Мэдээ / Oct 01, 2009

Олон улсын зах зээлд Монголын банкны чанар чансааг харуулж чадлаа

Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал, Монголын банкны салбарын жаргал зовлон бүрийг арван хуруу шигээ мэдэх, туршлагатай банкир Балбарын Мэдрээтэй бид ярилцлаа. Тэрээр банкныхаа 19 жилийн ойг угтсан их ажлынхаа цаг заваар өнөөгийн эдийн засгийн төлөв байдал, ХХБ-ны онцлох сонин сайхнаас хуваалцсан юм.

ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ

Бид өдөр бүр эдийн засаг сэргэж эхлэж байна, эсвэл хямрал дуусах болоогүй байна гэх ээргээр олон янзын саармаг мэдээлэл дунд байна. Та банкны салбарын халуун цэг дээр ажилладаг хүн, энэ талаарх асуултаар ярилцлагаа эхэлье.

 

Эдийн засаг, банкны салбарт ажилладаг хүн бүр энэ асуудалд байнга чих тавьж, соргог хандаж, дэлхий нийтийн мэдээллээс цаг алдахгүй байдаг байх аа гэж бодож байна. Миний ажиглаж буйгаар бол дэлхий даяараа эдийн засаг тогтворжих хандлагатай байгаа, гэвч эдийн засаг бүрэн сэргэсэн гэж хэлэхэд хараахан болоогүй, эрт байна. Манай улсын хувьд эдийн засагт зарим нэгэн ахиж гарч байгаа ч, инфляцийг бууруулахаар хэрэгжүүлсэн төрийн мөнгөний бодлогын уршгаар банкны салбарт хүндрэлтэй асуудлууд байсаар байгааг хэлэх байна. Гэхдээ энэ нь банкуудын үйл ажиллагааг доголдуулах, санхүүгийн хүндрэлд оруулахуйц ноцтой нөлөө байж чадахгүй. Харин ч сүүлийн саруудад банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ өсч байгаа нь банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлж, иргэдийн банкинд итгэх итгэлийг сайжруулж байгаа. Гэвч энэ нь эдийн засаг хурдан хугацаанд эмчлэгдэхэд хангалттай үндэс болж чадахгүй бөгөөд төрөөс бизнесийн орчноо таатай болгож, хөрөнгө оруулалтын боломжит нөхцлийг бий болгох хэрэгтэй байна.

Таныг Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгчийн хувьд асуухад манай дотоодын арилжааны банкуудын өнөөдрийн чадавхи ямар байгаа гэж Та бодож байна вэ? Мөн танай банкны санхүүгийн үзүүлэлтүүдийг сонирхвол?

Ер нь банкны чадавхийг тодорхойлоход хэд хэдэн үзүүлэлтүүдийг шалгуур болгож авдаг. Хамгийн наад зах нь актив буюу нийт хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хэмжээ, ямар ашигтай ажилласан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь ямар байна гэх зэрэг олон үзүүлэлт энд хамаатай. Манай арилжааны банкуудын хувьд энэ оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангууд бидний хүлээж байсан үзүүлэлтээс чамлахааргүй үзүүлэлт гарсан.

ХХБ-ны хувьд санхүүгийн үзүүлэлтүүд байнгын өсөлттэй байдаг. Манай нийт актив хөрөнгийн хэмжээ өнөөдрийн байдлаар 763 тэрбум төгрөгт хүрээд байна, өөрийн хөрөнгө 74 тэрбум төгрөг, татварын дараах ашиг 10 тэрбум төгрөг боллоо. ХХБ-ны ашигт ажиллагаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар өндөр хэмжээнд байдаг нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зээлийн багцын чанар, эрсдэлийг зөв удирдан хянахад ихээхэн тустай байгаагийн зэрэгцээ өнөөдрийн дэлхий нийт болон дотоодын санхүүгийн хэвийн бус цаг үеийг даван гарахад асар том дэм, түшиг болж өгч байгаа юм.

Түүнчлэн бид олон улсын зах зээл дээр Монголын банк ямар чансаатайг харуулж чадсан баярт үйл явдал бидэнд тохиолдож байгааг танай сонины хуудсаар дамжуулан хэлж байгаадаа туйлаас баяртай байна. Энэ нь бид Олон улсын зах зээл дээр 2007 онд гаргасан бондын хөтөлбөрөө хугацаанаас нь өмнө урьдчилан төлсөн нь ХХБ төлбөрийн чадвараар тэргүүлэгч банк гэдгээ нотоллоо.

Энэ баярт мэдээг ХХБ-ны харилцагчид төдийгүй Монголын банк санхүүгийн байгууллагынхан ихэд бахдаж хүлээж авсан байх аа. Дэлхийн зах зээл дээр Монгол улсын чадвар, нэр хүндийг өндөрт өргөсөн Та бүхэнд баяр хүргэе. Танай банк Монгол улсаас анх удаа Олон улсын зах зээл дээр бонд гаргаснаар ямар үр ашгийг хүртэж чадсан бэ?

Тийм ээ, бид Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагуудаас олон улсын зах зээлд анх удаа зориглож, өөрийн хүч бололцоондоо итгэж 2007 оны 1-р сард 150 сая ам.долларын дунд хугацааны бондын хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхний 75 сая ам. доллартай тэнцэх бондыг 3 жилийн хугацаатай, жилийн 8.625 хувийн хүүтэйгээр амжилттай борлуулж чадсан юм. Энэ амжилтандаа тулгуурлан 2008 онд уг хөтөлбөрийг 300 сая ам.доллар болгон өргөжүүлсэн бөгөөд манай бондыг худалдан авах захиалга арилжааны дүнгээсээ хэд дахин давж, 13 орны 96 хөрөнгө оруулагчид худалдаж авсан нь бидний нэр хүндийг олон улсад хүлээн зөвшөөрөх эх үндсийг тавьж өгсөн юм.

Бид олон улсад бонд гаргаснаараа олон улсын санхүүгийн зах зээлээс харьцангуй урт хугацааны гадаад эх үүсвэрийг Монголын байгууллагууд татаж чадах юм байна гэсэн итгэлийг төрүүлж, урам өгсний зэрэгцээ ХХБ-ны харилцагч нартаа урт хугацааны санхүүжилтийг бага хүүтэйгээр олгох боломжийг бүрдүүлснээрээ маш амжилттай энэ хөтөлбөрийн үр дүнг амсаж байгаа юм. Энэ үйл явдал нь Монголын санхүүгийн зах зээлд цоо шинэ хуудсыг нээж чадсан түүхэн үйл явдал боллоо.

Санхүүгийн хүндрэлтэй энэ үед бондоо цаг хугацаанаасаа өмнө төлж байгаа нь ХХБ-ыг бэл бэнчинтэй банк гэдгийг илтгэж байгаа гэж ойлгогдож байна?

Мэдээж хэрэг зөвхөн ХХБ биш Монголын банкны салбарт итгэх итгэлийг, монголын банкны салбарын ноён нурууг дотоод, гадаадад илтгэж чадсан хэрэг болж байгаа юм. Дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй үеийг үл харгалзан төлбөр гүйцэтгэх чадвараа нотлон, хугацаанаас нь өмнө бондын төлбөрөө урьдчилан төлсөн нь манай банкны төдийгүй Монгол улсын нэр хүндийг олон улсын зах зээл дээр өндөрт өргөлөө. Дэлхий даяар санхүүгийн байдал сайнгүй байгаа энэ үед бид ийм шийдвэр гаргасан нь ХХБ олон улс дахь нэр хүндээ улам бататган, олон улсын зах зээлд хүрээгээ тэлэх боломжийг давхар олгож байгаа юм. Түүнчлэн, бид цаашид Олон улсад үйл ажиллагаагаа улам бүр өргөтгөх, дахин олон улсын бондын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, Монголын ард иргэддээ, харилцагчиддаа гадаад эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг татах, урт хугацаатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг бий болгох болно.

Тэгэхээр ХХБ цаашид дахин Олон улсын зах зээл дээр бонд гаргах төлөвлөгөөтэй юм байна. Цаг хугацааны хувьд тодорхой байгаа юу?

Бид төлөвлөж байна, магадгүй 2010 оны эхний хагаст, Олон улсын санхүүгийн зах зээл дээр таатай нөхцөл бүрдсэн үед дахин бонд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Бид анхны бондоо гаргаж, үр ашгийг нь хүртэн, амжилттай эргүүлэн төлсөн энэ түүх нь бидний хувьд онцлох чухал үзүүлэлт болох нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, бидний найдвартай байдалд олон улсын хөрөнгө оруулагчид итгэл хүлээлгэсэн гэж ойлгож болно. Хамгийн чухал нь Монгол Улсыг Олон улсын санхүүгийн зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлсэн гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хүндэтгэж, Монгол хүн, Монгол улс хариуцлагыг эрхэмлэж чаддаг гэдгийг бид дэлхий даяар мэдрүүлэхийг хүссэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг улс гэдгийг нотолж өгч байгаа хэрэг юм. Энэ үйл явдал бидний 19 жилийн ойн өмнө тохиож байгаа том баярт үйл явдал юм.

ХХБ-ны 19 жилийн ой хэдийд тохиож байгаа вэ, ойгоо угтаад ямар ямар ажлууд хийж байна?

Манай банк 1990 оны 10-р сарын 19-нд Монголын анхны арилжааны банк болон мэндэлсэн. 19 жилийн ойгоо угтаад харилцагчдаа баярлуулах нэлээдгүй ажлуудыг хийж байна даа. Өчигдөр гэхэд манай “Гурван гал” салбар үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ байранд илүү тохилог тухтай орчинд харилцагчиддаа үйлчлэхээр боллоо. Ирэх долоо хоногоос Зүүн дөрвөн замд шинээр ашиглалтад орох Гранд оффис төвд ХХБ-ны “Гранд” салбар шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж, харилцагчидаа хүлээн авна. Мөн Баянгол дүүрэгт байрлах Кёкүшю цамхагт “Баянгол” салбар үүд хаалгаа цоо шинээр нээнэ гээд олон үйл явдлууд биднийг хүлээж байна. Харилцагчиддаа гэнэтийн бэлэг болгож, цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Түүнчлэн, ХХБ-ны тэргүүлэх амжилтуудын эзэд болсон банкныхаа нийт ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр хэд хэдэн дорвитой ажлуудыг 19 жилийн ойгоо угтан хийхээр төлөвлөж байна.

Ярилцлагынхаа төгсгөлд зах зээлд тэргүүлэгч банкны олон мянган харилцагчиддаа хандан юу хэлэхсэн бол?

Юуны өмнө бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагч иргэд, дотоод гадаадын байгууллага, хамтран ажиллагч бизнесийн түншүүддээ улиран одсон он удаан жилүүдэд байнга хамт байж, бидэнд үнэнч байсанд талархлаа илэрхийлье. Зах зээлд 19 жил тэргүүлж, итгэлийг тань алдаагүй ХХБ ирэх он жилүүдэд ч таны найдвартай санхүүгийн түнш байсаар байх болно.

Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих