

ХХБ Монголчуудад анх удаа АТМ-ын үйлчилгээг хүргэж байсан. Бэлэн мөнгөний АТМ-ын тоо, хүртээмж ямар байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар нийтдээ ХХБ-ны 50 гаруй бэлэн мөнгөний машин ажиллаж байгаа. Сүүлийн үед карт эзэмшигчид маань АТМ-ыг зөвхөн бэлэн мөнгө авах хэрэгсэл гэдгээр нь бус банкнаас олгож байгаа олон нэмэлт үйлчилгээнүүдийг АТМ ашиглан гүйцэтгэдэг болсон нь том ололт гэж бодож байна.

Суурин утасны төлбөр төлөх үйлчилгээнээс гадна АТМ ашиглаж хийх өөр ямар ямар нэмэлт үйлчилгээнүүд байгаа вэ?

Миний дээр хэлсэнчлэн, ХХБ АТМ-ыг өөрөө өөртөө үйлчлэгч банк гэдэг утгаар нь ашиглан төлбөр хийж болох олон нэмэлт үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, АТМ ашиглан хамгийн хурдан бөгөөд хямд зардлаар цаг заваа хэмнэн картаас карт руу шилжүүлэг хийх, мөн картаас ямар нэгэн данс руу, өөрөөр хэлбэл, зээлийн төлбөр болон харилцах, хадгаламжийн данс руу мөнгө шилжүүлэх нэмэлт үйлчилгээг харилцагчид түгээмэл ашигладаг болоод байна. Түүнчлэн, бүх үүрэн телефоны операторуудын урьдчилсан төлбөрт картууд, олон улсын ярианы карт, интернэт картыг АТМ ашиглан худалдаж авах боломжийг карт эзэмшигчиддээ олгосоор нилээд хэдэн жил болж байна.

Төгсгөлд нь ХХБ-ны төлбөрийн картын сүүлийн үеийн урамшуулал, шинэ сониноос хуваалцвал?

Хамгийн сүүлд манай банкны олон улсын VISA, MASTER картууд хямдарсан байгаа. Эдгээр картууд нь дэлхийн өнцөг булан бүрт төдийгүй Монголдоо ч хэрэглэж болдгоороо давуу талтай. Урамшууллын хувьд бид олон улсын картуудын хураамжуудыг энэ сараас эхлэн бууруулсан байгаа. Олон улсын энгийн карт авах нийт төлбөр 100 $ байсан бол 50 $ болж, Алтан карт 300 $-оос 100 $, Бизнес карт 240 $-оос 150 $ хүртэл болж хямдарсан. ХХБ-ны картын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 326289, 331133 дугаарын утас болон www.tdbm.mn , www.bankcard.mn вэб хуудсуудаас авах боломжтой.

Танд баярлалаа.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт