Интернэт банк Харилцах дансны хуулга Картын дансны хуулга Интернэтээр данс нээх

Бидний дуу хоолой

          А.Дэлгэрсайхан
Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал

“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ”-ЫН ҮРИЙГ ТАРИГЧ

Би 1995 онд дээд сургуулиа төгсөөд ХХБ-нд анх ажилд орсноор ажил мэргэжлийн арвин туршлагатай, чадварлаг сайхан хамт олонтой мөр зэрэгцэн ажиллах болсон билээ.

Манай банк гадаад харилцаа, төлбөр тооцоогоор системдээ тэргүүлэгч байж,  олон шинэлэг зүйлсийн “анхдагч” нь байсны дотор олон улсын банк санхүүгийн байгууллагуудын төлбөр тооцооны сүлжээ-SWIFT-д хамгийн анх нэгдэж орсон, дэлхийн томоохон банкуудтай хамтран олон улсын төлбөрийн картыг нэвтрүүлсэн, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг Монголд анх хэрэгжүүлсэн зэрэг томоохон ажлуудыг нэрлэж болох юм.

ХХБ өнөөдөр тогтвортой үйл ажиллагаатай, харилцагчдынхаа итгэлийг бүрэн дааж чадсан Монгол улсын хүчирхэг арилжааны банк болж хөгжсөн нь удирдлагын зөв мэргэн бодлого, ажилтнуудын мэргэжлийн өндөр ур чадвар, байгууллагын дотоод дэг журам, эмх цэгц, ёс суртхуун зэргийн нэгдэл болсон “байгууллагын соёл”-ыг бий болгон төлөвшүүлж чадсантай холбоотой гэдэгт олон хүн санал нэгддэг билээ.

ХХБ-ны ажилтан залуус харилцагчаа үргэлж хүндэтгэн дээдэлдэг, найрсаг үйлчилгээ, шуурхай байдлаараа бусдаас ялгардаг нь тус банкны  уламжлалт брэнд “Байгууллагын соёл”-ыг улам тодотгон харуулж байдаг юм.

Баасандаваагийн Басхүү
Санхүүгийн удирдлага хяналтын газрын банкны ажилтан

ХХБ бол хамгийн ухаалаг, шилдэг менежменттэй банк

Оюутан байхдаа банкуудын ашигт ажиллагаа, актив, пассивын удирдлага, капиталын бүтцийн оновчтой менежмент, сайн засаглалын индекс зэргээр нь банкуудын харьцуулсан шинжилгээ, бие даалтууд  хийж байх явцдаа л тэдгээрийн үр дүнгээс Худалдаа, хөгжлийн банк бол хамгийн том биш ч хамгийн ухаалаг, шилдэг менежменттэй, олон улсын шилдэг үйлчилгээг нэвтрүүлэгч  банк юм байна гэсэн хөдлөшгүй ойлголттой болсон юм. Тэр үед Монгол улсын санхүүгийн салбарын хөгжилд их хувь нэмрийг оруулагч тус банкинд ажиллах эрмэлзлэлтэй болсон гэж боддог.

Үүнээс гадна би залуу хүн болохоор өдрөөс өдөрт их бага аль боловч зогсолтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлж, энэ мэргэжилдээ эзэн болох нь миний хувьд юунаас ч илүү чухал. Тиймдээ ч  надад эдийн засгийн болоод мэдлэг оюуны хамгийн өндөр өгөөж өгч чадах байгууллага бол ХХБ гэж бодсоны үндсэн дээр банкиндаа ажиллахаар шийдсэн юм. Би хэдийгээр ажиллаад удаагүй ч маш их зүйлийг сурч байгаа. Манай банкинд Монголын хамгийн оюунлаг, шилдэг залуус ажилладаг гэж би боддог. Тэднээс суралцаж, хамтдаа хөгжиж, хамтран ажиллаж түүнийхээ үр шимийг хүртэж байгаадаа баяртай байна. 

Мухаршарын Энхдулам
Зайсан тооцооны төвийн үйл ажиллагааны ахлах ажилтан

Өглөө бүр ажилдаа урам зориг дүүрэн, яаран ирдэг

Миний бие 2007 онд босго өндөртэй Монгол улсын тэргүүлэгч банкны нэгэн гишүүн нь болж орсноо хувь тавилан, аз гэж боддог. Ажлын гараагаа дадлагажигч ажилтнаас эхлэж лавлагаа мэдээллийн ажилтан, банкны ажилтан, банкны ахлах ажилтан зэрэг албан тушаалуудыг хашиж ирсэн ба одоо үйл ажиллагааны ахлах ажилтаны албыг хашиж байна.

Би өглөө бүр ажилдаа ирэхдээ урам зориг дүүрэн, ажилдаа яаран яаран ирдэг болохоор манай хамт олон ч бас миний нэгэн адил ажилдаа ирэхдээ инээмсэглэл дүүрэн, урам зоригтой ирдэг гэдэгт би эргэлзээгүй итгэдэг.

Гүйцэтгэх удирдлагууд ажилтнуудаа залуу хүн, ажилд ороод удаагүй гэлтгүй ажил мэргэжилдээ гаргасан амжилтыг нь шударгаар үнэлж цаашид ажиллахад нь урам зориг, эрч хүч өгдөг юм. Учир нь 2010 онд банкныхаа шилдэг ажилтнаар шалгарсан тэр мөч намайг ингэж дүгнэхэд хүргэсэн юм.

Би ХХБ-ндаа ажилласнаар банкныхаа бага хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдан орон сууцныхаа нөхцөлийг сайжруулсан бөгөөд банкны зүгээс ажилтнуудад зориулсан сургалт, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үзүүлж буй дэмжлэг зэрэгт хамрагдсан нь миний амьдралд бодитой хувь нэмэр болж байна.

Төмөртогоогийн Энхжаргал
Байгууллагын банкны газрын данс хариуцсан ажилтан

Бид мянгуулаа хэрнээ яг  нэг хүн шиг нэг зорилгын төлөө...

Анх 1996 онд ХХБ дээр дадлага хийж байхдаа заавал энэ банкинд ажилд орно гэж хүсч байснаа одоо бодоход сайхан санагдаж байна. Миний амьдралын салшгүй нэг  хэсэг нь  болсон энэ банкны байгууллагын соёл, хүмүүжил надад их нөлөө үзүүлсэн төдийгүй миний сайн сайхан амьдарч байгаа маань миний ажлын минь ач, банкны минь буян  гэж боддог.

Манай банкны ахмад ажилтнууд үнэхээр сайхан улсууд байдаг юм шүү. Залуучууд бидэнд сургаалтай өөрийн сурсан мэдсэнээ харамгүй хайрладаг. Тиймээс тэдгээр ахмадуудаа хүндэтгэж, хайрлаж явдаг бөгөөд шинэхэн ажилтнууд минь үүнийг байнга санаж яваасай гэж хүсдэг юм.

Бид мянгуулаа хэрнээ яг  нэг хүн шиг нэгэн зорилгын төлөө зүтгэж, хамтарч чаддаг нь үнэхээр гоё.

Лхагвадоржийн Хонгорзул
Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн банкны ажилтан

“Би ХХБ-нд ажилладаг”-таа үргэлж бардам, сэтгэл хангалуун байдаг

Би 21 настай. 2011 оны хавар МУИС-ын ЭЗС-ийг Банкны эдийн засагч мэргэжлээр дүүргэж, Монгол улсынхаа арилжааны банкуудыг өөрийнхөө хэмжээнд судалсны үндсэн дээр ХХБ-нд л цаашид ажиллах болно гэсэн зорилготой болж үүгээрээ ч оюутны танилцах болон үйлдвэрлэлийн дадлагуудыг банкиндаа хийж байлаа.

Оюутнууд дадлагын хугацаанд цаашид банкны аль чиглэлээр өөрийгөө боловсруулах, ажиллах зэргээ сонгоход уг дадлага маш их үр өгөөжтэй санагддаг. Би ч мөн дадлагынхаа хугацаанд хичээл дээрээ үзсэн онолын мэдлэгийг практикаар улам бататгаж банкны секторт тэр тусмаа ХХБ-нд ажилд орохоор эрс шийдсэн юм. Манай банкны хүний нөөцийн бодлого ч маш уян хатан учраас өөрийгөө бүрэн таниулж чадвал сонгосон мэргэжлээрээ, сонирхсон газар хэлтэс, салбартаа ажиллах боломж үргэлж нээлттэй байдаг ба надад ч мөн энэ боломж олдсонд би маш их баяртай байдаг. “Би ХХБ-нд ажилладаг” гэж хүмүүст хэлэхдээ үргэлж бардам, сэтгэл хангалуун, бахархалтай байдаг билээ.

Жаалхүүгийн Мөнхцацралт
Дархан салбарын захирал

Амьдралын минь хүнд үед сэтгэл санаа, мөнгөн тусламж үзүүлсэн банкны хамт олондоо үргэлж талархдаг

Миний бие 1991 онд ОХУ-ын Эрхүү хотын УААА-н дээд сургуулийг  банкны эдийн засагч мэргэжлээр төгсч ирээд Дархан-уул аймгийн Монгол Даатгал банкинд хянагч нябогоор орж ажлын гараагаа эхэлсэн.

1996 оны 8-р сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хянагч нябо, ерөнхий нябо, ахлах ДХАжилтан, салбарын захирлаар Дархан-уул аймагтаа ажиллаж, амьдарч байна.

2008 онд Гүйцэтгэх захирлын тушаалаар Улаанбаатар хотод Сансар салбарын захирлаар томилон ажиллуулсан нь орон нутгийн салбараас Улаанбаатарын салбаруудын онцлог ялгааг харах, шинэ орчинд дасан зохицох, Төв банктайгаа хэрхэн ажиллах талаар ажлын туршлагыг надад өгсөн. Сансар салбарт ажиллах хугацаандаа цөөхөн хүнтэй ч чадварлаг хамт олон болж үзүүлэлтээ дээшлүүлсэндээ хамтран ажиллагсаддаа баярлаж явдаг.

Мөн намайг хүнд өвчин тусч, эмчилгээнд явахад сэтгэлээрээ болон мөнгөн тусламж өгч  дэмжиж байсан банкныхаа нийт ажилтнууддаа энэ ялдамд баярлаж талархаж явдагаа илэрхийлье.

2009 онд Дархан салбарын захирлаар томилогдон ирэхдээ салбарынхаа ажлын үзүүлэлтийг дээшлүүлэх,чанаргүй зээлийг барагдуулах,банкнаас өгсөн төлөвлөгөөг давуулан биелүүлэхээр хамт олныхоо хамт хичээн ажиллаж байна.

Энх-Амгалан овогтой Алтангэрэл
Тусгай аудитын хэлтсийн ахлах аудитор

Бяцхан үрс минь хүртэл ХХБ-аар бахархдаг

Манай банкны логог харах бүртээ “Хараач, аавын ажлын газар” гэж миний бяцхан охин бахархдаг. Үүнтэй адил энэ банкинд ажилладаг хүн бүр, тэдний бяцхан үрс ч аав ээжийнхээ ажлаар бахархдаг гэдэгт би эргэлзэхгүй байна.    

ХХБ хэмээх их айлын босгыг 2003 онд алхан орж байсан үе минь саяхан мэт санагдавч нэгэнт арваад хаврыг ардаа үджээ. Дөнгөж КТМС-ийг төгссөн программист мэргэжилтэй залуугийн хувьд банкны системийн талаарх мэдлэг дутмаг, ажил хөдөлмөрийн дадлага туршлага бага, банкинд ажиллаж чадах эсэхээ ч сайн мэдэхгүй байлаа. Харин Мэдээлэл технологийн газарт ажиллах хугацаандаа мэдлэг, чадвар өндөртэй хамт олноосоо бүхий л зүйлсийг сурч байсан нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгсөн юм.

2009 оноос банкныхаа Дотоод аудитийн газарт аудитороор ажиллах болсон нь урам зоригийг минь бадраасан төдийгүй, банкны тэргүүлэгч нэр хүнд, ажилтнуудын эелдэг боловсон харьцаа, байгууллагын соёл, ажил мэргэжлийн ур чадвар, нийгмийн хариуцлага зэрэг нь банкиндаа улам их хичээн ажиллах хүчийг нэмдэг билээ.

Болдын Эрдэнэтуяа
Санхүүгийн удирдлага, хяналтын газрын санхүү хариуцсан банкны ахлах ажилтан

ХХБ-наас ажил мэргэжлийн хүмүүжил, төлөвшлөө олж авсан

Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Өөрийнхөө зорьсон зорилгодоо хүрч, хүссэн мэргэжлээ эзэмшиж, хүссэн ажилдаа орж чадсан. 

Анх 10 жилийн сургуулиа төгсөхдөө л СЭЗДС-д заавал элсэж, санхүүгийн мэргэжлээр сурах, дараа нь их сургуульдаа орж банкны ангид суралцаж байхдаа Монголын хамгийн том банк болох ХХБ-нд ажилд орох зорилго тавьж, бүгдийг нь биелүүлж билээ.

Түүнээс хойш 11 жил өнгөрч, загнуулах үедээ загнуулж, уйлах үедээ уйлж, баярлах үедээ баярлаж нэгэн айлын хүүхдүүд шиг л хамт олонтойгоо ижилдэн дассан байна. Одоо бодоход ажилд орж байх үе маань маш хэцүү байсан юм шиг хэрнээ тэр үеийн ажилчид, ахмад үеийнхэн маань ажлын хариуцлага, хяналт, банкны ажил гэдэг чинь ийм зүйл байдаг юм гэдгийг ой тойнд маань ортол мэдрүүлж өгчээ гэдгийг ойлгосон юм.

Хүүхэд эцэг эхээсээ өөрийн бие хүн болох төлөвшил, хүмүүжлийг олж авдаг шиг би ХХБ-наас өөрийн ажил, мэргэжлийн хүмүүжил, төлөвшлөө олж авсан гэж боддог.

Лхагвасүрэнгийн Одонтуяа
Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн эрсдэлийн ахлах шинжээч

ХХБанк-МӨРӨӨДЛИЙН ХӨЛӨГ ОНГОЦ

2006 он. ХХБ банк санхүүгийн системд анх удаа Эрсдэлийн удирдлагын газар, нэгжийг бий болгож, түүнийгээ өргөжүүлэн салбар, тооцооны төвүүд дээрээ Эрсдэлийн шинжээчдийг ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу нэгэн зэрэг 17 эрсдэлийн шинжээчийн хамт сургалтанд хамрагдсаны нэг нь би байлаа.

Ажилдаа ороод дөнгөж 20 гаруй хоносны дараа банкны шинэ жил болж, Ерөнхийлөгч  Р.Коппа захирал маань сугалаа сугалж, намайг “Супер азтан” болгож, Хайнан арлаар аялах эрхийн бичгээр шагнуулж байсан минь мартагдашгүй сайхан дурсамж юм.  

Хүний амьдрал өдөр бүр цаг мөч тутам шийдвэрээр дүүрэн байдаг хэдий ч амьдралаа нэр төр, амжилттайгаар хөтлөн явуулах хамгийн том шийдвэрүүдийн нэг нь хүн мэргэжлээ сонгон, сонирхож мөрөөддөг ажлаа хийх гэж боддог. Ингээд бодохоор маш том сонголтыг зөв хийж энэ байгууллагын нэгэн үеийн түүчээ болон ажиллаж байгаа миний хувьд нэр төрийн хэрэг билээ.

Монголын банкны салбарт 20 гаруй жил тэргүүлсээр ирсэн ХХБ маань орчин цагийн мэдлэг боловсрол оргилсон залуусын мөрөөдлийн онгоц хэвээр байхын ерөөл өргөе.

Дэлгэрсуурийн Буянбат
Дорноговь салбарын захирал

Миний төрсөн өдөртэй банкны төрсөн өдөр давхцдаг нь бэлгэшээлтэй

2003 оны сүүлээр би тогтвортой ажиллах ажил хайж байлаа. Яг энэ үед ХХБ ажилтан авах зар явуулсан юм. Ингээд шалгалт өгч түр теллерээр ажилд орлоо. 2000 онд Ж.Цэрэнноров захиралтай Дорноговь салбар үүсгэн байгуулагдсанаас хойш шинээр ажилтан ороогүй байсан бөгөөд 2004 онд намайг ороход банкны ажилтнууд бүгд халуун дулаан сэтгэгдэлтэй угтан авсан нь одоо ч мартагддаггүй.

Монголын №1 банк болох ХХБ-ны ажилтан болсондоо би өнөөдрийг хүртэл өөрийгөө азтайд тооцож явдаг. Тэр ч байтугай 10-р сарын 19-нд банкны төрсөн өдөртэй миний төрсөн өдөр давхцдаг нь бэлгэшээлтэй, басхүү миний хувь тавилан банктай салшгүй холбоотой юм шиг санагддаг.

Манай банкны хүний нөөцийн бодлого, цалин хангамж, ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр бусад банктай харьцуулахад үргэлж илүү байж ирсэн.

Чи л хичээж,  чи л хариуцлагатай байж, амжилттай ажиллаж чадвал TDB чамайг сайхан амьдралд хүргэж, өсөн дэвжих гүүр болж чадна гэдэгт би үргэлж итгэлтэй байдаг.

2012-05-14

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Арилжааны банкууд болон Монголбанк, Сангийн яамны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон явагддаг “БАНКИР 2013” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ удаад Худалдаа, хөгжлийн банк зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Монгол улс дахь худалдаа, түүхий эдийн санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн олон улсын бага хурлыг GTR (Global Trade Review), Exporta групп 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Дэлхий даяар 79 сая карт эзэмшигчтэй, өргөн сүлжээ бүхий JCB картыг 1994 оноос Худалдаа, хөгжлийн банк төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

 
  Банк | Мэдээ, мэдээлэл | Ханш | Шагнал | Банкны салбарууд | ХХБ-ны АТМ-ын байршил | Холбоо барих | Сайтын бүтэц © Copyright 2013. Trade & Development Bank.