Мэдээ / Aug 20, 2009

ХХБ-ны Ерөнхийлөгч Р.Коппа: Эдийн засгийн бүрхэг үе багагүй хугацаанд үргэлжлэх ч, чамлахааргүй ахиц гарч байна

Монголын банкны салбарт төдийгүй дэлхийн олон улс орнуудад ажиллаж байсан туршлагатай банкир ХХБ-ны Ерөнхийлөгч Р.Коппатай бид ярилцлаа. Тэрээр Монголын эдийн засгийн төлөв байдал, цаашдын арга замын талаар жинтэй яриаг өрнүүлдэг билээ. Түүний ярилцлаганд анхаарлаа хандуулна уу.

Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Таны бодлыг сонсоё. Бид хүнд үеэ ардаа орхиж чадсан уу, цаашдын төлвийг Та хэрхэн харж байна?

ХХБ-ны Ерөнхийлөгч Р.Коппа

Монгол улсын эдийн засгийн салбарт зарим нэг ахиц ажиглагдаж байгаа ч хүнд үеийг давсан гэж хэлж арай болохооргүй байна. Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад Монголын бизнесийн үйл ажиллагааний түвшин 15 хувиар хоцорч байна, харин импортын хэмжээ буурсан нь улсын төлбөрийн тэнцэлд учруулах дарамтыг хөнгөвчлөх сайн тал ажиглагдаж байна. Нөгөөтэйгүүр инфляци 2009 оны эцэст нэг оронтой тоонд хүрэх боломж бас харагдаж байна. Харамсалтай нь төгрөгийн доллартай харьцах ханшийн бууралтыг зогсоохоор авч хэрэгжүүлсэн 2008 оны мөнгөний хатуу бодлого, 2009 оны бодлогын хүүгийн өөрчлөлт нь зээлийн хүүг өндөр хэвээр байхад нөлөөлж байна. Энэ оны 2-р улиралд банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ мэдэгдэхүйц өссөн нь банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүсэн. Гэсэн хэдий ч банкуудын чанаргүй зээлийн хэмжээ ихэссэн нь цаашид олгох зээлдээ өндөр шаардлага тавих, хянуур байхыг анхааруулахын зэрэгцээ зээлийн хүү одоогийнх шигээ өндөр хэвээр байхад нөлөөлж байна.

Сүүлийн үеийн дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийн өсөлтүүд манайд эерэг нөлөө үзүүлж чадахгүй байгаа юу?

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 6000 ам.долларт хүрч байгаа нь экспортын орлого нэмэгдэх найдлагыг төрүүлж байна. Энэ оны эхний хагас жилийн зэсийн экспортын орлого өмнөх оны мөн үеийнхээс 65 сая ам.доллароор бага байгаа. Энэ нь экспортын хэмжээг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж байж өмнөх оныхоо хэмжээнд очно гэсэн үг. Аз болоход Хятад улс зэсийг цаашид ч худалдан авсаар байх хандлага ажиглагдаж байна. Түүнчлэн, дэлхийн зах зээл дээр алтны үнэ өндөр хэвээр байна, мөн алтны олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор гэнэтийн ашгийн татварын хэмжээнд өөрчлөлт оруулах нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Тодорхой хугацаа алдсан ч Засгийн газраас олон улсын санхүүжилтүүдийг хөөцөлдөж арилжааны банкуудад зун, намрын улиралд алтны олборлолтын компаниудыг санхүүжүүлэх боломж олгож, экспортыг дэмжлээ. Харамсалтай нь Бороо Гоулд компанийн 3 сарын түр зогсолт нь энэ жилийн олж болох байсан экспортын ашгийг төдий хэмжээгээр хорогдууллаа. Хятадын коксжсон нүүрсний импорт нэмэгдэж, Монголын коксжсон нүүрсний олборлолт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Манай улсын импортын хэмжээ буурсан гэж Та хэллээ, энэ нь өргөн хэрэглээний бараа хомсдсон гэсэн үг үү?

Яг тийм ч биш л дээ. Өмнөх оноос импортын шатахууны дундаж үнэ буурсан боловч импортолсон хэмжээ нь буураагүй. Үүний зэрэгцээ Монгол Улс Хятадад боловсруулаагүй нефть экспортолсоор байгаа нь шатахууны импортын зардлыг бууруулж буй нэг хүчин зүйл юм. Энэ жилийн хувьд үр тариа тариалсан талбайн хэмжээ өмнөх оноос 31 хувиар өссөн. Энэ жил эрт бороошиж, хур бороо элбэгтэй байгаа болохоор ургац арвин байж, газар тариалангийн хувьд бусдаас хамааралгүй байх болов уу гэж бодож байна. Бусад өдөр тутмын хүнсний болон өргөн хэрэглээний барааны хувьд аль болох хямд үнэтэйг нь сонгох болсон нь ажиглагдаж байна. Автомашин мэтийн томоохон худалдан авалтыг яаран хийх нь буурсаар байгаа учраас л импорт багассан ч хэрэглээний дутагдал үүсэхгүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хүнд үед бүсээ чангалах үзэгдэл зөвхөн Монголд биш дэлхий нийтээр ажиглагдаж байна.

Барилгын салбарынхан хүндхэн байгаа талаар хаа сайгүй ярьж бичиж байна? Яг бодит байдал ямар байгаа вэ?

Барилгын салбарт үнэхээр хүндхэн жил болж байна. Барилгын материалын үнийн өсөлт, өнгөрсөн жилийн мөнгөний хатуу бодлого маш олон барилгын төслүүдийг удаашрахад хүргэсэн. Өнөөдрийн байдлаар 1,5 триллион төгрөгөөр үнэлэгдэх 30 000 орчим орон сууцны 400 гаруй дуусаагүй барилга баригдаж байна. Мэдээж хэрэг, ойрын жилүүдэд Улаанбаатар хотод дор хаяж 100 000 орон сууцны хэрэгцээ байгаа үед энэ нь тийм ч хангалттай тоо биш л дээ. Дээрх барилгуудаас 10 000 орчим нь дууссан, бараг ашиглалтад орж буй барилгууд байгаа. Цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд тэдгээрийг энэ жилдээ багтаж борлуулах шаардлага тулгараад байгаа юм. Банкны салбар дахь мөнгөний хомсдолоос шалтгаалаад арилжааны банкууд илүү олон барилгын төслийг санхүүжүүлэх, барилгын салбарт болон орон сууцны зээл авах боломжтой харилцагчдад зээл олгоход хүндрэлтэй байгаа юм. Барилгын салбарт одоогийнхоос илүү их санхүүжилт хэрэгтэй байна.

Барилгын салбарыг хүндрэлээс гаргах санхүүжилтийн асуудал ямар нэгэн нааштай уур амьсгал юу байна?

Энэ талаар саяхан Монголбанк Монголын Ипотекийн корпораци (МИК)-тай банкуудын орон сууцны зээлийг худалдан авах зорилгоор гаргах гэж буй 25 хүртэл тэрбум төгрөгийн бондын хөтөлбөрийг дэмжих гэрээг байгуулсан. Ингэснээр банкууд дээрх хөрөнгөөрөө дахин орон сууцны зээл олгох юм. Яаралтай санхүүжилт шаардлагатай байгаа дуусаагүй барилгын 20 хувийг ийм замаар санхүүжүүлж болно гэж үзэж байгаа. МИК бонд гаргах хүсэлтийнхээ эцсийн шийдийг хүлээж байгаа ба хэрэв нааштай шийдэгдвэл дараа жилээс орон сууц санхүүжүүлэх үйл ажиллагаа хэвийн байдалдаа эргэн орох болно.

Барилгын компаниудаас гадна арилжааны банкуудыг барилгын салбарт олгосон зээлээс болоод хэцүүхэн байдалд байгаа гэсэн яриа гадуур их яригдаж байна, энэ тал дээр Та юу хэлэх вэ?

Арилжааны банкуудын чанаргүй зээлийн ихэнх хувийг барилгын зээл эзэлж байгаа нь үнэн. Нийт чанаргүй зээлийн 11 гаруй хувь, хугацаа хэтэрсэн зээлийн 7 хувь барилгын салбарынх. Гэсэн хэдий ч барилгын зээлээс гадна уул уурхайн, хөдөө аж ахуйн, худалдааны гэх мэт олон асуудалтай зээлүүд бий. Мөнгөний нийлүүлэлт их, ДНБ-ий өсөлт сайн байсан өмнөх жилүүдийн үед олгогдсон туршлагагүй зээл олголтуудын зэс нь цухуйж байна гэж хэлж бас болох юм. Өнөөгийн эдийн засгийн хүнд байдлыг даван гарахад туслах зорилгоор Дэлхийн банк Монголын банкны салбарыг санхүүжүүлэх, хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэх талаар Монголбанктай ярилцаж байна. Урт удаан хүлээгдэж буй банкуудын нэгдэл бий болж том банкууд ч үүсэж магадгүй. Дэлхийн банк болон Олон улсын валютын сангаас үзүүлж буй тусламж, дэмжлэгүүд нь Монголын эдийн засагт, тухайлбал, төгрөгийн тогтвортой байдал, төсвийн алдагдлыг дэмжихэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Монголын эдийн засгийг дахин сэргээх, банкны салбар санхүүгийн хямралыг давахад тэдний тусламж цаашид ч хэрэгтэй байгаа юм.

Сүүлийн саруудад ХХБ-ны үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд ямар байв?

Эдийн засгийн өсөлт саарсан өнөө үед ХХБ нь өөрийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зээлийн чанарыг сайжруулахад анхааран ажилласаар ирлээ. Хэдийгээр бусад банкуудын адил ХХБ-ны нийт зээл дэх чанаргүй зээлийн хувь нэмэгдсэн ч, зохистойгоор удирдаж болох түвшинд байгаа. Өнөөдрийг хүртэл бид Монгол улсын 360 гаруй томоохон аж ахуйн нэгж, корпорациудтай хамтран ажиллахын зэрэгцээ олон тооны жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад нь туслан санхүүжүүлж ирлээ. Урьдын адил ХХБ нь нийт байгууллагын зээлийн 25-аас илүү хувийг эзэлсээр байгаа ба Монголын тэргүүлэх байгууллагын банк гэдэг утгаараа эдийн засгийн салбар дахь өөрсдийн үүрэг, хариуцлагыг сайтар ухамсарладаг. 2009 оны 6-р сарын 30-ны байдлаар ХХБ-ны нийт автивын хэмжээ 725 тэрбум төгрөгт, татварын дараах цэвэр ашиг 10 тэрбумд тус тус хүрээд байна. ХХБ-ны ашигт ажиллагаа, хөрөнгийн зохистой харьцаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг өндөр түвшинд барьж, татан төвлөрүүлсэн хөрөнгийг зөв тооцоолон сонгосон зээлийн үйл ажиллагаагаар дэмжин, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Зээлийн багцын чанар, эрсдэлийг зөв удирдан хянахад ихээхэн анхаарч ажиллаж байгаа маань өнөөдрийн хүнд үеийг даван гарахад ихээхэн тустай байх болно.

Хямралын энэ үеийг давахад Засгийн газар хангалттай ажиллаж чадаж байна уу? Цаашид төрөөс ямар арга хэмжээ авбал дээр гэж та бодож байна?

Засгийн газрын зүгээс хэд хэдэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсэн шүү дээ. Нэгдүгээрт, төсвийн алдагдлыг сайтар хянан, Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банкны санжүүжилтүүдээс бусад гадаадын зээл тусламжийг хязгаарласан. Цаашид энэ зарчмаа баримтлах нь зүйтэй гэж бодож байна.

Хоёрдугаарт, банк санхүүгийн салбарыг дэмжих зорилгоор зарим нэг санхүүжилтүүд хийгдсэн ба өмнө хэлсэнчлэн цаашдаа банкны салбарт дэмжлэг шаардлагатай хэвээр байна. Ойрын үед Засгийн газраас авч хэрэгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээ бол Оюу толгой зэрэг гол орд газруудын гэрээний асуудлыг шийдэх явдал юм. Чухам ямар гэрээ нь Монголд ашигтай, эсвэл ашиггүй талаар яримааргүй байна л даа. Мэдээж хэрэг, зөв гэрээг зөв хөрөнгө оруулагчтай хийх нь чухал. Гадны орноос Монгол улсад нилээд хэдэн жил ажилласан банкир хүний хувьд, түүнчлэн монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар өөрийн бодлоо хуваалцаж байгаагийн хувьд хэлэхэд, уг гэрээ аль болох хурдан зөвшилцөлд хүрнэ, төдий чинээ хурдан дотоодын эдийн засагт үр өгөөж нь мэдрэгдэх болно. Ордын олборлолт болон дэд бүтцийн бэлтгэл ажилд шаардлагатай олон төрлийн зарцуулалт шууд л эхлэх нь мэдээж. Эдгээр бүх мөнгөний урсгал дотоодын банкууд руу орсноор банкуудын зээлжих чадвар нэмэгдэнэ. Иймээс, ЗГ болгоомжлолоо даван, өөдрөг сэтгэлээр хөрөнгө оруулалтын зөвшилцөлд хүрч чадвал өнөөгийн жижиг, хэврэг эдийн засагт тэр даруй нөлөөгөө үзүүлэх болно.

Манай эдийн засаг сэргэхэд хэдий хугацаа шаардлагатай гэсэн төсөөлөл Танд байна вэ?

Эдийн засагт хэдийгээр нааштай өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа ч эдийн засаг тийм ч сайнгүй байна, өсөлттэй үедээ эргэн орох хүртэл багагүй хугацаа шаардагдах бололтой. Уул уурхай, барилга, газар тариалан, худалдаа болон санхүүгийн салбаруудад хийх зүйл их байна. Энэ салбаруудад олон улсын байгууллагуудаас тусламж авах боломж ч нэлээдгүй байна. Оюутолгойн гэрээг аль болох эрт байгуулах нь Монголын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой гэдэг нь нэгэнт тодорхой бөгөөд гэрээ байгуулагдах хүртэл чадах бүхнээ хийх л хэрэгтэй болж байна даа.

Ярилцсанд баярлалаа.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих