Мэдээ / Aug 20, 2009

ХХБ-ны Ерөнхийлөгч Р.Коппа: Эдийн засгийн өсөлтийн удаашрал нь Монголын банкны салбарын шалгуур болж байна

Монгол-Азийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнгөрөгч 3-р сарын сүүлчээр Хонгконг улсад болж өндөрлөлөө. Уг чуулга уулзалтын Ерөнхий ивээн тэтгэгчээр Худалдаа, хөгжлийн банк 4 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд тус банкны Ерөнхийлөгч ноён Рандолф Коппатай бид чуулга уулзалтын ач холбогдлын талаар төдийгүй банкны салбарын өнөөгийн болон цаашдын төлөв байдлын талаар ярилцлаа.

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Коппа

Монгол-Азийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаас Та дөрөө мултлаад удаагүй байна, чуулга уулзалтын талаар яриагаа эхлэе. Энэ чуулга уулзалтын ач холбогдлыг Та хэрхэн дүгнэж байна вэ?

Euromoney байгууллагаас уламжлал болгон бүс нутгуудад зохион байгуулдаг хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтууд нь олон улсын бизнес эрхлэгчид, шийдвэр гаргах төвшний төлөөллүүд, Засгийн газрын төлөөлөгчид нэгэн дор хуран цуглаж, шилдэг туршлагаа харилцан солилцдогоороо өндөр ач холбогдолтой, дэлхийд нэр хүндтэй үйл ажиллагаа юм. Энэ ч утгаараа энэ удаагийн Хонгконг улсад болсон Монгол-Азийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт нь Монгол улсын санхүүгийн байдал, хөрөнгө оруулалтын таатай орчны талаар дэлхий нийтэд сурталчлах хүчтэй суваг болж өгсөнөөрөө онцгой ач холбогдолтой боллоо. Түүнчлэн, Монголд хөрөнгө оруулалтын ямар ямар боломжууд байгаа, энэ боломжийг хэрхэн олж авах талаар хөрөнгө оруулагчдад таниулж өгдөг. ХХБ Монголын байгууллагын болон хөрөнгө оруулалтын банкны зах зээлд тэргүүлэгчийн хувьд дотоодын эдийн засгийн хурдацтай хөгжлийн төлөө банкны зүгээс хэрэгжүүлж болохуйц боломжит арга замуудыг Засгийн газар болон хөрөнгө оруулагчидтай хуваалцаж, хамтран ажиллах нь бидний хувьд хамгийн чухал гэж үздэг. Манай банк 2006 оноос хойш хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа, энэ нь эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэрэг гэж бид үздэг учраас уламжлал болгон энэ үйл ажиллагааг ивээн тэтгэдэг. Нөгөөтэйгүүр бид Монголд бизнес эрхлэх сонирхолтой олон тооны хөрөнгө оруулагчидтай шууд харилцаа тогтоох боломжтой байдаг.

Монголд бизнес эрхлэх сонирхолтой хөрөнгө оруулагчдыг татах, түүгээр дамжуулаад манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, өсөлтийг нэмэгдүүлэх боломжийг олгодог чухал арга хэмжээ гэж ойлголоо. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчид манай улсын аль салбарт хөрөнгө оруулах илүү сонирхолтой байдаг вэ? Ингэхэд Та нэлээд олон жил Монголд амьдарч байгаа байхаа?

Би гадаадын 12 оронд нийтдээ 30 жил амьдарсан юм байна. Харин Монголд 2004 оноос ажиллаж, амьдарч байх энэ хугацаандаа Монгол улсын эдийн засгийн хөгжилд болон өөрийн ажиллаж буй ХХБ-ныхаа өсөлт, дэвшилтэд гар бие оролцож байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Монгол бол улс төрийн хувьд харьцангуй тогтвортой орны тоонд ордог гэж би боддог. Түүнчлэн, Орос, Хятад гэсэн асар том хоёр зах зээлийн дунд оршдог нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой байршилд тооцогддог төдийгүй өргөн уудам нутаг дэвсгэртэй, асар их ашиглагдаагүй байгалийн баялагтай орон. Статистикийн судалгаанаас харахад өнгөрсөн онд Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт орсон ба хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, Монголд орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 67 хувийг уул уурхайн салбар эзэлж, нийт экспортын 73.4 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Дэлхийн санхүүгийн хямралаас үл хамаараад Таван толгой, Оюу толгой, Төмөртэй, Асгат, Дорнод, Гурван булаг-Мардай ордуудын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж чадвал Монгол улсын эдийн засагт асар том түлхэц болох нь дамжиггүй.

Туршлагатай банкиртай уулзсаных банкны салбарын талаар асуулгүй өнгөрч болохгүй байх. Хямралын талаар бид бүгд ярьж бичиж байна, яг ийм цаг үед Монголын банкны салбарын ерөнхий төлөвийг Та хэрхэн харж байна вэ?

Азаар Монголын банкны систем олон улсын хөрөнгийн зах зээлтэй шууд уялдаа холбоотой биш. Нэг үгээр хэлбэл, Монголын банкууд олон улсын банк хоорондын зах зээлээс хамааралгүй гэж хэлж болно. Цаашлаад, Монголын банкууд өнөөг хүртэл олон улсын хөрөнгө оруулалтын банкуудаас гаргасан хөрөнгө барьцаалсан баталгаа болон хөрөнгө барьцаалсан зээлийн үүрэг хүлээгээгүй. Гэхдээ 2008 оны инфляцийн өсөлт, төгрөг валютын хэт хэлбэлзэл, Монголбанкны мөнгөний нийлүүлэлт багассан зэргээс үүдээд эдийн засгийн өсөлтийн удаашрал мэдрэгдэж байгаа. Энэ удаашрал нь Монголын банкны салбарын шалгуур болж байгаа юм. Сүүлийн үед Монгол улсын Засгийн газар болон бусад олон улсын санхүүгийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, нөөцийг тогтворжуулснаар арилжааны банкуудад шаардлагатай байгаа эх үүсвэрийг бий болгоно гэдэгт банкны салбарынхан итгэлтэй байгаа. Цаашлаад, одоо хэлэлцэгдэж буй уул уурхайн хоёр том төслийн гэрээний хэрэгжилт Монгол дахь хөрөнгө оруулалтын урсгалыг дахин сэргээн, банкны болон бизнесийн секторын үйл ажиллагааны хөгжилд ач тусаа өгөх байх. Банкны секторын хөгжлийн хувьд гэвэл Монголын банкуудын өрсөлдөөн нь шинийг сэдэх, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлэх зэрэгт байнгын түлхэц болж байгаа гэж би бодож байна. Хэдийгээр эдийн засгийн таагүй байдлаас шалтгаалан зээл олголт хангалтгүй байгаа ч хүмүүсийн банкинд итгэх итгэл алдраагүй хэвээр байна.

Гадаадын улс орнуудын Төв банкууд бодлогын хүүгээ бууруулж, зарим нь бүр тэглэж байна. Гэтэл Монголбанк бодлогын хүүгээ нэмж, чанга хатуу бодлого барьж байгаа нь манай нөхцөлд хэр нийцтэй, зөв бодлого вэ?

Монголбанк энэ оны 3-р сард бодлогын хүүгээ 9.75 хувиас 14 хувь хүртэл нэмсэн. Улс орон бүрийн эдийн засгийн бүтэц өөр өөр болохоор аливаа Төв банк өөрийн орны онцлогт тохирсон арга хэмжээг авч явуулах шаардлагатай байдаг. Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээ нь төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг тогтворжуулах зорилготой гэж би ойлгож байгаа. Энэ бодлогоороо Монголбанк хадгаламж эзэмшигчид төгрөгийн хадгаламжаа долларын хадгаламж руу шилжүүлэхийг багасгах, монголоос гарах валютын урсгалыг багасгаснаар валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгыг агуулж байгаа нь зөв л санаа. Түүнчлэн, зах зээлд шинээр их хэмжээний мөнгө нийлүүлэх нь монгол төгрөгийн ханшийг улам унахад хүргэнэ гэдэгтэй ч би санал нэгтэй байна. Гэхдээ заримдаа гаргасан шийдвэрийнхээ үр дүнг харахын тулд хүлээх хэрэг гардаг шүү дээ.

Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байгаа эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөн дээр Таны бодлыг сонсоё. Энд хамгийн анхаарал татсан нь олон улсын санхүүгийн захаас хөрөнгө татах асуудал байсан, Монголын Засгийн газар үүнийг хийхэд хэр хүндрэлтэй гэж та бодож байна вэ?

Хямралыг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөнд 1.5 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоолол гарсан байсан, хэрэв 2009 оны төсвийн алдагдлыг 6 хувь болтол бууруулж чадвал ОУВС, Дэлхийн банкнаас өгөх 224 сая ам.долларын дэмжлэггүйгээр Засгийн газар дангаараа энэ хөрөнгийг босгох боломжгүй л дээ. Тэгэхээр гаднаас хөрөнгө татах зайлшгүй шаардлага байна гэсэн үг. Олон улсын донор байгууллагуудаас 200 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх боломж байгаа талаар бас яригдаж байсан. Харин бусад эх үүсвэрийг арилжааны гэрээ хэлэлцээрээс татах шаардлага урган гарч байгаа юм. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан дотоодын зах дээр бонд гаргах асуудлын хувьд гэвэл банкуудын зээл олголт бага байгаа энэ үед мөнгөний хомсдлыг улам бүр нэмэгдүүлэх тул боломжгүй зүйлийн нэг. Монгол улс хэзээ ч гадаадын хөрөнгийн зах дээр үйл ажиллагаа явуулж байгаагүй, харин иймэрхүү үйл ажиллагаа явуулах хандлага гарч иртэл нөхцөл байдал нь таатай биш байна. Ялангуяа, олон улсын үнэлгээний байгууллагуудаас Монголд өгсөн үнэлгээний зэрэглэл доогуур байгаа нь үүнд гол нэрмээс болж байгаа. Харин үүний оронд өөрийн хөрш, олон жилийн туршид түнш байсан Орос, Хятад орноос хөрөнгө татах оролдлого илүү хийх нь амжилттай болох магадлалтай. Үүний нэг жишээ бол Оросын Засгийн газраас газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд зориулан олгохоор болсон зээлийг дурьдаж болох юм.

Таны ярианаас залгуулаад асуухад танай банк олон улсын зах дээр бонд гаргаж байсан санагдаж байна, бондыг дахиж гаргах уу? Мөн Та Монгол улсын үнэлгээний зэрэглэл доогуур байгаа гэлээ, арилжааны банкууд ч бас үнэлүүлээд тааруу үнэлгээ авсан тухай яригдаж байсан, танайх хамгийн сүүлд хэзээ, ямар үнэлгээ авсаныг сонирхож болох уу?

Та надаас хоёр асуулт асуулаа. Эхнийхэд нь хариулахад ХХБ 2007 оны эхээр 75 сая ам.долларын бонд гаргасан тэр цагаас хойш олон улсын хөрөнгийн зах зээлээс нэмж хөрөнгө татах боломжийг хайсаар байгаа. Энэ ч утгаараа өнгөрөгч 6-р сард ХХБ-ны Европын дунд хугацааны үнэт цаас гаргах хөтөлбөрийн хэмжээг 300 сая ам.долларт хүргэсэн байгаа. Харамсалтай нь, олон улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал үнэт цаас анхлан гаргаж байгаа орнуудад тийм ч таатай бус байна. Бид энэ оны эцэс юмуу 2010 оны эхэн үед дахин үнэт цаас гаргах боломж бүрдэнэ гэдэгт найдаж байна. Дараагийн асуултын хувьд, олон улсын үнэлгээний байгууллагууд Монголын зарим арилжааны банкуудын үнэлгээг бууруулсан боловч ХХБ "тогтвортой сайн" гэсэн үнэлгээгээ хэвээр хадгалж үлдэж чадсан. Өөрөөр хэлбэл, бид 2007 онд анх олон улсын Moody s Investors Service байгууллагаас Ba2 үнэлгээг авч байсан, дараа нь 2008 оны 12-р сар, 2009 оны 2-р саруудад энэ үнэлгээгээ бататган, тус байгууллага ХХБ-ны үйл ажиллагааг "тогтвортой сайн" гэж дахин үнэлсэн нь ХХБ-ны хувьд, харилцагчдын маань хувьд ч баяртай мэдээ юм.

Баяртай мэдээг харилцагчид тань сэтгэл хангалуун хүлээн авсан байх. Харин зээлийн хувьд ХХБ ямар бодлого баримталж байгаа вэ? Уг нь бол ХХБ хамгийн том зээлдэгч гэдгээрээ онцгой байхаа?

Дотоодын зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт бага байгаа өнөөдрийн нөхцөл байдалд ХХБ хангалттай төлбөр түргэн гүйцэтгэх чадвартай байх үүднээс нийт зээлийн багцийг өсгөх бодлого баримтлахад хүрсэн. Гэсэн ч бид банкныхаа байгууллагын харилцагчдын бизнесийн үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилласаар байна. Үнэхээр таны хэлснээр ХХБ хамгийн өндөр дүнтэй зээлжилтийг олгодогоороо тэргүүлсээр ирсэн. Бид өнөөдөр Монголын 360 гаруй том корпорациудтай хамтарч ажиллаж, нийт байгууллагын зээлийн зах зээлийн 25 хувийг эзэлж байгаа нь ХХБ одоо хүртэл хамгийн том зээлдэгч хэвээр байгааг харуулж байгаа хэрэг юм. Бид үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа л эдийн засгийн салбарын хөдөлгөч хүч болсон байгууллагын хэрэглэгч нарт голчлон үйл ажиллагаагаа чиглүүлсээр ирсэн ба энэ салбар нь нийт зээлийн болон хүүгийн орлогын дөрөвний гурван хувийг эзэлж байна. Сүүлийн үед томоохон корпорациудын зэрэгцээ жижиг, дунд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулж, салбаруудаараа дамжуулан жижиг зээлийг илүүтэй олгож байгаа. ХХБ-ны ашигт ажиллагаа, хөрөнгийн найдвартай суурь нь Монголын томоохон компаниудын байнгын түшиг тулгуур байсаар байх болно гэдэгт бид итгэлтэй байна. Сүүлийн саруудад эдийн засгийн өсөлт удааширснаас олон компаниудын өсөлт буурсан хэдий ч, өөдрөгөөр урагш харах юм бол уул уурхайн төслүүд хэрэгжиж эхлэхээр шаардлагатай дэд бүтэц, барилгын төслүүд хэрэгжиж, байгууллагын болон жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдан, тэднийг санхүүжүүлэх зах зээл ч өсч, бизнесийн бүхий л үйл ажиллагаанд түлхэц болох юм.

Та ХХБ-ны Ерөнхийлөгчийн зэрэгцээ Монголын Ипотекийн Корпорацийн ТУЗ-ийн дарга. Зээлийн хямрал болсон цагаас хойш танай корпорацийн үйл ажиллагаа ямар байгаа вэ?

Тийм ээ, би 2006 онд Монголын арилжааны 10 банк болон Монголбанктай хамтран орон сууцны хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан Монголын Ипотекийн Корпораци (МИК)-ийн ТУЗ-ийн даргын албыг бас хашдаг. Өнгөрсөн хоёр жилийн туршид МИК өөрийнхөө нөөц хөрөнгөөр 3 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг Монголын банкуудаас худалдан аваад байна. МИК бол гадаадын хөрөнгө оруулагчдыг орон сууц барьцаалсан үнэт цаас худалдан авахад оролцуулах гол зорилготой байсан юм. Гэтэл орон сууцны хоёрдогч зах зээлийн хямрал болон орон сууц барьцаалсан үнэт цаастай холбоотой асуудлуудын улмаас ийм хөрөнгө оруулагчдыг татахад хүндрэл үүссэн. Гэсэн хэдий ч Германы German KfW банк МИК-д үйл ажиллагаагаа хэвийн явуулах, банкуудын орон сууцны зээлийг худалдан авахад туслах зорилгоор 5 сая гаруй еврогийн дэмжлэг үзүүлэх болсон. Энэ хөрөнгө оруулалт ирэх зуны дундуур хийгдэх байх. Мөнгөний нийлүүлт багассанаас болж банкуудын шинээр орон сууцны зээл олгох боломж буурсан ч иргэдэд орон сууц худалдан авах хэрэгцээ байсаар л байгаа, ялангуяа Улаанбаатарт асар их байна. Иймээс Монголын арилжааны банкуудад урт хугацаатай орон сууцны зээл олгох санхүүжилт хэрэгтэй байгаа юм. Монголбанк болон Монголын Банкуудын холбоо нь МИК-тай хамтран ажиллаж байгаа ба Монголын банкуудын зээлжих чадварыг нэмэгдүүлэх зорилгоор МИК банкуудаас илүү олон орон сууцны зээлүүдийг нь худалдан авах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бүх талууд ард иргэдийг өөрийн орон сууцтай болоход туслах нь нэн чухал болохыг ойлгож байгаа.

Ярилцсанд баярлалаа.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих